Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хүйтний эрч чангарч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.
Өнөөдөр 20:00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Ерөө голын хөндийгөөр -23…-28 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17…-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1…-4 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн хойд хэсгээр -5…-10 градус, бусад нутгаар -11…-16 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна, цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Агаарын температур өмнөх өдрөөс 9 градусаар хүйтэрч -16…-18 градус хүйтэн байна.
