Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Надад У.Хүрэлсүхийг дэмжих гурван үндэслэл байна

Ерөнхийлөгч сонгуульд нэр дэвшигч У.Хүрэлсүхийн сурталчилгааны нээлтэд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлэв. Тэрээр ковидгүй зуныг угтаж, Үндэсний их баяр наадмаа тэмдэглэнэ гэдэгт Ерөнхий сайдын хувьд бүрэн итгэлтэй байгаагаа илэрхийлээ.

“Тун удалгүй бид эдийн засгийнхаа маскыг эхэлж авсан дэлхийн гурван улсын нэг болно. Энэ зорилтыг вакцинжуулалтаар шийднэ.  Ард иргэдийнхээ аюулгүй байдлын төлөө  өргөсөн тангарагтаа үнэнч төрийн алба хаагчид, цагаан нөмрөгт баатрууддаа, дархлаажуулалтадаа идэвхтэй хамрагдсан хариуцлагатай иргэддээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлье.

Цар тахлыг эх орондоо алдалгүй 10 сар барьж өнөөдрийн вакцинжуулалттай золгуулсан,  вакцинжуулалтын гэрээг цаг алдалгүй хийж чадсан  нэр дэвшигч У.Хүрэлсүх таньд талархаж байгаагаа  бас илэрхийлье.

Цар тахлыг дотоодод алдаагүй 10 сар сүүлийн хоёр сар шиг байсан бол гэж төсөөлөх надад  хүнд байдаг. Бид өнөөдөр вакцинтай байгаа учраас ирээдүйгээ тодорхой төлөвлөх боломжтой байна.

Яагаад бид нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжих ёстой гэж. Олон шалтгаан бий.  Харин надад  гурван үндэслэл байна.

Нэгдүгээрт, Засгийн газрын тогтвортой байдал юм. Өнгөрсөн 30 жилийн турш  нэг Засгийн газрын тогтвортой нас 1.5 жил байлаа.Эхлүүлсэн ажил ихтэй ч дуусгасан нь цөөн. Нэг жишээ хэлье. Тавантолгойн аманд 70 ам.долларын  үнэтэй нүүрсийг 130 ам.доллар  болгох боломжтой Гашуун-Сухайтын  төмөр зам улстөржсөнөөс болж бүтэн 12 жил гацсан. Төрийн гурван өндөрлөг нэг цонхоор харж чадаагүйгээс өнгөрсөн 30 жил асар их боломж алдсан гашуун түүхийг давтмааргүй байна. Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль өнгөрсөн 30 жилийн алдааг давтах уу эсвэл цоо шинэ 30 жилийг эхлүүлэх үү гэсэн түүхэн сонголт юм. Миний хувьд Монгол Улсын Ерөнхий сайдын алтан цагийг Төрийн ордонд ойлголцдоггүй Ерөнхийлөгчөө аргадаж өнгөрөөхийг огтоос хүсэхгүй байна. Олон Ерөнхий сайдад ийм хувь тавИлан тохиож байсныг би мэднэ. Оргилсон бүтээн байгуулалтын талбарт, олон нийтийн дунд ажлын хувцастайгаа цаг мөч бүхэнтэй уралдан ажиллахыг хүсэж байна. Алдаж үл болох 10 жил эхэлж байна,монголчууд аа. Эхлүүлсэн олон ажлаа амжилттайгаар дуусгахыг хүсэж байна. ҮАБЗ-ийн гишүүд хөгжлийн бодлогоо нэг цонхоор харж нэгдэн хамтарч ажиллах боломжийг Монголын ард түмэн олгоно гэдэгт итгэлтэй байна.

Хоёрдугаарт, 30 хэмийн хүйтэнд 30 мянган монголчууд баялагтаа эзэн Монголыг бүтээхийн төлөө нэгдэж чадсаныг би хэзээ ч мартдаггүй. Шударга ёсны тэмцэл гэж хэлэхэд амархан ч хийхэд хэцүү. Хөгширсөн саалийн үнээ гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр төрдөө эргэн ирж, улсад нэг  их наяд төгрөгийн төсвийг төвлөрүүлж байна. Дахин 60 ажил ажиллах боломжтой гэсэн нөөц тогтоогдсон. “Дубайн” гэрээний маргааныг олон улсын шүүхэд өгч Засгийн газар сөрөг нэхэмжлэл гаргасан.  “Оюу толгой”-гоос иргэн бүр үр ашиг хүртэх суурь эхлэл  тавигдсан. Уул уурхай, улс төр, хууль шүүхэд нам дамнан амь бөхтэй  дамнаж ирсэн бүлэглэлийг задалж шударга ёсны салхийг эхлүүлсэн хүн яахын аргагүй У.Хүрэлсүх юм. Тиймээс шударга ёсны тэмцэл үргэлжлэх ёстой. Хувь хүн  бус хууль засагладаг засаг төртэй байх ёстой. Монгол хүн бүр баялагтаа эзэн байх ёстой. Шударга ёсны тэмцэл цаашид үргэлжлэх ёстой. Тиймээс МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүхийг дэмжихийг  хүндэт сонгогч Та бүхнээс уриалж байгаа нь миний хоёр дахь үндэслэл юм.

Гуравдугаарт, айлаар бид өрхийн тэргүүнээ сонгох гэж байна.Монгол гэдэг айлыг дэлхийд төлөөлөх хувь хүн Монгол Улсын Ерөнхийлөгч.   2001 онд У.Хүрэлсүх гэдэг хүнтэй танилцаж байсан. Өнөөдрийг хүртэл энэ хүний үг, үйлдэл хэзээ ч зөрж байгаагүйд би баяртай байдаг.  Би 1980 онд төрсөн. Ардчилсан хувьсгалын эхэн үе бидний хүүхэд нас байсан. Бидний үеийхэн ардчиллын үнэ цэнийг яс махаараа мэдэрч өссөн гэж боддог. Ардчилал гэдэг нэршил биш үнэт зүйл юм. Ардчилал гэж ярьдаг төрийн тэргүүнүүдтэй байж бид 12 жилийг өнгөрүүллээ. Ард түмний сонголтыг шүүхийн шийдвэрээр зассан, бүрэн эрхтэй парламентийн гишүүнийг сонгуулийн сурталчилгааны дундуур хорьсон, өөрсөддөө зориулж өршөөлийн хууль баталсан,  байгалийн баялгийг төрийн мөнгөөр авч хувьдаа завшссан гээд энэ бүхэн ардчиллын үнэт зүйлтэй нийцэж байсан гэж үү.

Ардчилал гэдэг авлигал авдаг эрх чөлөө биш, ардчилал гэдэг хуулийн засаглал дор хамтдаа амьдрах нийгэм юм. Миний мэдэх У.Хүрэлсүх ардчиллын үнэт зүйлийн төлөө тууштай тэмцэгч. Дуу хоолойгоо хэнээр ч үзүүлж байгаагүй парламентийн гишүүн байсан. Сонгодог парламентийн төлөө тууштай зогссон улс төрч. Шинэ үеийн бүтэн төлөөллийг бий болгож чадсан  улс төрч. Одоогоос 20 жилийн өмнө Та надад “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа. Томоор сэтгэ, илүүг хий” гэж хэлж байсан. Харин өнөөдөр 20 жилийн дараа би Танд ард түмнээ хайрласан, жинхэнэ утгаараа ардчилсан ерөнхийлөгч байгаарай гэж хэлмээр байна. Ард иргэдээ хагаруулдан талцуулдаг биш эвлэлдэн нэгдүүлдэг,  өвгөдийн захиасыг биелүүлсэн, өв соёлоо дээдэлсэн төрийн тэргүүн байгаасай гэж чи сэтгэлээсээ гэж хүсэж байна Та чадах болно. гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах