Н.Номтойбаяр: Улсын нөөцийн шинэ тогтолцооны хуулийг өргөн мэдүүлнэ

Хуваалцах

Засгийн Газрын ээлжит хуралдаанаар Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Н.Номтойбаяр малын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, лабораторийн чадавх болон улсын нөөцийн тогтолцооны шинэчлэлийн талаар мэдээлэл өглөө.

Шадар сайд Улсын Онцгой комисс асуудал үүссэний дараа арга хэмжээ авдаг бус, эрсдэлийг урьдчилан тооцож, шаардлагатай нөөц, техник, хүний нөөцийг бэлэн байлгадаг тогтолцоонд шилжих шаардлагатайг онцлов. Сүүлийн үед SAT-1 шүлхийтэй холбоотой вакцин худалдан авах, шийдвэр гаргах ажиллагаанд хугацаа их зарцуулсан нь цаашид шуурхай шийдвэрлэх эрх зүйн болон зохион байгуулалтын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатайг онцоллоо.

Мөн ямааны годрон өвчний улмаас 16 өрхийн 6,296 ямааг устгалд оруулж байгаа бөгөөд вакцин худалдан авахад 1.6 тэрбум төгрөг шаардлагатай талаар мэдээлэв. Цаашид шаардлагатай вакциныг шуурхай авах, дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ Биокомбинатын хүний нөөц, үйлдвэрлэлийн чадавхыг газар дээр нь судалж, шаардлагатай арга хэмжээ авахаар ажиллаж байна гэв.

Мөн лабораторийн техник, тоног төхөөрөмж, хүний нөөцийн чадавхад улсын хэмжээнд үнэлгээ хийж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах, шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэхээр ажиллаж байгааг Шадар сайд мэдээлэв. Лабораторийн чадавх нь хүнсний аюулгүй байдал, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах үндэсний хэмжээний асуудал болохыг онцоллоо.

Түүнчлэн малын тоо толгойг бодитой тогтоож, малын эрүүл мэнд, хадлан тэжээлийн нөөц, хил, гаалийн хяналт, малчдын хариуцлагыг сайжруулах замаар өвчнөөс урьдчилан сэргийлэх цогц тогтолцоо бүрдүүлэх шаардлагатайг тэмдэглэв.

Мөн Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр боллоо. 2007 оноос хойш мөрдөгдөж буй хуульд нийт зохицуулалтын 40 орчим хувь буюу 42 зүйл, заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж, улсын нөөцийн тогтолцоог эдийн засгийн үр ашиг, шуурхай шийдвэр гаргалт, төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан шинэчлэхээр тусгажээ.

Хуулийн төсөл батлагдсанаар стратегийн ач холбогдол бүхий хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, эргэлт, хяналт, санхүүжилтийг боловсронгуй болгож, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, мөн бензин, дизель түлш, онгоцны түлш зэрэг стратегийн бүтээгдэхүүний нөөц бүрдүүлэлт, хадгалалт, эргэлтийг илүү үр ашигтай зохион байгуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

Ингэснээр гамшиг, халдварт өвчин болон хүнсний аюулгүй байдлын эрсдэлийг үүссэний дараа арилгах бус, урьдчилан тооцож, бэлэн байдлыг хангах нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл
Сэтгэгдэл үлдээх

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн