Цэс Close

“Шинэ хоршоо"-ны гишүүн малчин зургаан хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломжтой

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн санаачилсан Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай  хуулийн төслийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар эцэслэн баталсан. Хуулийн хүрээнд Засгийн газраас “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг өрнүүлж, хоршооны гишүүн малчдад 6 хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая хүртэлх төгрөгийн зээл олгох боломжтой болсон билээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан: "2024 оны цас зудын нөхцөл байдлаас шалтгаалан мал аж ахуй цаашид хангалттай тэсэж гарах боломжгүй гэсэн дүгнэлтэд хүрсэн. Тиймээс бид хот, хөдөө гэлгүй мал ахуйн салбартаа нийтээрээ анхаарал хандуулах шаардлагатай байна.

Засгийн газрын зүгээс “Шинэ хоршоо хөдөлгөөн”-ийг эхлүүлж, бодитой хөрөнгө оруулах шаардлагатай гэж үзсэн. Хөтөлбөрийн гол зорилго нь хоршоонд нэгдсэн малчид, иргэдээр дамжуулан мал аж ахуйн салбарт хөрөнгө оруулалт хийх боломжийг бий болгож байгаагаараа онцлог юм.

Мөн малчид хоршооны хэлбэрээр ажиллаж, хөрөнгө оруулалтын зээл авч, түүхий эдээ зах зээлд өндөр өртгөөр борлуулж ашиг орлого олох боломжийг нээсэн хуулийн төслийг өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 19-ний өдөр баталсан. Ирэх долоо хоногт Монгол Улсын Засгийн газраас хуулийн төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг батална.

“Шинэ хоршоо хөдөлгөөн” нь хоршооны гишүүн малчин зургаан хувийн хүүтэй, 80-100 хувийн батлан даалтаар 50 сая төгрөг хүртэлх зээл авах боломж ийнхүү бүрдэж байна. Малчид энэ зээлээрээ нэгдэж, түүхий эд бүтээгдэхүүндээ анхан шатны боловсруулалт хийж, нэмүү өртөг шингэсэн үнээр зах зээлд нийлүүлнэ" гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах