Цэс Close

Цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл хүйтэн дайнаас хойших хамгийн дээд түвшинд хүрсэн

Дэлхий дахинд цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл хүйтэн дайны үеэс хойших хамгийн дээд түвшинд хүрээд байна гэж дэлхийн тулгамдсан асуудлуудыг судалдаг Стокхолмын олон улсын хүрээлэн (SIPRI) тайландаа дурджээ.

Одоогийн байдлаар "цөмийн зэвсгийг хорогдуулах үйл явц дууссаныг илтгэх тодорхой шинж тэмдгүүд ажиглагдаж байгаа" хэдий ч “цөмийн клубын бүх гүрэн (ОХУ, АНУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Израил, БНАСАУ) цэнэгт хошууныхаа тоог нэмэгдүүлж, цөмийн зэвсгээ шинэчлэн сайжруулж байна" гэж тайланд тэмдэглэсэн байна. Тухайлбал, "Өнгөрсөн онд Их Британи цөмийн цэнэгт хошууныхаа нөөцийн хязгаарыг нэмэгдүүлж, тоог нь олон нийтэд мэдээлэхгүй байхаар шийдсэнээ " мэдэгдсэн бол Франц "цөмийн зэвсгээр тоноглогдсон, гурав дахь үеийн шумбагч онгоцыг хөгжүүлэх хөтөлбөрийг албан ёсоор эхлүүлжээ".

Түүнчлэн Энэтхэг, Пакистан улсууд "цөмийн зэвсгийнхээ нөөцийг нэмэгдүүлж, зөөвөрлөх шинэ систем боловсруулж байгаа" бол Израил улс мөн "цөмийн зэвсгээ шинэчилж байгааг" онцолсон байна. Үүний зэрэгцээ БНАСАУ "цөмийн зэвсгийн туршилтыг идэвхтэй явуулж" байгаа билээ. Шинжээчдийн тооцоолж буйгаар, тус улс "хэдийнээ 20 цэнэгт хошуу үйлдвэрлэсэн бөгөөд нэмж 45-55 нэгжийг үйлдвэрлэх хангалттай нөөцтэй болжээ". Эцэст нь SIPRI -ийн шинжээчид Хятадад пуужин хөөргөх 300 шинэ цооног барих ажил үргэлжилж байгааг хиймэл дагуулын зургууд харуулсныг дурдсан байна. Ойрын арван жилд цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэнэ гэж шинжээчид таамаглаж байна. Хэрэв одоогийн чиг хандлага энэ хэвээр үргэлжилбэл хүйтэн дайнаас хойш анх удаа дэлхийн цөмийн цэнэгт хошууны тоо нэмэгдэж эхлэх төлөвтэй байна.

 

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах