Нөмрөгийн ДЦГ-ын нөхцөлд тохирох биотехникийн арга хэмжээ авна гэлээ

Хуваалцах

Түймэрт өртсөн Нөмрөгийн дархан цаазат газар нь Хянганы өвөрмөц экосистем, ургамал, амьтны олон янз байдал, ховор болон нэн ховор зүйлүүдийн амьдрах орчныг хамгаалах онцгой ач холбогдолтой. Иймд ой, хээрийн ургамал, хөрс, ус, амьтны аймагт учирсан шууд хохирлоос гадна экосистемийн үйл ажиллагаа, нөхөн сэргэх боломж, урт хугацааны үр дагаврыг тооцох шаардлагатай байна.

Халхгол сумын Засаг даргын 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн А/132 дугаар захирамжаар орон нутгийн ажлын хэсэг байгуулагдсан. Тус ажлын хэсэг газар дээр нь нөхцөл байдлыг үнэлэн ажиллаж байгаа юм. Газар нутгийн онцлог, цаг агаарын нөхцөл байдлаас хамаарч, газраар хүрэх боломжгүй байршлуудад нэмэлт тусламж шаардлагатай байгаа тул Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир холбогдох байгууллагуудтай шуурхай хуралдлаа.

Хурлаар тус ажлын хэсэгт дэмжлэг үзүүлэх дэд ажлын хэсэг гарган, бүх чиглэлээр дэмжих хамтран ажиллаж, хохирлын үнэлгээг бодитоор хугацаа алдалгүй тогтоохыг чиглэл болгон, уг ажлыг зохион байгуулахаар боллоо.

Тус ажлын хэсгийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр ахлан ажиллах юм. Дэд ажлын хэсэг хохирол тогтоох ажиллагаанд цахилгаан сүлжээ, техник хэрэглэл, хүн хүч, мэргэжил аргазүй тусламжийг шуурхай зохион байгуулах, салбар хоорондын уялдааг хангуулж зохицуулалт хийх үүрэгтэй.

Мөн Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй газарт байгалийн амьтдын төвлөрөл нэмэгдэж байгааг хээрийн ажлын хэсэг тогтоосон. Иймд тус газарт амьтдад өвлийн ширүүн нөхцөлд тэсэж үлдэхэд биотехникийн арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх чиглэлийг БОУАӨ-ийн сайд Ц.Сандаг-Очир өглөө.

Хуралд Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ, Хил хамгаалах ерөнхий газрын дарга, Бригадын генерал Ж.Бямбасүрэн, Улсын онцгой комиссын Нарийн бичгийн дарга, Хурандаа Т.Баярхүү, Онцгой байдлын ерөнхий газрын Гал унтраах хэлтсийн дарга, Хурандаа П.Соронзонболд, БОУАӨЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд , “Мобиком” корпорацын Хуулийн албаны захирал О.Өмөрбек, цахимаар Байгаль орчны үнэлгээ эрхлэгчдийн мэргэжлийн холбоо, Шинжээчийн багийн ахлагч Б.Ихбаяр, Шинжээчийн багийн гишүүд О.Батгэрэл, А.Цэнд-Аюуш, Г.Довчиндорж, Ч.Мөнгөнчимэг, О.Чулуунбаатар, Б.Бархасрагчаа С.Нандинцэцэг, Халхгол сумын Засаг даргын Тамгын газар, Нөмрөгийн дархан цаазат газрын Хамгаалалтын захиргаа, Дорнод аймгийн холбогдох байгууллагууд оролцлоо.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн