Хүний эрхийн Үндэсний Комиссоос Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 22 дахь илтгэлийг долоон сэдвийн хүрээнд боловсруулж, УИХ-аар холбогдох шийдвэр гаргуулахаар 43 санал хүргүүлсэн билээ. Тус илтгэлийн I бүлэг болох “Халдашгүй чөлөөтэй байх эрх” бүлгийн хүрээнд Улсын Ерөнхий прокурор, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн зэрэг мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагын холбогдох албан тушаалтныг оролцуулсан хэлэлцүүлгийг ХЭҮК-оос 2023 оны дөрөвдүгээр сарын 24-ний өдөр зохион байгууллаа.

Мөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэх үндэслэл хэт өргөн хүрээтэй байгаагаас гадна уг арга хэмжээ авах шүүхийн хэлэлцүүлэг үр дүнгүй явагддаг, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг эцсийнх болгож хэрэглэдэг байх шаардлагатай. Нөгөөтэйгүүр хүнийг хууль зөрчиж баривчлах, дур мэдэн саатуулах нь хүний эрхийн зөрчил юм. Тиймээс хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр алба хаагчдын мэдлэг, хандлагыг дээшлүүлэх сургалтад тогтмол хамруулах шаардлагатай гэж Комисс дүгнэсэн” гэдгийг онцоллоо.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс мөрдөн шалгах болон хууль сахиулах байгууллагын үйл ажиллагаанд хуулийг нэг мөр хэрэглэх, сэжигтнийг баривчлах, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсэн талаарх тоон мэдээллийн цахим системтэй болох, амралтын өдөр, ажлын бус цагаар шүүхийн зөвшөөрөл авах үйл ажиллагааг шуурхай болгох, 24 цагийн жижүүрийн шүүгч ажиллуулах зэрэг анхаарах асуудлаар санал солилцлоо.

