Цэс Close

Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын тухай нийтлэл гарчээ

Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Элчин сайдын яам, ЮНЕСКО-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгчийн газраас санаачлан Дэлхийн байгалийн болон соёлын өвийг хамгаалах тухай 1972 оны конвенц батлагдсаны 50 жилийн ой, Монгол Улс ЮНЕСКО-д элссэний 60 жилийн ойг тус тус тэмдэглэх хүрээнд ЮНЕСКО-ийн албан ёсны сэтгүүл болох  WorldHeritageConvention Дэлхийн өвийн сэтгүүлийн 11 дүгээр сарын тусгай дугаарт Монгол Улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн газар нутгуудын тухай нийтлэл гаргав. Үүнд манай улсаас Дэлхийн өвд бүртгэгдсэн Увс нуурын ай сав газар, Орхоны хөндийн соёлын дурсгалт газар, Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор, Их Бурхан Халдун уул ба түүнийг хүрэээлсэн тахилгат газар нутгууд, Дагуурын ландшафт зэрэг 5 өвийн газар багтсан болно.
✅ЮНЕСКО-д бүртгэгдсэн Дэлхийн байгалийн болон соёлын өвийн газар нутгуудаа дэлхий нийтэд таниулан сурталчлах, өвийн хадгалалт хамгаалалтын талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого, арга хэмжээгээ танилцуулах нь конвенцын хүрээнд хүлээсэн манай улсын үүрэг бөгөөд дээр дурдсан чухал үйл явдлуудын хүрээнд байгалийн болон соёлын өвөө танилцуулах төслийг Засгийн газраас хэрэгжүүлж буй “Монгол үндэстний үнэлэмж” гадаад сурталчилгааны цогц арга хэмжээний хүрээнд хэрэгжүүллээ.
✅Монгол Улсын Засгийн газар -аас ирэх 2023-2025 оныг Монголд зочлох жил visitmongolia болгон зарласантай холбогдуулан манай улсыг сонирхох, зорин ирэх, аялах хүмүүсийн тоог нэмэгдүүлэх нь энэхүү төслийн бас нэгэн зорилго юм.
✅Сэтгүүлд нийтлэл гаргах болон сэтгүүлийн дэргэдэх Google Arts and Culture Platform-д материал нийлүүлэх ажилд дэмжлэг үзүүлж ажилласан БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яамны ГССХГ, Өвийн газруудын хамгаалалтын захиргаад, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын нийт хамт олонд тус БТГ-аас талархал илэрхийлье.
➡️Сэтгүүлийн тусгай дугаарыг цахимаар уншиж танилцах холбоос: https://whc.unesco.org/en/review/103/

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах