Цэс Close

У.Хүрэлсүх: Мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны ажил биш

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Усны салбарын тулгамдсан асуудал, шийдэл” сэдэвт эрдэмтэд, мэргэжилтнүүдийн зөвлөлдөх уулзалтыг Төрийн ордонд зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтыг нээж хэлсэн үгэндээ мод тарих, ойжуулах нь зөвхөн ойн салбарынхны үүрэг биш. Ургамал, ус, хөрс, бичил уур амьсгал судлал, хөрс хамгаалал зэрэг олон салбар, төр засаг, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн идэвхтэй оролцоотой ажил гэдгийг тодотгов.

Мөн ойн нөөцийг хамгаалах, ойжуулахын тулд нэн түрүүнд усжуулалт, усан хангамжийг шийдвэрлэх шаардлагатайг хэлэв.

Тэрбумаар тоологдох мод тарьж ургуулахад жилд 300-500 сая шоо.метр ус шаардлагатай гэсэн тооцоог мэргэжилтнүүд гаргасан байна. Энэ нь гол мөрний усны нийт урсацын нэг орчим хувийг ашиглана гэсэн үг.

Тодруулбал, улсын хэмжээнд жилдээ ашиглаж байгаа 590 сая шоо.метр усны хэмжээг 50-80 орчим хувиар нэмэгдүүлэх төлөв гарсан байна. Энэ нь усны нөөц ховор манай орны хувьд бага биш хэмжээ юм.

 

Иймээс Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мод тарих, ойжуулахад шаардагдах усны хэрэгцээг шийдвэрлэхдээ:

  • Ойн санг нэмэгдүүлэх, ойжуулалт хийх талбайг сонгохдоо нэн тэргүүнд урьд өмнө нь ойтой байсан гол, нуурын эрэг, татмын ойг нөхөн сэргээх, байгалийн ойн талбайн тархалтыг нэмэгдүүлэх;
  • Хуримтлуулсан ус, цасыг усалгаанд ашиглах, биологийн болон техникийн арга, хэрэгслээр хөрсний чийгийн ууршилтыг багасгах;
  • Хөв, цөөрөм, усан сан, хиймэл нуур байгуулах, усанд хэмнэлттэй дуслын, хөрсөн дотроос нэвчүүлэх зэрэг усалгааны арга технологи, тоног төхөөрөмж ашиглах, аливаа санал, санаачилгыг бүх талаар дэмжих;
  • Үйлдвэрийн болон ахуйн хэрэглээний бохир усыг цэвэрлэж ашиглах;
  • Гадаргын усыг хангай, төвийн бүсээс говийн бүсэд шилжүүлэн үйлдвэрлэл, уул уурхай, хөдөө аж ахуй, ойжуулалтын усан хангамжийг шийдвэрлэх төслүүдийг хугацаа алдалгүй хэрэгжүүлэх зарчим баримтлахыг чиглэл болголоо.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах