Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Түр хамаарагч Цао Ли тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан ой, хээрийн түймрийн хохирлыг бууруулах, экосистемийг нөхөн сэргээх чиглэлээр хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна. Тодруулбал, түймэрт өртсөн экосистемийг нөхөн сэргээхэд БНХАУ-ын туршлага, аргачлалыг нэвтрүүлэх, хамтарсан судалгаа хийх, урт хугацааны мониторинг зохион байгуулах, мэргэжлийн шинжээч, судлаачдыг оролцуулах саналыг хөнджээ.
Энэ хүрээнд түймэрт өртсөн болон өртөөгүй хэсгийн экосистемийн төлөв байдлыг харьцуулан судалж, хөрс, ургамлын бүрхэвч, зэрлэг амьтдад үзүүлсэн нөлөөллийг цогцоор нь үнэлэх шаардлагатайг Ш.Батбаяр онцолсон байна. Мөн байгалийн өөрөө нөхөн сэргэх боломжийг үнэлсний үндсэн дээр шаардлагатай нөхөн сэргээлтийн арга хэмжээг шинжлэх ухааны үндэслэлтэй сонгох нь чухал гэв. Түүнчлэн хоёр улсын хамтарсан цөлжилттэй тэмцэх судалгааны төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх асуудлыг хэлэлцсэн байна.
Уулзалтын үеэр хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх тохиолдол нэмэгдэж байгаатай холбогдуулан хүн, зэрлэг амьтны зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, эрт сэрэмжлүүлэх тогтолцоог сайжруулах, мэргэжлийн баг, байгаль хамгаалагчдыг сургаж бэлтгэх чиглэлээр хамтран ажиллах санал тавьжээ. Талууд байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, Нөмрөгийн дархан цаазат газрын экосистемийг нөхөн сэргээх болон цөлжилттэй тэмцэх чиглэлээр хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээ илэрхийлсэн байна.
