Цэс Close

Загасны халдвар буюу хүнд халддаг паразит

Бух сугас, шивэр сугас, зоодой, улаан нүдэн загаснаас халдварлах боломжтой описторхоз буюу Opisthorchis "felineus" хэмээх паразит байдаг. ОХУ-д 1.5 сая гаруй хүн энэ халдвараар өвчилсөн тоо бий.

Сибирийн элэгний шимэгч гэх уг паразитаар халдварласан ихэнх хүмүүст эхлээд ямар нэг шинж тэмдэг /симптом/ мэдэгдэхгүй боловч тодорхой хугацааны дараа цөсний үрэвсэл, цөсний хүүдий томрох, хоол боловсруулах энзимын дутагдал, хордлого, аллерги үүсэх зэргээр хүндэрдэг. Цаашлаад цус алдалт, элэгний хатуурал, нойр булчирхайн үрэвсэл болоход нөлөөлдөг аюултай. Зарим тохиолдолд халдвар авсны дараа 2 сар хүртэлх хугацаанд халуурах, биеэр юм туурах, сульдах, амьсгалын замын үрэвсэл, гэдэс гүйлгэх гэх мэт огцом шинж тэмдгүүд илэрдэг байна.

Дийлэнх хүмүүс халдвар авснаа мэдэхгүй олон жил явснаас болж өвчнөө хүндрүүлэн сүүлийн шатанд орсон байх нь элбэг.Дээрх загаснуудаас гадна өөр загасны төрөл зүйлээс халдварлах боломжтой эсэхийг одоогоор олж тогтоогоогүй байгаа.Описторхоз паразит нь Орос болон баруун Сибирьт тархалт ихтэй. Манай улстай хил залгаа Алтайн бүс нутаг, Эрхүү мужид илэрч байжээ.

ОХУ-ын өөр нэгэн мужид 4 сарын хугацаанд гэхэд л 169 хүн өвчилсөн байдаг. Өмнө нь илэрч байгаагүй бүс нутагт илэрч байгаа аж. Өгийнуурт хийсэн судалгаагаар описторхоз илрээгүй ч 10 бүлгийн 43 зүйлийн өөр паразитууд илэрсэн байдаг байна. Уг шимэгчийг хүнд халдаадаг загасны төрлүүд манай улсад байдаг учраас олон хүн халдвар авсан байх магадлалтай. Та загасанд явдаг, загасны мах хүнсэндээ хэрэглэдэг бол зөвхөн энэ паразит гэлтгүй бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эмнэлэгт үзүүлэхэд гэмгүй.

эх сурвалж: Экологийн цагдаагийн алба

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах