Цэс Close

Моуриньо: Том босс нь Сульшераас өөр бодолтой байгаа даа...

Английн Премьер лигийн 31 дүгээр тойрогт “Манчестер Юнайтед”-“Тоттенхэм” тоглоно. Энэ улирлын эхэнд буюу гуравдугаар тойрогт “Тоттенхэм”-д 6:1-ээр “Манчестер Юнайтед” хожигдсон. Оле Гуннар Сульшер тэр тоглолтыг сайн санаж, хөлбөмбөгчид нь ч даагаа нэхэхийг хүсч буй тухай хэлсэн юм.

Мөн Сульшер өмнөх дасгалжуулагчид болох Моуриньо, Ван Гаал нарын ажлын талаар үг хэлээд амжсан. “Манчестер Юнайтед”-ыг удирдаж байхдаа Моуриньо Европа лиг, Лигийн цомын аваргын цомыг өргөсөн бол Ван Гаалын үед Английн цомыг гардсан. Харин Сульшер энэ цом өргөсний цаана багийн үндсэн асуудал нуугдан үлдэж, багийн тоглолт сайжраагүй ч байж болох талтай гэж хэлсэн байна.

“Бүгдээрээ л цом гардах гэж улайрдаг. Гэвч цомын тэмцээнд түрүүллээ гээд багийн жинхэнэ асуудал нуугдаж үлдэх магадлалтай. Багийн жинхэнэ чанарыг Премьер лигтээ хэддүгээр байр эзэлж байгаа нь харуулдаг. Харин цомын тэмцээнд бол заримдаа аз од гийж түрүүлэх боломж байдаг. Үүний цаана багийн үндсэн асуудал нуугдаж үлдэх талтай” гэж Сульшер хэлсэн юм.

Тэгвэл эдүгээ “Тоттенхэм”-ийг удирдаж буй Жозе Моуриньо өөр байр суурьтай байгаагаа дурьдахдаа Сэр Алекс Фергюсоныг дурьдаад авчээ.

“Энэ бол түүний л бодол. Харин том босс Сэр Алекс өөр бодолтой байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Сульшерийн бодлын учгийг бол хүндэлнэ. Гэхдээ би өөрөөр бодож байна. Чөлөөтэй сэтгэх, үзэл бодлоо хэлэх бүрэн эрх түүнд бий. Хэрвээ үнэхээр ингэж бодож байгаа бол түүгээрээ л болно биз. Миний асуудал биш юм чинь. Тэгээд ч хэн нэгнийг нэр цохож яриагүй, хэн нэгнийг үл хүндэлсэн явдал ч биш. Гэвч би дахиад хэлье, Премьер лигийн түүхэн дэх хамгийн чухал хүн болох түүний том босс өөр бодолтой байгаа даа” хэмээн Моуриньо өгүүлжээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах