Цэс Close

Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт оногдуулсан ялыг хэвээр үлдээв

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Д.Хурц-Эрдэнэ, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт холбогдох хэргийг шүүгдэгчид, тэдний өмгөөлөгчдийн гаргасан гомдлын дагуу 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Дээрх нэр бүхий  шүүгдэгчид бүлэглэн Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт иргэн Н-ын гэрт нэвтэрч, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн "Ямандаг", "Дамдинчойжоо" бурхдыг дээрэмдсэн, Д.Хурц-Эрдэнэ нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт албан үүргээ гүйцэтгэж яваа хууль сахиулагчийг хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.  

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгчдийг бүлэглэж бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэн, хүч хэрэглэхээр заналхийлж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн,  Д.Хурц-Эрдэнийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Д.Хурц-Эрдэнэд 9 жил хорих, Ц.Доржсүрэн, Г.Бат-Эрдэнэ нарт тус бүр 8 жил хорих ял оногдуулсан байна.

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах