Цэс Close

Есдүгээр сарын 1-нээс хүн олноор цуглардаг гудамж, талбайгтусгай тоног төхөөрөмжөөр ариутгаж, халдваргүйжүүлнэ

НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис даргалж, Дүүргийн онцгой комиссын шуурхай штаб болон дүүргийн Эрүүл мэндийн төвийн удирдлагуудтай цахимаар хуралдлаа.

Хурлаар коронавируст халдварын дельта хувилбарын тархалт, дархлаажуулалтын гуравдугаар тун, тандалт шуурхай хариу арга хэмжээнд ажиллаж буй хүний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдал, шаардагдах төсөв, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилт зэрэг асуудлыг хэлэлцэв.

Коронавирусийн дельта хувилбар нь 60 хувь илүү хурдтай тархах магадлалтай тул батлагдсан тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн орны ачаалал, гэрийн тусгаарлалт, хяналт, гэрээр эмчлэгдэх иргэдийн тоо ихсэх нь зайлшгүй.

Иймд тандалт, хариу арга хэмжээнд нэн шаардлагатай түргэвчилсэн оношлуур, тоног төхөөрөмж, хамгаалах хувцас хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, ажиллах хүн хүч болон бусад зардалтай холбоотой асуудлыг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж танилцуулсан юм.

Мөн Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хичээлийн жилийн үйл ажиллагаа эхлэхтэй холбогдуулан сургууль, цэцэрлэгт халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж ажиллах зохион байгуулалтын арга хэмжээ, багш, эмч нарт зориулсан цахим болон танхимын дадлага сургалтын талаар мэдээлэл хийв.

Энэ үеэр хүүхдийг халдвараас сэргийлэх, тандалт хийх, хариу арга хэмжээг сургууль, цэцэрлэгт эрчимжүүлнэ гэдгийг онцоллоо. Түүнчлэн Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга Т.Золжаргал аж ахуйн нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулж ажилласан талаар танилцуулсан юм.

Хурлын төгсгөлд НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис холбогдох албан тушаалтнуудад хэлэлцсэн асуудалтай уялдуулж, хугацаатай үүрэг даалгавар өглөө.

Их, дээд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлж, халдварын тархалт нэмэгдэх өндөр эрсдэлтэй байгаа тул тандалт хариу арга хэмжээ, хүн хүчний нөөц, техник хэрэгслийн бэлэн байдлыг хангахад Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Дүүргүүдийн шуурхай штаб, Эрүүл мэндийн төвийн удирдлагууд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.

Сургууль, цэцэрлэгийн хариу арга хэмжээний багийн гишүүд, эмч нарын судалгааг гаргаж ГЭРЭГЭ системд нэвтрэх эрх олгон, сургууль, цэцэрлэг бүрийн халдвараас сэргийлэх, хариу арга хэмжээг зохион байгуулах бэлтгэл, бэлэн байдал хангагдсан эсэхэд хяналт шалгалт зохион байгуулж есдүгээр сарын 1-ний дотор мэдээлэхийг Нийслэлийн Боловсролын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын удирдлагад үүрэг болголоо.

Түүнчлэн хүн олноор цуглардаг нийтийн эзэмшлийн гудамж, талбайн ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай тоног төхөөрөмжөөр есдүгээр сарын 1-ээс аравдугаар сарын 15-ны өдрүүдэд зохион байгуулахыг даалгав.

Мөн “Хариуцлагын гэрээ” байгуулан үйл ажиллагаагаа эхлүүлсэн аж ахуйн нэгжид халдвар хамгааллын дэглэм мөрдөж ажиллаж байгаад хяналт шалгалт хийж, сайн мөрдөж байгааг сурталчлан таниулах, мөрдөхгүй байгаад хариуцлага тооцон ажиллах юм.

Нэмэлт гурав дахь тунд зорилтот бүлгийн иргэдийг хамруулж эхэлсэнтэй холбогдуулж дархлаажуулалтын цэгийн тоог нэмэгдүүлж, иргэдийг сайн дурын үндсэн дээр хамруулах ажлыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгов.

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах