Цэс Close

Татан буугдсан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэнэ

Татан буугдсан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэнэ

Цар тахлын халдварын эрсдэл нэмэгдэж буй энэ цаг үед Биобэлдмэл үйлдвэрлэл, үндэсний вакцины хяналтын лаборатори, вакцины үйлдвэрлэл нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг болоод байна. 

Иймд Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг бүрэн ажиллагаанд оруулж, цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэхээр Засгийн газрын хуралдаанд Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан асуудлыг  танилцуулж, шийдвэрлүүллээ.

Ингэснээр 2010 оноос  үйл ажиллагаа нь зогсоод байсан “Биобэлдмэлийн үйлдвэр” Ковид-19 цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нөхцөл нээгдэж байгаа бөгөөд Монголд үйлдвэрлэсэн биобэлдмэлийг энэ оны 3-р улирлаас эхлэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 1933 онд Цагаан цэцгийн  98000  хүн/тун  вакциныг үйлдвэрлэн дотоодын хэрэгцээгээ хангаж, “ЦАГААН ЦЭЦЭГ ӨВЧНИЙГ БҮРЭН УСТГАСАН АЗИЙН АНХНЫ ОРОН” болгож байсан энэхүү биобэлдмэл, вакцины үйлдвэр нь 88 жилийн түүхтэй, туршлагатай юм.  

Коронавирусийн цар тахлын үед вирүсийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд биемахбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Манай улсад хэвийн болон өвөрмөц иммуноглобулиныг халдварт шар, улаан бурхан, менингит зэрэг халдварт өвчний урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд хэрэглэж байсан туршлагатай. 

Иммуноглобулин гэж нэрлэгддэг энэхүү уургийн бэлдмэлийг өндөр тунгаар хийхэд хүндэвтэр зэргээр өвдсөн Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасгасан, хүндрэлээс шууд сэргийлсэн аюулгүй, үр дүнтэй болохыг баталсан байдаг. Хэвийн иммуноглобулиныг эмнэлзүйн туршилтгүйгээр Ковид-19 халдварын эмчилгээнд шууд хэрэглэхийг зөвлөсөн. Хүндэвтэр шатны эмчилгээнд эрт оруулахад хүндрэлээс маш сайн сэргийлэх чухал ач холбогдолтой юм.

Тус үйлдвэр нь хэвийн болон өвөрмөц иммунноглобулиныг 45 хоногт 60-100 литр сийвэнгээс 2000-3000 хүн тунгаар үйлдвэрлэж эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлнэ. Үүний үр дүнд монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүнийг хэрэглээнд нэвтрүүлж, Ковид-19 халдварын хүндэвтэр гэсэн оноштой өвчтөнд эрт тарьснаар хүндэрч нас барахаас сэргийлэн, Хоёрдогч нянгийн халдвараас сэргийлэхийн зэрэгцээ Вирусийн эсрэг эмчилгээнд дарангуйлагдсан дархлалыг сэргээж, Эмнэлгийн тусламжийн зардлыг бууруулан, Гадаад руу урсах мөнгөний урсгалыг бодитойгоор багасгана.

Өдгөө Монголд урьдчилан  сэргийлэх, эмчилгээний     зориулалтаар     хэрэглэгддэг     биобэлдмэлийн     бүтээгдэхүүнийг импортын   биобэлдмэл   100%   орлож   байна.   

Үйлдвэрийн тухай товчхон: 1932 оноос хойш Монгол Улсад анагаах ухааны биотехнологид суурилан эмчилгээний зориулалтын биобэлдмэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цорын ганц үйлдвэр ажиллаж, 15 төрлийн биобэлдмэл, 20 гаруй нэр төрлийн тэжээлт орчны бүтээгдэхүүнээр эрүүл мэндийн байгууллага, хүн амын хэрэгцээг хангаж байсан  туршлагатай. Анх үүсэн байгуулагдсанаас эхлээд одоог хүртэл ОХУ болон бусад орнуудтай хамтран судалгаа хөгжил, инноваци үйлдвэрлэлийг явуулж, ялангуяа уураг нөхөх альбумин, дархлаа сайжруулах хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, галзуугийн эсрэг вакцин, гэдэсний хижиг өвчнийг эмчлэх балнадын нян залгиур зэрэг  бүтээгдэхүүнүүд  нь  эрэлт өндөртэй байдаг.

Гэвч 2010 онд МХЕГ-аас үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016  онд Засгийн  газрын  149  тоот тогтоолоор “Биобэлдмэлийн үйлдвэр” аж ахуйн тооцоот, төрийн өмчит үйлдвэрийн газрыг  татан  буулгаж,  чиг  үүргийг  нь  Нийгмийн  эрүүл  мэндийн  үндэсний  төвд шилжүүлсэн түүхтэй. Харин 2019 оны 10 дугаар сард Шинжлэх ухааны шинэ технологийг ашиглан инновацийн загвар бүтээгдэхүүнийг лабораторийн түвшинд гаргаж, түүнийгээ үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээн нээсэн юм.

Цаашид Монгол улсад биобэлдмэл (хэвийн болон өвөрмөц иммуноглобулин, сийвэн) үйлдвэрлэх үндэсний вакцины хяналтын лаборатори байгуулах, улмаар нутгийн омогт суурилсан коронавирусийн үндэсний вакциныг үйлдвэрлэх хэрэгцээ, шаардлага бидэнд тулгараад байна.

БИОБЭЛДМЭЛИЙН ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН БА ЗАГВАРЫН ТУХАЙД:

  • 1955 онд  сахуу, татран өвчнийг эмчлэх ийлдэс
  • 1957 онд галзуу өвчний эсрэг вакцин
  • 1960 оноос сийвэн нөхөх, сэлбэх шингэн,   аминокровин   зэрэг   цусны бүтээгдэхүүн
  • 1981 оноос эрүүл эхийн эхсийн цусийг ашиглан доорхи бүтээгдэхүүнүүдийг дархлаа   дэмжих,   халдварт   өвчнөөс   урьдчилан   сэргийлэх,   эмчлэх зориулалттай хүний хэвийн иммуноглобулин, харшлын эсрэг гистаглобулин, уураг нөхөх 5-10%-ийн альбумин, коллаген агуулсан бэлдмэл болох шиллэг эд, гэдэсний  халдварт  өвчин,  суулгалтын  эсрэг  бэлдмэл  болох  балнадын нян  залгиур,  колибактерин,  бифидо  зэрэг  бүтээгдэхүүдийг  үйлдвэрлэж хүн  амын  эрүүл  мэндийг  хамгаалах  үйлсэд  үнэтэй  хувь  нэмэр  оруулж байлаа.
  • 2000-2019 онд  шинжлэх  ухаан,  үйлдвэрлэлийг  хослуулах,  хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх,     шинэ     технологи,     шинэ     бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд  нэвтрүүлэх   зорилгоор   Биотехнологийн   үйлдвэрийг   эрдэм шинжилгээний  хэсэгтэй  нэгтгэн,  10  гаруй  төсөл  хэрэгжүүлснээр  доорхи загвар бүтээгдэхүүнийг гаргаж үйлдвэрлэхэд бэлэн болоод байна. Үүнд: 
  •  Иммуноглобулин (булчин, судсанд тарих)
  • Гепатит С-ийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
  • Гепатит А вирүсийн эсрэг иммуноглобулин
  • Томуугийн эсрэг өвөрмөц иммуноглобулин
  • Интерферон
  • Гепатит В-ийн эсрэг ийлдэсийн вакцин
  • Гепатит А, В, С, ДОХ-ийн оношлуурууд
  • 99% цэвэршилттэй бүхий 5%,10%, 20%-ийн альбумин

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах