Цэс Close

Жендэрийн мэдрэмжтэй Сайд

Дэлхийн эдийн засгийн форумаас жил бүр гаргадаг "Жендерийн тэгш байдлын индексийн" үзүүлэлтээр манай улс 146 орноос 70 дугаар  байрт жагсжээ. 2022 оны долдугаар сарын байдлаар жендерийн тэгш байдлаараа дэлхийд тэргүүлж буй эхний  арван байранд Исланд, Финланд, Норвеги, Шинэ Зеланд, Швед, Руанда, Никарагуа, Намиби, Ирланд, Герман улс орсон байх юм. Харин манай улс 715 оноогоор 70 дугаар байранд орсон юм байна.

Жендер гэж ярихаар эмэгтэйчүүд л өөрсдийгөө дөвийлгөх гээд байна гэсэн өрөөсгөл хандлага бий болоод удсан. Жендерийн тэгш байдал гэдэг эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай адилхан тэгш боломж, эрх эдлэхийг хэлж байгаа юм.

2024 оноос УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор зохион байгуулж, 78 гишүүнийг мажоритар, 48-ыг нь пропорциональ хэлбэрээр сонгоно. Сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна, намын жагсаалтад 1:1 буюу эрэгтэй, эмэгтэй нэр дэвшигчийг сөөлжилж байршуулна хэмээн тусгачихаад буй.  Яг одоо хэлэлцэж байгаа Сонгуулийн хуульд хүйсийн тэгш төлөөлөл 30 хувь байх уу, 40 байх уу гэдгийг шийдэх хүмүүсийн 83 хувь нь эрэгтэйчүүд. Намууд нэр дэвшүүлэхэд тэгш төлөөллийг хангах 40 хувийн квотыг эхний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороон дээр унагасан. Гэсэн ч өчигдөр Ж.Сүхбаатар гишүүн дэмжиж оруулж ирснээр чуулганы хуралдаан дээр дэмжигдлээ. Тиймээс өчигдрийн тухайд тэр хамгийн жендэрийн мэдрэмжтэй гишүүн, Сайдаар нэрлэгдэв.  Нэг ёсондоо нэр хүнд нь суга өслөө.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар аль 2011 онд Сонгуулийн хуулийн төсөлд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байхдаа эмэгтэй нэр дэвшигчдийн квот 15-аас доошгүй хувь гэж байсныг 20-иос доошгүй хувь болгох цаашид 30-аас доошгүй болгох санаачилга, лобби хийгээд явж байсан удаатай. Үүнийгээ ч батлуулж, үр дүнд нь 2012 оны сонгуулийн дараа эмэгтэй гурван гишүүн 11 гишүүн болж амжилт ахиц гарсан түүхтэй. Түүнээс хойш эмэгтэй гишүүдийн тоо тогтмол 10-аас дээш байж ирсэн.

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар "Энэ хууль бол ихээхэн сонирхлын зөрчилтэй хууль гэгддэг. Учир нь, УИХ-ын гишүүд өөрсдийгөө сонгох дүрмийг шийддэг, бусад нам эвсэл, нэр дэвшихээр горилж байгаа хүмүүсийн эрх ашгийг хөнддөг. Том агуулгаар нь харвал, Монгол Улсын нийт иргэн, сонгогчдын эрх ашгийг хөнддөг хууль. Тиймээс олон янзын үзэл бодол хэлэлцүүлгийн үеэр гарна. Намын бүлэг, УИХ-ын гишүүн, иргэд, нийгмийн бүлэг, төлөөллийн ашиг сонирхол, зарчим хөндөгдөнө. Энэ бүхэн энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр ил тод яригдана. Ардчилсан нийгэмд сонирхлын зөрчлийг үгүйсгэдэггүй. Ил тод байлгаж, гагцхүү зохицуулах арга механизмыг хайдаг учирт л ардчилал оршин тогтнодог. Ярилцъя, хэлэлцье гэдэг талбар бол парламент юм. Сонгуулийн хууль хэлэлцэнэ гэдэг нь Засгийн эрх ард түмний мэдэлд байна гэх зарчимд багтана гэсэн үг. Тиймээс олон янзын санал гарна. Намын санал ч тусгагдана. Хувь гишүүний бодол ч яригдана. Энэ талаасаа бид ярилцах байх. Олон сонирхол мөргөлдөх учраас саналаа хэлнэ, тэр нь хэлэлцэгдэнэ, тусгагдана. Ингэж байж төрийн бодлого болно. Сонгуулийн тухай хуулийн гол фокус нь эмэгтэйчүүдийн квот. 2012 онд Жендерийн эрх тэгш байдлын тухай хууль батлагдан гарсан. Энэ хуульд Монголын төрийн бодлого туссан. Үе үеийн Ерөнхий сайдууд Жендерийн үндэсний хорооны дарга болдог. 2021 оны 3 сарын 25-нд 77 дугаар захирамжаар “Бодлогын зөвлөл”-ийг байгуулсан байдаг. Энэ зөвлөлд нь УИХ-ын эмэгтэй гишүүд, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, тэдний зөвлөхүүдээс гадна УИХ-д суудалтай намуудын төлөөлөл багтдаг. Өнгөрсөн оны 9 сарын 16-нд Зөвлөлийн анхдугаар хуралдааныг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй гишүүд хийж, Сонгуулийн хууль дахь квотын асуудал, Намын тухай хууль, дотоод ардчилал, жендерийн асуудал, санхүүжилт гэх мэтээ хөнджээ. Энэ зөвлөлийн гишүүд ярилцаж байгаад, “Жендерийн лобби бүлэг” байгуулж 13 жилийн өмнөөс л энэ тухай асуудлыг ярьсан хүн гэдэг утгаар нь надаар ахлуулах санал гарч, дэмжсэн байна. Тэгэхээр ийм лобби бүлэг байгуулагдсан байгааг та бүхэнд мэдэгдье. Манай улс Жендерийн эрх тэгш байдлынхаа үзүүлэлтээр дэлхийн 145 орноос 70 дугаарт жагсаж байна. Эрх мэдэл, үзүүлэлтээрээ 113-т орж байна. Азидаа 13.1 хувьтай гэдэг нь бүс нутагтаа ч доогуур байгааг харуулж байна. Сонгуулийн тухай хуулийн агуулга нь ганц хоёр намын эрх ашиг тусдаг, цөөн улстөрчдийн оролцоог хангах байдлаар хэлэлцэгддэг асуудал биш. Монголын нийт ард түмний үзэл санаа тусах ёстой. Тэр тусмаа жендерийн тэгш эрхийг хангах нь ганц эмэгтэйчүүдийн асуудал биш. 10 жилийн дараа эрэгтэйчүүдийн асуудал болж хувирах тооцоо судалгаа гарсан юм билээ шүү. Мянганы хөгжлийн зорилго гэдэгт Тогтвортой хөгжлийн зорилт гэж бий. Үүнд багтаж байгаа асуудал бол тэгш эрхийн оролцоо, жендерийн мэдрэмжтэй парламентыг төлөвшүүлэх тухай юм" гэсэн юм.

Монгол Улс 2005 онд түүхэндээ анх удаа эмэгтэйчүүдийг сонгуульд нэр дэвшүүлэх квотыг санаачилж улмаар 30 хувиар Сонгуулийн тухай хуульдаа тусгаж байлаа. Улмаар 2007 оны Сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр дээрх ардчилсан үзэл баримтлалаасаа ухарч квотын заалтыг хасаж байв. 2008 оны сонгуулиар УИХ-д гурван эмэгтэй гишүүн сонгогдож, 2012 оны парламентад 20 хувийн квот дэмжигдсэн. Харин энэ удаад Сонгуулийн тухай хуулийн 20 хувийн квотыг 40 хувьд хүргэх тухай хөндлөө. Монгол Улсын хүн амын 50.7 хувийг эзэлдэг эмэгтэйчүүдийн төлөөлөл парламентад 40 хүртэлх хувьд байх ёстойг тэр хэлээд буй.

Б.НОМИН

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах