Цэс Close

Тавдугаар сард 838,576 зөрчил бүртгэгджээ

Зөрчлийн бүртгэл мэдээллийн нэгдсэн санд улсын хэмжээнд 2026 оны эхний 5 сарын байдлаар нийт 3,599,468 зөрчил бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 57.3 хувиар өсжээ. Үүнээс 838,576 зөрчил нь өнгөрсөн тавдугаар сард шинээр бүртгэгдсэн байна.

Тавдугаар сард бүртгэгдсэн зөрчлийн 89.9 хувь нь Нийслэлд, 10,1 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Үүнээс 99.5 хувийг Цагдаагийн байгууллага, 0,4 хувийг Гааль, Татвар, Гадаадын иргэн, харьяатын газар зэрэг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулжээ.

Бүртгэгдсэн нийт зөрчлийн 97.6 хувийг газар дээр нь, 1.0 хувийг хялбаршуулсан журмаар, 0.08 хувьд нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулсан бол 0.3 хувьд нь шүүхээс шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

2026 оны тавдугаар сард зөрчил гаргасан 798,942 хүнд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 0.4 хувиар, 36,659 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулсан нь өмнөх сараас 3.8 хувиар тус тус өсжээ. Эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаа явуулж, шийтгэл оногдуулсан зөрчлийн холбогдогчийн 76.4 хувь нь эрэгтэй, 23.6 хувь нь эмэгтэй, 30.4 хувь нь 36-45 насны хүмүүс байна.

Зөрчлийн улмаас хүн, хуулийн этгээд, төр, нийтийн ашиг сонирхолд нийт 9,6 тэрбум төгрөгийн хохирол учирснаас 3,2 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлсэн.

Зонхилон үйлдэгдсэн зөрчлийг өмнөх сартай харьцуулахад, автотээврийн тухай хууль зөрчих зөрчил 2762 бүртгэгдсэн нь 5.4 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 530 бүртгэгдсэн нь 10.9 хувиар, жолоочийн даатгалын тухай хууль зөрчих зөрчил 2793 бүртгэгдсэн нь 33.6 хувиар, олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 12853 бүртгэгдсэн нь 8.8 хувиар, замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих зөрчил 806,345 бүртгэгдсэн нь 0,12 хувиар тус тус буурсан бол танхайрах зөрчил 2579 бүртгэгдсэн нь 2 дахин өссөн байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах