Очирбатын Дашбалбар ах, миний аав хоёр

Өнөөдөр Очирбатын Дашбалбар найрагчийн төрсөн өдөр. Түүнийг Монголын ард түмэн маань төр нийгмийн нэрт зүтгэлтэн, суут яруу найрагч, эх орон газар шорооныхоо төлөө цогтой тэмцэгч, соён гэгээрүүлэгч гээд олон талаар нь сайн мэднэ. Харин түүний багшдаа, үр хүүхэд хань ижилдээ насан эцэс болтлоо хүндэтгэлтэй ханддаг байсан тухай эргэн дурсъя.
Биднийг хүүхэд балчир байхад манай гэрт уран бүтээлчдийн хөл хөөр тасардаггүй байсны нэг нь Очирбатын Дашбалбар ах маань билээ. Миний аав Сүхбаатар аймгийн Дарьганга сумын уугуул Ишийн Батсүхийг багшаа гэж хүндлэн аавыг минь эцсийн амьсгаагаа хураатал нь хайрлаж хүндэлж байсан хүмүүсийн нэг юм.
Очирбатын Дашбалбар ахыг миний аавын шавь болох тухай ээж минь гэгээн дурсамж их ярина.
- Яг анхны яруу найргийн багш нь бол Данзангийн Нямсүрэн ах чинь юм. Дашбалбарыг Наран сумаас Нямсүрэн маань аавд чинь энэ хүүхэд их авьяастай шүү. Шүлгийг нь уншаарай гэсэн захиатай явуулсан юм. Балбар маань Дарьгангад багшаа миний жохиол гээд жаахан тультраа хэлтэй, том алаг нүдтэй хөөрхөн хүү тухайн үеийн 12 мөнгөний дэвтэр дээр дүүрэн шүлэг бичээд гэрт ирдэг байлаа. Аав чинь их хайртай. Тэгээд шүлгээ уншиж өгнө. Хоёр багшийгаа насан эцэс болтол нь хайрлаж хүндэлсэн дээ. Аав чинь хөдөөнөөс Улаанбаатарт ирэхдээ заавал Дашбалбартай уулзана. Гэргий Борхүүхэн нь Батсүх ах ирээд гээд хөл хөөр болж, дайлж цайлж, Балбар сонин содон аль нарийн нандин бүхнээ аавд чинь харамгүй бэлэглэдэг. Хамгийн гол нь Балбар маань намайг ийм чухал ном өглөө, тийм сайхан хүнтэй танилцууллаа гээд л бөөн сонинтой ирээд надад хуучилна. Ханийг минь 1994 онд бурхан болоход итгэж ядан, нам төрийн ажлаас болж ирж чадахгүйдээ уучлал эрж, эмгэнэлийн цахилгаан бичиг, хүнээр дугтуйнд нэлээн хэдэн төгрөг явуулсан байсныг нь номын өрөөнд нь удаан хадгалсан” гэж ээж хуучиллаа.
Балбар ах хожим “Тэнгэрийн хишгийг хүрт хэмээжээ” хэмээх шүлгээ багш И.Батсүхийн гэгээн дурсгалд зориуллаа гээд:
..... Дарьгангын талд жиргэсэн болжморын дуу тасалджээ
Далдхан гунигтай тэр нэгэн аялгууг дахин сонсохгүй
Алга болсон бүхний араас гуниглаад нэмэргүй
Амьд яваа дээрээ тэнгэрийн хишгийг хүрт хэмээжээ /1998.12.26/ гэж бичсэн нь “Оюун санааны яруу найраг” гэдэг номд нь буй. Энэ бол Балбар ах бурхан болохоосоо өмнөх жил хүрэхгүй хугацааны өмнө бичсэн он цаг юм. Ийн зохиол бүтээлдээ хүртэл аавыг минь мөнхөлсөнд бэлгэшээж явдаг билээ.
Харин аав минь О.Дашбалбар ахад зориулж:
Тэнгэрийн тавгүйд гундаад шаналангуй
Тэр гуайн охиныг хайрлаад шаналангуй
Бодол сэтгэлд нь гал дүрэлзээд бадрангуй
Буруутсан нэгний алдаанд харамсаад гутрангуй.
Эгшиглэнт оддын аялгуу руу тэмүүлсэн
Энгийн, эгэл бусдын хооронд тэлмүүлсэн
Эрхэт ихсээс сүрдэлгүй бардамхан
Эмгэд, багачуулд эрдэлгүй ялдамхан
Эцэг дээдсээс удамлан дамжсан аргай нум
Эх орончийн халуун амьд сум.
Ямар ч гэх юм өрнийн хүн Дашбалбар
Яах ч аргагүй дорнын шүлэгт Дашбалбар.
Балбар ах нэг удаа Энэтхэг явж ирээд эгшиглэнт эх Янжинлхам бурханы хөрөг авчирч өгөхөд аав минь их л нандигнан жаазалж, хоймортоо залсан юм. Аавын өрөөний хойморт Далай багш, Цагаан, Ногоон дарь эхийн хөрөгтэй зэрэгцэн анх төвд бичиг үсэг заасан Гаадан багш, уран зохиолын багш Гаадамба багш, нэрт эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэн гуай гээд хамгийн хүндтэй эрхмүүдийн зураг ч залаастай байсан.
Ийнхүү нэг салхитай өдөр бурхандаа зул барьчихаад цонхоо нээлттэй орхисноос болоод аавын минь бурхан шүтээний орчим байсан хэд хэдэн чухал зүйл шатахад, Алтан-Овооны чулуу болоод Балбар ахын бэлэглэсэн жаазтай Янжинлхам бурхан хоёр хөө ч болоогүй хэвээр үлдсэн нь гайхал бишрэлийг төрүүлж билээ. Тэр бурхан энэ олон жилүүдийн нүүдэл суудлыг даасаар одоо ч манай гэрийн хойморт буй.
1996 онд би аравдугаар ангиа төгсөөд Их сургуулийн сэтгүүлчийн ангид шалгалт өгнө, аавынхаа мэргэжлийг өвлөөд сэтгүүлч болно гээд жигүүртэй юм шиг хөөрч догдолж, бэлдэж байлаа. Гэтэл сэтгүүлчийн ангийн хуваарь ирсэнгүй. Учир нь тэр үед сэтгүүлчийн ангийн хуваарь хөдөө орон нутагт нэг жил өнжиж ирдэг байсан юм билээ. Харин МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийн хуваарь ирж, би шалгалт өгсөн ч хуваарьгүй үлдэх шахав. Нэгт жагссан хүүхэд нь манай ангийн дарга, миний найз Адьяасүрэнгийн Наранцэцэг юм. Нараа маань хоёр хуваарьт шалгалт өгөөд тэнцсэн тул МУИС-ийн философийн ангиа сонгож, би монгол хэл, уран зохиолын ангид элсэн суралцахаар болж билээ.
Би ингэж ангийн даргынхаа буянаар хуваарьтай үлдсэн мөртлөө сэтгүүлчийн ангид элсэж чадаагүйдээ урам зориггүй, аавдаа амалснаа биелүүлж чадахгүй болох нь, монгол хүн байж монгол хэл уран зохиолын ангид сураад яах билээ гэсэн дэндүү тэнэг бодол тээж гуниглаад сүйд. Энэ нь ээжийн минь сэтгэлийг их зовоосон доо. Тэр намар ээж намайг Улаанбаатарт сургуульд хүргэж ирлээ. Дашбалбар ахад хэлж, “арын хаалгадаад” сэтгүүлчийн ангид оруулна гэсэн санаатай, бараг машинаас буугаад шахам гэрт нь очсон юм. Ээж хүний л сэтгэл энэ. Балбар ах аливаа асуудалд арын хаалгадаж явах нь мэдээж үгүй. Гэрт нь очиж, ээж Бор эгч, Балбар ах хоёртой ярьж, цай ууж сууж байснаа түүнд:
Манай бага охин аавынхаа мэргэжлийг өвлөж, сэтгүүлчийн ангид элсэх хүсэлтэй байсан чинь манай аймагт тэр хуваарь ирсэнгүй. Монгол хэл, уран зохиолын ангид элсчихлээ. Охин маань дургүй ангидаа ороод сонирхолгүй гээд сургуулиа хаячих вий дээ гэж их л сэтгэл зовж хэлэхэд, Балбар ах:
Яахаараа дургүй анги байдаг билээ. МУИС-ийн монгол хэл уран зохиолын ангийг манай улсын олон арван шилдэг сэтгүүлч, зохиолч, эрдэмтэд төгсөж, эх орондоо гавьяа байгуулаад зогсохгүй энэ ертөнцийн өнцөг булан бүрд ажиллаж байна. Аав чинь бас яг энэ ангид суралцаж төгсөөд, сумын сургуулийн сурагч байхад монголын болоод дэлхийн уран зохиолыг зааж, хорвоо ертөнцийг таниулахаас гадна нам төрийн “Үнэн” сонин, “Монцамэ”, “Монголын радио”, “Тоншуул” гээд том том хэвлэлд нэг насаараа нэр төртэй ажиллаж ямар сайн сэтгүүлч, зохиолч болсон билээ дээ. Хамгийн сайхан хуваарийг авсан байна шүү дээ, дүүдээ баяр хүргэе гээд духыг минь үнэрлэж, бүр мөнгөөр мялаахад нь би гайхаж, бас баярлаж билээ.
Би тэр үгээс нь урам авч, энэ ангидаа элсэн суралцаж, сургуулиа амжилттай төгссөн цагаасаа эхлээд өнөөг хүртэл сэтгүүлчээрээ ажиллаж байна. Ингэж амьдралыг минь чиглүүлж өгсөн буянтай хүн бол Дашбалбар ах минь юм.
Энэ мэт олон хүүхэд залуусын амьдралыг эрчимлэг үгээрээ, үйлдлээрээ өөрчилсөн болохыг шавь нарынх нь яриа, ном бүтээлээс уншиж сонссон юм. Тогоонтөмөрийн Содномнамжил ах наймдугаар ангид байхдаа аавын гэрийн номын сангаас нь “Оддын аялгуу” номыг нь анхлан уншаад, шашны дээд сургуульд суралцахаар хотод ирэхдээ “Оддын аялгуугийн зохиогчтой л уулзах сан” гэсэн мөрөөдөлтэй байж. Сүмд бурхан шүтээний тоос арчаад зогсож байтал нэг л өдөр Дашбалбар ахыг орж ирэхэд нь зориг гарган би тантай уулзмаар байна гэвэл цүнхнээсээ “Цог” сэтгүүл гаргаж ирээд “Хүүхдэдээ уншаарай” гэсэн хэсгийг нь тасдаж, гэрийнхээ утасны дугаарыг бичиж өгөөд, за чи заавал манайд ирээрэй гэсэн гэдэг.
Содномнамжил ах гэрт нь очсон төдийгүй, өөрийн хүүхэд мэт гэрт нь амьдарч, шавийгаа Со гэж дуудаад, яруу найраг, бурхан шашны ертөнцийг нь нээж өгсөн багш шавийн барилдлагатай болсон тухайгаа надад ярьж өгсөн билээ.
Дөнгөж дунд сургуулийн ширээнээс их сургуулийн оюутан болж ирсэн надад аавын минь шавь, хүүхэд байхад манайд ирдэг байсан мундаг яруу найрагч ах гэхээс илүү сайн танихгүй, зохиол бүтээлийг нь бүрэн мэдэхгүй, ганц шүлгийг нь бүтэн цээжлээгүй байсан үе ийн дуусаж, сургуулиа төгсөхдөө эрхэм найрагч ахынхаа яруу найргийн онцлогийн талаар Дожоогийн Цэдэв багшийнхаа удирдлага дор судалгааны ажил хүртэл бичиж, Балбар ахын хэлснээр хамгийн сайхан хуваариа солилгүй их сургуулиа төгссөн билээ.
Хүний хувь тавилан гэж их сонин шүү.
Миний хүү ахлах сургуулиа төгсөөд бид хоёр мэргэжлээ сонгох тал дээр эргэлзэж яваад Дашбалбар ахын хүү Гангабаатар ах руугаа залгахад, ажил дээр хүүгээ дагуулаад ир гэлээ. Би баярлаад хүүгээ дагуулан ажил дээр нь очиход завгүй ажлынхаа хажуугаар цаг зав гаргаж, хүүд минь чин сэтгэлээсээ зөвлөгөө өгч, хуульч болох хүсэлтэй байгаа юм гэсэн асуултад минь ян тан хариулж, хүү минь тэр урам зоригоороо одоо хуулийн мэргэжлээр суралцаж төгсөх дөхөж байна. Бид ийм л барилдлагатай хүмүүс юм даа.
1999 оны хаврын шалгалт дуусахтай зэрэгцэн манай ангийнхан дипломын ажил бичнэ гээд тус бүрийн сэдвийг сонголоо. Би Дожоогийн Цэдэв багшийнхаа зөвлөснөөр “Очирбатын Дашбалбарын яруу найргийн онцлог” гэсэн сэдэв сонгож, багш өөрөө удирдахаар болов. Тэр үед Балбар ах Улсын их хурлын гишүүн байлаа. Их сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны зүүн талаар алхаж явахад нь хэд хэдэн удаа таарсан юм. Учир нь би яг тэр замаар оюутны байр руугаа явдаг байв. Нэг удаа таараад, мэндлэхэд минь:
-Өө миний багшийн охин. Чи манайхаар очоорой, ээж нь сайн уу, чиний хичээл ном ямар байна, дургүй ангидаа дуртай болсон уу гэж хэлээд инээж билээ. Би ээжийг хөдөөнөөс ирэхээр нь дагаж хоёр удаа л очсон. Харин дипломын ажлын сэдвээ сонгоод байхдаа Дашбалбар ахтай дахиад таараасай гэж санаж байснаа, би ер нь ахын гэрт нь очьё гэж бодож байтал, нэг өдөр Балбар ах өнөө л замаараа алхаж яваад таарлаа шүү.
Ахаа би ирэх намраас таны яруу найргийн онцлог сэдвээр дипломын ажил бичих гэж байгаа юм. Миний удирдагч Дожоогийн Цэдэв багш юм гэтэл,
- Өө тиймүү. Удирдагч багшаа их зөв сонгожээ. За тэгээд чи манайхаар очоорой гэж намайг үнсээд цааш явсан юм. Улсын их хурлын гишүүн хүн байтлаа үргэлж алхдаг, жирийн нэг багшийнхаа охиныг манайхаар байнга ирж очиж бай за юу гэж урьдаг хүн ховор доо. Гуравдугаар курсийн оюутан байж, би таны бүтээлийг судална, шинжилнэ гээд л ....Эргэн бодоход их зоригтой байжээ. Агуу хүмүүсийн энгийн даруу байдал нь ийн бусдыг зоригжуулан, урам өгч, өөрийн үр хүүхэд мэт санан хайрладгийн нэгэн үлгэр энэ ажээ.
Удахгүй намар болж, хичээл эхэллээ. 1999 оны намар буюу 10 дугаар сарын 17-ны өдөр Дашбалбар ах бурхан болоход улс орон даяараа эмгэнэсэн. Тэр хүн үнэхээр ард түмнийхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн төр нийгмийн нэрт зүтгэлтэн гэдгийг дахин сануулах мэт байлаа. Буяны ажил нь Улаанбаатар зочид буудалд болж, төр засгийн удирдагчдаас эхлээд утга зохиолд хайртай, элэгтэй хол ойрын олон хүн цугларсан даа. Энэ үеэр Чөлөөт зохиолчдын хорооны эвлэлээс эрхлэн хэвлүүлдэг байсан “Зохист аялгуу” сонины тусгай дугаарт дүүрэн шүлэг найраг, нийтлэл уран бүтээлээс нь хэвлүүлж зэдэнд нь өгсөн юм.
Хавар сэдвээ авчихсан мөртлөө зунжин би гэртээ харилгүй Улаанбаатарт гуанзанд ажиллаад судалгааны ажлынхаа талаар юу ч хийгээгүй. Энэ сонинг уншаад их л сүрдэж, ийм агуу хүний шүлгийг би яаж судалж чадах билээ, над шиг хүнд бүтэхгүй ажил юм байна даа, миний дипломын ажил бичих ч өнгөрлөө гээд цэг ч тавиагүй байхдаа шантарлаа. Ингээд нэг их удалгүй Цэдэв багшдаа шантарч байгаа тухайгаа хэлэхээр ажил дээр нь очтол, багш:
За хоёулаа одоо ажилдаа орно оо. Надад ийм номууд нь байдаг. Дашбалбар бол зохиол бүтээл нь судлаад баршгүй том уран бүтээлч. Дашбалбар судлалын ажлыг хөгжүүлэхэд оюутан хүний хувь нэмэр багадахгүй. Тэгэхээр чамд амжилт хүсье гэж билээ. Багш ингэж хэлэхэд би юун бичихээ болих, харин ч урам зориг авч, гараад ээждээ энэ тухайгаа утсаар хэлтэл, ээж хөдөөнөөс Дашбалбарын ахын аавд дурсгасан хэд хэдэн гарын үсэгтэй ном, сонины хайчилбарууд явуулсан юм. Ээж минь өөрөө монгол хэл уран зохиолын багш тул өрнө дорнын болоод Монголын зохиолчдынхоо зохиол бүтээлийн талаар хэдэн арван хавтас хайчилбартай, нандин цуглуулгатай байлаа.
Мөн Дожоогийн Цэдэв багшийнхаа уйгагүй чиглүүлсэн арга зүй, баялаг материал дээрээ тулгуурлан өөрийнхөө хэмжээнд судалгааны ажлаа бичсэн дээ. Гэхдээ дотроо багшийнхаа хэлсэн үг, өгсөн даалгаврыг ягштал хийж чадаагүй тул өөртөө итгэлгүй байсан ч багш минь намайг болно болно, болж байна, их аятайхан болж, энийг ингэвэл тэрийг тэгчихвэл гээд засаж залруулж өгсөөр диплом хамгаалах өдөр боллоо. Олон эрдэмтэн багш нарынхаа өмнө өвдөг чичирч, сандарч байсан ч багш маань надаас илүү сэтгэл зовниж, хамгаалалт болж байхад сэдвээ их зөв сонгосон байна, их уншсан, судалсан гээд л өндөлзөж байсан нь санаанд тодхон үлдсэн дээ. Ингэж л миний төлөө нөр их ажлынхаа хажуугаар сэтгэл зүрхээ зориулсан ачит багш Дожоогийн Цэдэвийнхээ буянаар амжилттай хамгаалсан. Д.Цэдэв багш бол Дашбалбар ахыг Горькийн их сургуульд явах шалгалтад тоо бодоод өгсөн байхад нь авьяасыг нь мэдэх учир дэмжиж тус сургуульд илгээсэн эрхэм хүмүүн нь болох талаар хэд хэдэн хүний дурсамж, судалгааны ажилд ч байдаг билээ.
Хэл бичгийн ухааны доктор, яруу найрагч Хургаагийн Сүглэгмаа эгч “Очирбатын Дашбалбар” хэмээн судалгааны бүрэн түүвэр ном гаргаж, Монгол Улсын Засгийн газраас комисс батлагдан Очирбатын Дашбалбар ахын таван боть ном хэвлэгдэхэд Л.Түдэв гуай ерөнхий редактораар ажиллаж өмнөх үгийг нь бичиж, хул өнгөтэй хатуу хавтастай таван боть том бүтээл нь хэвлэгдсэн юм. Тэдгээр таван ботийг уншиж байхад ээж, багш хоёрын маань унш судал гэж өгсөн зарим нэг шүлэг найраг, нийтлэлүүд, Очирбатын Дашбалбар ахын аавд минь гарын үсгээ зурж бэлэглэсэн номонд орсон шүлгүүд байсан нь сайн анд нөхөртэйгөө уулзсан мэт танил дотно санагдаж байж билээ.
Дашбалбар ах багш нараа маш их хайрладаг нь зөвхөн аавын тухайд биш юм. Учир нь “Багш” гэж томоохон хэмжээний нийтлэл бичиж, энэхүү нийтлэлдээ Хэрвээ та багшгүй бол хэн ч биш юу ч биш гэж эртний мэргэн үгийг иш татаад “А” үсэг заасан Дашням, бага ангийн Бадамдовжид багш, биологийн багш Тамжид багш, ардын дуу, монгол өв соёл анхлан заасан Содномдаш багш, яруу найргийн замд хөтөлсөн Данзангийн Нямсүрэн багш гээд хөврөнө. Багш нарынхаа тухай ийм гэгээн үнэнийг бичсэн зохиолч хэд билээ. Миний аав Ишийн Батсүхийн тухай л гэхэд:
“Ангийн хаалга нээгдэж Батсүх багш орж ирэх нь ертөнцийн хаалга нээгдэж, Бурхан багш залрах мэт лугаа адил бөгөөд энэ нь хэтрүүлэг бус, багшийгаа бурхан гэж бод хэмээн манай шашин сургах бөлгөө. Батсүх багш маань хичээл зааж байхад түүнээс гэрэл цацрах мэт байдаг сан... Тэрээр биднийг Гогольтой уулзуулж, Тарас Бульбатай танилцуулж, түүний ачаар бид дундад зууны Англи улсад нисэн одож Шекспир хэмээх нэгэн их хүнтэй учран, Ромео хөвгүүнийг бахархаж, Жульетад дурлана. Тэрбээр биднийг Данте найрагчийн хамт там, диваанжингаар хэсүүлчилж, Шаганэ гэдэг сайхан хүүхнийг Есенинтэй цуг хайрлах сэтгэлийг төрүүлнэ. Батсүх багштайгаа цуг бид гладиоторуудтай тулалдаж, Спартакийг өмгөөлөн, манай эриний өмнөх он жилүүдийг сэтгэлдээ эргүүлэн авчирч, Энэтхэг, Ром, Хятад, Перс, Грек хүмүүстэй холилдон, түүний ачаар бид Гамлет, Дон Кихот, Саади болно” гээд хүн багшийгаа магтаж хайрлахын дээдийг бичсэн байдаг билээ.
Энэ тухай нь хэл бичгийн ухааны доктор Х.Сүглэгмаа “Очирбатын Дашбалбар” судалгааны номдоо “...О.Дашбалбар өөрийнхөө бага насанд тохиолдсон хамгийн анхны уран зохиолын ертөнцийн хаалгач И.Батсүх багшийнхаа тухай хожим ийн бахархан өгүүлсэн юм. Алс холын хөдөө суманд тракторчин, геологич, жүжигчин, яруу найрагч хэн болохоо мэдэхгүй дөнгөж дөрөвдүгээр ангийн сурагч, сахилгагүй жаал хүү О.Дашбалбарын хувьд үнэхээр гайхашигт учрал болсон биз ээ” хэмээн онцолсон байдаг.
Цаг хугацаа улиран одож, би их сургууль төгсөж, дипломын ажлаа бичиж байхдаа ёстой л энэ их хүмүүний буянаар Оросын алдарт зохиолч Сергей Есенин, Энэтхэгийн суут найрагч Таагүр, аугаа их зураач Леонарда да Винчи, Махатма Ганди, Пабло Неруда гээд суут хүмүүсийн талаар бичсэн хөрөг нийтлэлийг нь уншиж, Монголынхоо үе үеийн олон зохиолч, яруу найрагчдын тухай хамгийн гэгээн дурсамж, дурдатгалыг уншсан билээ. Зохиолч, сэтгүүлч хүн цаг үеийнхээ толь гэж юутай үнэн. Түүний оршин амьдарч туурвисан он цаг эрт эдүгээгийн тухай хийгээд өнөөдрийн бидний амьдралыг өнө ирээдүйтэй нь өгүүлсэн байдгийг тэр ном бүтээлээс нь унших тоолонд хуучирдаггүй үнэн байдаг даа.
Дашбалбар ахын уран бүтээлийн талаар судалгааны ажлаа үргэлжлүүлэлгүй би сэтгүүлчийн зам мөрөө хөөсөндөө сэтгэл нэг л хөндүүр явдаг байсан билээ. Харин энэ хөндүүрээ яаж тайлахаа мэдэхгүй он цаг өнгөрсөөр. Би номын садан нөхдийн хамт “Зохист дорно” хэвлэлийн газраа байгуулаад удаагүй байхад Дашбалбар ахын том охин, сэтгүүлч Мөнгөндалай эгч:
-Төгсөө аавын олон захидал гар бичмэлээрээ хадгалагдаж байна. “Миний захидлууд” номыг танай ”Зохист дорно” хэвлэлийн газар бэлтгэх боломжтой юу. Би өөрөө хянан тохиолдуулна. Техник ажиллагаа, эх бэлтгэлийг нь танайх хариуцах уу? гэж хэллээ. Ингээд бидэнд итгэж найдан гурван хавтас дан гар бичмэл авчирч өгснийг манай хэвлэлийн газрын Б.Будхүү, Б.Бадамханд зэрэг сэтгүүлч, редакторууд захидал бүрийг нэгд нэгэнгүй уншиж, ёстой л жаргаж бүтээсэн. Тийм нандин захидлуудыг бүгдийг нь хэвлэмээр байсан ч ном юм болохоор заавал шүүж тунгааж хянаж бүтээсэн. Тэр захидлуудыг шүүж тунгааж, ном хэвлэгдэн гарч гар дээр ирсний дараа ч судалгааны ажлаа үргэлжлүүлж чадаагүй “өр” жаахан нимгэрсэн ч бас л санаа амраагүй юм. Жил бүрийн Үндэсний номын баяраар Балбар ахын хүүхдүүдийн үүсгэн байгуулсан “Гуну” паблишнтай айлсаж, ном бүтээлийг нь олон нийтэд хүргэх, тэмдэглэлт ойд нь оролцохоо би амьдралынхаа бас нэг “үндсэн ажил” гэж боддог доо. Ном бүтээнэ гэдэг хойч үедээ үлдээж байгаа хамгийн том гавьяа мэт санагдаж аавынхаа бас ахынхаа үзгийг нь барьж, үйлсийг нь үргэлжлүүлэх ажилд жоохон ч гэсэн тустай явахсан гэж хичээж явна.
Дипломын ажил бичиж байхдаа Элчин багш Бакула ренбүүчигийн тухай 1991 онд бичиж, хэвлүүлсэн “Бакула хувилгаан” номыг нь олж аваад бурхны шашныг түгээн дэлгэрүүлэхэд оруулсан гавьяа, бурхны шашны талаарх үзэл бодол, сүсэг бишрэлд нь алга хавсран залбирч, дахин бахархаж билээ. Тэр номд Дашбалбар ахын БНМАУ-ын Ардын их хурлын депутат байхдаа бичсэн “Хүсэн залбирахуй” шүлэг нь нийтлэгдсэн байсан юм. Учир нь би судалгааны ажил хийж байхдаа энэ шүлгийг нь цээжилж, нэг шүлгээс нь уншаач гэж асуувал уншина гээд бэлдчихсэн байсан оюутан цагаа дурссан билээ. Одоо ч тэр ном надад буй.
Эцэс сүүлдээ бурхны хутгийг олох болбол
Энэ насандаа зовох минь юу ч биш
Ариун ийм үзлийг минь харгис гэж
Амьдын жаргалыг үгүйсгэлээ гэж
Анд нөхөд минь ч, атаатан минь ч хэлдэг сэн.
Амьдрал гэдэг идэж уух, өмсөж цэнгэх
Амраглаж янаглах төдийхөн бус
Ашдын үнэнийг л танин мэдэхийн нэр ээ! гэж шүлэг буй.
Дашбалбар ахын бага охин Дэжидмаатайгаа найзлаж, нөхөрлөж, Гангаа ах, Мөнгөө эгч хоёртойгоо хааяа уулзаж, аав, ээжүүдээ ярих нь амьдралын минь бас нэгэн жаргалтай агшнуудын нэг юм. Балбар ахынхаа тэмдэглэлт ойд нь оролцож, хүүхдүүдтэй нь төрсөн ах дүүс шиг байж, би цагдаагийн цол нэмж, ном гаргах тоолондоо Бор эгчээсээ нандин бэлгүүд авч байсан гээд олон гэгээн дурсамж буй. 2019 онд бидний аавынхаа гэгээн дурсгалд зориулсан “Манайд ирээрэй” номын өргөөнд Балбар ахынхан гэр бүлээрээ зочилж, гарын үсгээ зурж, сэтгэл зүрхний гүнээс дурсамж дэлгэн ээжтэй минь ярилцаж суусан гэрэл зургууд амьдралын бас нэгэн мартагдашгүй агшин болж үлдсэн юм.
Зүгээр л нэг амьдралын эгэл өдрүүдийн тухай юм шиг мөртлөө эргээд бодоход гэрэлт дурсамж бүтээж сэтгэлд үлдэж, хэнийг ч алагчлалгүй хайрладаг эрхэм хүмүүний талаар цөөн үг өгүүлэхэд ийм байна.
Дашбалбар ах маань:
Хэзээ нэгэн цагт би алга болно доо, алга болно
Хээр талд минь толгод үлдэнэ, толгод үлдэнэ
Хэлж амжаагүй шүлэг минь болжмор болно
Хэлгий дуугаар өглөө үдэшгүй жиргэнэ гэж бичиж үлдээсэн ч бидний дунд амьдарсаар, хайрласаар, түүний бүтээлүүд ертөнц даяар хүмүүний оюун санааны ертөнцөд бүргэд мэт дүүлж, болжмор мэт жиргэсээр байна.
Сэтгүүлч, яруу найрагч Ишийн Батсүхийн охин, сэтгүүлч Б.Төгсжаргал
Сэтгэгдэл үлдээх