Цэс Close

Хот хоорондын тасалбарыг зөвхөн цахимаар захиална

Хот хоорондын нийтийн тээвэр 3 дугаар сарын 1-нээс зорчиход бэлэн болоод буйг АТҮТ-өөс мэдээлж байна. Ингэхдээ Улаанбаатар хотоос орон нутаг руу автобусаар зорчих иргэд хот хоорондын нийтийн тээврийн тасалбарыг зөвхөн цахимаар захиалах талаар мэдэгдэж байна. Онлайн захиалгын программ нь "Гэрэгэ" системстэй холбогдох тул ПСР шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дотор билетээ бичүүлэх боломжтой аж. Шинжилгээ өгөөгүй бол зорчих тасалбар бичигдэхгүй юм байна.

Хот хоорондын нийтийн тээврийн үйлчилгээ "COVID-19"-ийн цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж өнгөрсөн хугацаанд 5 удаагийн хязгаарлалтад ороод байсан юм. Харин энэ оны 3 дугаар сараас эхлэн хэвийн горимдоо орохоор бэлтгэлээ хангажээ. АТҮТ-тэй гэрээтэй 61 ААН-ийн автобус 67 чиглэлд зорчигч тээвэрлэдэг байна. Дээрх байгууллага, ААН-үүд тээврийн хэрэгслээ техникийн аюулгүй, бүрэн байдлыг хангах үзлэг оношилгоонд оруулж, халдвараас сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар хийлгээд байна. Албан ёсны шийдвэр гараагүй ч бэлэн байдлаа хангаж, хот хоорондын нийтийн тээвэр зорчиход бэлэн гэдгийг АТҮТ-ийн Зорчигч тээврийн албанаас мэдээлж байна. 

Мөн ЗТХЯ-наас өгсөн чиглэлийн дагуу аймаг, орон нутаг дахь Авто тээврийн төвүүд бэлтгэлээ хангажээ. Тухайлбал, Улаанбаатар-Улаангомын чиглэлд нийт 54 автобус үйлчилдэгээс 53 нь техникийн үзлэгт ороод байна. Дорнод аймгийн Авто тээврийн төв хот хоорондын нийтийн тээврийн цагийн хуваарийг өөрчилж, үндсэн цагийн хуваариар өдөр бүр 08.00-13.00, 18.00 цагт зорчдог байсан бол одоо халдвараас сэргийлж, өдөрт 1 удаа, оройн 18.00 цагт Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд богиносгосон цагаар явж байхаар болжээ. Энэ чиглэлд 5 ААН-ийн 40 орчим автобус зорчдог байна. Хот хооронд явах аймаг, орон нутаг болон нийслэлд бүртгэлтэй 958 тээврийн хэрэгсэл, 1400 мэргэшсэн жолооч байдаг аж. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах