Цэс Close

С.Баярбилэг: Осол гаргасан жолооч нарыг шалгахад согтууруулах ундаа хэрэглээгүй байсан

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт өчигдөр орой 19:00 цагийн орчимд "Toyota Prius","Hyundai Verna" загварын автомашин мөргөлдөж, 4-14 насны зургаан хүүхэд, насанд хүрсэн нэг хүн осолд өртсөнөөс нэг хүүхэд нас барсан харамсалтай тохиолдол гарсан билээ. Үүнтэй холбогдуулан ослын нөхцөл байдлын талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Газрын ХМОНХХ-ийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч С.Баярбилэг "2024 оны дөрөвдүгээр сарын 17-ны 19:00 цагийн үед Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Хайлааст орчимд хоёр суудлын тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас явган хүний замаар зорчиж байсан иргэд гэмтсэн осол бүртгэгдсэн.

Хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдсөний улмаас 16 настай нэг иргэн амь насаа алдсан харамсалтай явдал болсон.  

Ослын улмаас 4-14 насны зургаан хүүхэд, нэг том хүн бэртэж, ГССҮТ-д эмчлүүлж байна. Цагдаагийн байгууллагаас ослын шалтгааныг тодруулахаар газар дээр нь ажилласан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.

Мөн жолооч нар хааз, тормоос андуурч гишгэсэн гэх асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоно. Хоёр машины жолооч архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэсэн мэдээлэл  байсан. Нэг нь эмэгтэй жолооч гэсэн мэдээлэл байгаа. Автомашиныг эмэгтэй хүн барих ёсгүй гэсэн хууль байхгүй. Гол нь дүрмээ барьж хурдаа тохируулж хөдөлгөөнд оролцох нь чухал гэж хэлэхийг хүсч байна.

2024 оны гурван сарын байдлаар бага насны хүүхэд зам тээврийн осолд өртөж, хохирсон 149 мэдээлэл бүртгэгдсэн.

Иргэд явганаар хөдөлгөөнд оролцож байх үед, тээврийн хэрэгслээр зорчиж байх хугацаандаа осолд өртөх зэрэг олон шалтгаан байна. Тээврийн хэрэгслийн жолоочийн хариуцлагагүй байдал, техникийн бүрэн бус байдал, хурд хэтрүүлэх зэрэг нь осол гарах шалтгаан гэж үзэж болно" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах