Цэс Close

Уран бүтээлч Н.Батбаатар: “Адил үгүй ертөнц” хамтарсан үзэсгэлэнг олуулаа үзэж сэтгэлийн таашаал аваасай гэж бодож байна

Монголын зураачид дэлхийн түвшинд туурвиж байна гэж хэлдэг хүмүүстэй би санал нэг байдаг. Уран зургийн талаар илүү их ойлгож, сонирхож эхэлсэн цагаасаа би тэднийг ямар бүтээлч хүмүүс болохыг цаг ямагт мэдэрдэг.  Монголд маань зураач уран бүтээлчдийн үзэсгэлэн дэлгэгдээгүй нэг ч өдөр үгүй болжээ.  Уран зургийн галарейнууд нэмэгдэж, тэр цэлгэр том танхимууд бүтээлгүй өнжинө гэж  үгүй нь манай зураачид ямар их бүтээлч байгааг  харуулна.  Харин тэднийг мэргэжлийн түвшинд үнэлэх хүмүүс бусдыг нь өгүүлэх бизээ.

“Монгол Арт” арт галерейд 2023 оны 03 дугаар сарын 02-06 ны өдрүүдэд "Artscape-2" үзэсгэлэн  дэлгэгдэх гэж байна.

“Адил үгүй ертөнц” хэмээх энэхүү үзэсгэлэн контемпорари арт, экспрессионист, абстракт, ботаникал арт, холимог арга техник  хосолсон дөрвөн уран бүтээлчийн 40 орчим бүтээлээс бүрдэх юм.  Тэдний нэг  уран бүтээлч Н.Батбаатартай товч ярилцлаа.

-  “Адил үгүй ертөнц” хамтарсан үзэсгэлэнд оролцож байгаад тань баяр хүргэе. Таны хувьд бие даасан  үзэсгэлэнгээ таван удаа гаргаж,  гадаад дотоодын хамтарсан олон үзэсгэлэнд оролцсон. Энэ удаагийн үзэсгэлэнгийн гол онцлог нь юу вэ? Энэ тухай яриагаар ярилцлагаа эхэлье.

- Баярлалаа. Уран бүтээлч хүнд бүтээлээ үзэсгэлэнгийн танхимд дэлгэнэ гэдэг бол яахын аргагүй онцлох үйл явдал байдаг. Энэ удаагийн хамтарсан үзэсгэлэнгийн маань гол онцлог нь олон янзын арга барил, хэлбэр, илэрхийлэл бүхий уламжлалт бүтээлээс орчин үеийн холимог арга техник, барилтай бүтээл туурвидаг уран бүтээлчид хамтарч байгаагаараа онцлогтой.  Миний хувьд  2012 оноос эхлэн уран бүтээлээ хийж, одоогоор 100 гаруй бүтээл туурвисан. Бие даасан гурван үзэсгэлэн гаргасан. Уран зургийн суурьтай бүтээлүүдэд хөрөг зураг болон судалбар зураг давамгайлдаг. Сүүлийн жилүүдэд монгол зургийн элементүүдээр баяжуулсан холимог техниктэй хослуулсан аж байдлын, түүхэн сэдэвтэй шинэ туршилт бүхий бүтээлүүд туурвиж байна. Абстракт болон монгол зургийн элемент бүхий хэлбэрүүдийг багтаасан, реалист зургийн барилыг нэгтгэхийг эрмэлзэх бүтээлүүдэд маань үлгэр домгийн сэтгэлгээ зонхилдог. Энэхүү бүтээлүүд маань хувь хүний цуглуулгад их бий.

-  “Адил үгүй ертөнц”  үзэсгэлэнгийн дөрвөн уран бүтээлчийг нэгтгэсэн гол зүйл юу вэ?

- Биднийг нэгтгэж байгаа зүйл бол ерөөсөө л уран бүтээл. Яг энэ үзэсгэлэнгийнхээ нэр шиг дөрвөн өөр ертөнц, нэг танхимд өөр өөрийн уран бүтээлээрээ нэгдэж, уран бүтээлээ дэлгэнэ. Зан араншингийн хувьд ч нэг тийм зөөлөн хүмүүс нийлчихсэн юм уу даа гэж харж байна. Гэхдээ энэ нэг их чухал биш л дээ. Хүмүүс үзэсгэлэнг маань олуулаа үзэж сэтгэлийн таашаал аваасай гэж бодож байна.

-  Энэхүү үзэсгэлэнд оролцож байгаа уран бүтээлчдийн хувьд олон төрлөөр туурвидаг хүмүүс нэгджээ гэж харж байна. Таны хувьд ямар чиглэлээр уран бүтээлээ туурвидаг вэ?

- Тийм. Адил үгүй ертөнц”   үзэсгэлэнд оролцож байгаа дөрвөн уран бүтээлчийн нийтлэг байдал нь бол маш олон төрлөөр туурвидаг хүмүүс нэг дор цугларсан байгаагаараа онцлог юм. Миний хувьд элдэв урсгал чиглэл гэж байхгүй. Би өөрийнхөө хүссэн уран бүтээлийг л хийдэг. Би өөрийн хиймээр байгаа бүтээлүүдээ элдэв изм, урсгал чиглэлд харьяалагдахгүйгээр бүтээхийг зорьдог. Хамгийн гол нь би юу хийх вэ гэдгээ л мэдэж байх хэрэгтэй. Би хөрөг зурах дуртай. Хөрөг зургийг бол уран зургийн гол үндэс гэдгийг нь хүн бүхэн мэднэ. Зун, намар, хавар бол хөдөө явж  байгаль дээр байгалийн зураг буюу судалбар зураг зурах дуртай. Байгальд  бүтээл зураг зурах мэдрэмж сайхан. Өвөл ч бас заримдаа гарч бүтээлээ хийх хамгийн аз жаргалтай агшнуудын маань нэг. Мөн урландаа ирэхээр өөрийн хүссэн реалист чиглэлээр болон дээр дурдсан абстракт суурьтай монгол зургийн арга элементүүдийг ашиглаад уран зургийнхаа хэллэгт тохируулан уран бүтээлээ туурвиж байгаа ажлаа их шинэлэг гэж боддог. Эцсийн дүнд уран бүтээлийг маань ямар изм, урсгал чиглэлд хамааруулахыг судлаачид л илүү оновчтой  дүгнэж хэлдэг.

-  Уран бүтээлч хүн бүхэнд өөрийн эрхгүй зурчихаад байдаг өнгө, сэдэв гэж байдаг болов уу? Таны  хувьд.....

-Уран бүтээлч хүний сэтгэлгээ, оюун бодол гэдэг бол хамгийн эрх чөлөөтэй байх ёстой. Тиймээс би ч гэсэн уран бүтээлч хүний хувьд бүхий л өнгийг уран бүтээлдээ тусгаж, хувьсаж, ямар нэг үзэл санаанд баригдахыг хүсдэггүй. Зураач хүний өнгөний таашаал бол байнга өөрчлөгдөн хувьсаж байдаг. Дэлхийн алдартай зураач Пикассо л гэхэд өнгийг таашаах 5 үеийг туулдаг. Сэдвийн хувьд ч бас маш чөлөөтэй. Би юу хийх вэ гэдгээ мэдчихсэн л бол тэр сэдвээрээ, тэр мэдэрч байгаа өнгөөрөө бүтээлээ туурвидаг.

-  Уран бүтээл гэдэг тухайн уран бүтээлчээс төвлөрөл их шаарддаг ажил. Харин хүн хүний төвлөрөх арга барил, бүтээлээ хийх орон зай, цаг улирал харилцан адилгүй байдаг болов уу? Таны хувьд бүтээл дээрээ хэрхэн төвлөрдөг вэ?

-Уран бүтээлч хүний оюун санаа төвлөрч л бүтээл хийнэ.  Би бусдын л нэгэн адил хийж байгаа бүтээл дээрээ хэсэг төвлөрөөд нэг л мэдэхэд шинэ бүтээлийн ард гарна. Нэг дор олон цагаар төвлөрөх бол боломжгүй л дээ. Ер нь ямар ч уран бүтээлчид ганцаараа байхдаа бүтээлээ хийдэг гэдэгтэй бол би санал нэгдэнэ. Мэдээж олон хүний өмнө зураад байна гэж байхгүй. Байгаль дээр ч бид өөр өөрсдийн байршлаа олоод л тэндээ төвлөрч  зураад  эргэж цуглаад түр амсхийгээд хоорондоо ярилцах, кофе уух гэсэн өрнөлтэй л байдаг.

-  Хүүхдэд урлагаар дамжуулж боловсрол олгох хэрэгтэй гэдэг талаар ?

-Урлаг хүнд уран сайхны мэдрэмж, зохих таашаал өгдөг тухай бол олон ном бүтээлд бичигдсэн байдаг. Би тэр түвшинд бол урлаг хүнд зайлшгүй хэрэгтэй гэж боддог. Урлагт ойр хүн бол ямар ч зүйлд маш их мэдрэмжтэй ханддаг гэдэгт итгэлтэй байна.

-  Нийгэмдээ санаа зовнидог, эмзэглэдэг, нэн тэргүүнд шийдчихээсэй гэж боддог ямар асуудал байдаг вэ?

-Өвөл болохоор амьдрах аргагүй болгодог утаа, цаг зав барсан түгжрээ хоёрт л хамгийн их сэтгэл зовдог доо. Энэ бүхнээс үүдэж,  цаг хугацаа алдах, эрүүл мэндээрээ хохирох бүр хэрээс хэтэрлээ шүү дээ. Үүнийг мэдэлтэй хүмүүс нь  шийдэхгүй байна гэдэг асуудал гэж хардаг.

-  Таны уран бүтээлдээ баримталдаг гол зарчим юу вэ?

- Чин сэтгэлээсээ уран бүтээлдээ хандах бол миний зарчим юм. Миний оюун ухаанаас гарч байгаа  тэр  дуу хоолой бол миний уран бүтээл. Энэ дуу хоолойгоо илүү сайн гаргах хэрэгтэй гэж хэлэх дуртай. Уран бүтээлч хүн ийн туурвисан бүтээлийнхээ  ард гарчихаад  өөртөө би овоо доо гээд  урам өгөөд зогсож байх бол хамгийн том таашаал байдаг юм.

-  Таны намтрыг уншиж байхад Монголын уран зургийн галарейн захирлаар багагүй хугацаанд ажилласан байна. Монголынхоо уран зургийн хөгжлийг та хэрхэн үнэлж дүгнэдэг вэ?

- Миний хувьд МУЗГ-н захирлын албыг хашиж байхдаа уран бүтээлчдийнхээ бүтээлийг олон улсын үзэсгэлэнд оролцуулах талаар багагүй ажлууд зохион байгуулсан. Би уран бүтээлч хүний хувьд дэлхийн олон оронд очиж, галарей үзээд явж байхад  спортоор бол олимпийн хэмжээний үзэсгэлэнд манай зураачид их өндөр түвшинд  үнэлэгдэн, хөгжлийн өндөр түвшинд хурдтай явж  байгаа. Нийгмийнхээ түүчээ  шувуу шиг урд нь гарч, соён гэгээрүүлэх үүргээ сайн биелүүлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Зураг, уран бүтээл гэдэг бол хоёр ондоо асуудал. Тиймээс энэ урлагийг ойлгох ард түмнийхээ урлагийг боловсролыг илүү  өндөр түвшинд болгоход төр засгийн бодлого үгүйлэгдэж байна гэж хардаг.

  • Баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

                                                                                                                                   Сэтгүүлч Б.Төгсжаргал

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах