Цэс Close

"Шунхлай" компанийн гүйцэтгэх захирал Ж.Мөнхнаран: Шатахууны үнэ ойрын хугацаанд буурахгүй

Шатахууны үнэ нэмэгдсэн асуудлаар УУХҮЯ, Монголбанк, АМГТГ болон бусад ААН-үүдтэй хамтарсан уулзалт хийж байна. 

Өнгөрсөн сарын сарын эхнээс шатахуун импортлогч ААН-үүд шатахууны үнээ литр тутамд 300 төгрөгөөр нэмж, АИ-92 авто бензин 1740-1750 төгрөгийн үнэтэй болсон юм. Мөн 30-ны өдөр дахин 300 төгрөгөөр нэмж АИ-92 төрлийн авто бензиний үнэ литр тутамдаа 2050-2100 төгрөг болж өссөн юм.

Энэ үеэр Уул уурхайн сайд Г.Ёндон "Манай улсад шатахууны жижиглэнгийн үнийн 70 хувийг хилийн үнэ бүрдүүлдэг.  Хилийн үнэ өссөн тул шатахууны үнэ өслөө. 2018 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр газрын тосны бүтээгдэхүүний онцгой албан татварыг АИ-80, АИ-92 дээр тэглэсэн. Энэ шийдвэр одоог хүртэл хэвээрээ байгаа. Вакцинжуулалтыг 60 хувьд хүрэх хүртэл АИ-92 бензиний үнийг 1,450 төгрөгт барихаар ААН-үүдтэй тохирсон байсан. Энэ оны нэгдүгээр сараас зургаадугаар сар хүртэл ААН-үүдийн алдагдал литр тутамд 600 төгрөгт хүрсэн. Энэ хэвээрээ байсан бол бензиний хомсдолд орохоор байлаа. Нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээж эхэлсэн" гэлээ.

ААН-үүд үүдээ нээсэн тул шатахууны үнийг нэмэх цаг болсон. Төр засаг үнэд хяналт тавьдаг ч үнийг тогтоодоггүй. Өнгөрсөн хугацаанд бид ААН-үүдэд ямар ч санхүүжилт, татаас олгоогүй юм шүү. Төрөөс мөнгө өгснөөр ААН-үүд үнээ нэмээгүй гэх буруу ойлголт байна. Дархлаажуулалт үр дүнд хүрээгүй бол байдал үнэхээр хэцүү байх байлаа гэж ААН-үүдийн төлөөлөл ярилаа.   

"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Компаниуд олон сарын турш алдагдал  хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болсон. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувиар өссөн. Энэ өсөлт шатахууны үнийн өсөлтөөс өмнө болж өнгөрсөн. Ирэх есдүгээр сард үнэ өсөж болзошгүй.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: Цаашид үнэ өсөхгүй, тогтвортой байна гэж бодож байна. Учир нь ОПЕК гарцаа нэмлээ. Олон улсад үнэ буурахад манай улсад ч дагаад буурдаг. АИ-92 шатахууныг бид 1730 төгрөгөөр нэг жилийн турш хэрэглэлээ. Дизелийн үнэ ч буурсан. Манай улсад нийт газрын тосны 35 талбай ялгаснаас 3 нь ашиглалтын талбай юм. Бид жилд 200-300 тэрбум ам.долларын орлогыг газрын тосны худалдаанаас олж байна. Газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход бид "Петро чайна дачин тамсаг"-оос тос авдаг болно. Улс 30 мянган тонн шатахууны нөөц бүрдүүлснээр ААН-үүд үнээ 50-100 төгрөгөөр бууруулах боломж бүрдсэн.  Одоо улсын нөөцөд 12.7 мянган тонн, ААН-үүдэд 120 мянган тонн тос байна. Засгийн газрын 74 дүгээр тогтоол буюу өчигдөр байгуулсан сэлгэн хадгалах түр журмаар нөөцөө нэмнэ. Тодруулбал АИ-93 шатахууны нэг сарын нийт хэрэглээний 90 хувийг улсын нөөцөөр бүрдүүлнэ. 

"Шунхлай" компанийн захирал н.Мөнхнаран: Бид хоёрдугаар сараас алдагдал хүлээж ирсэн. Нийгмийн хариуцлагын хүрээнд үнээ саяхныг хүртэл нэмээгүй. АИ-92 шатахууны өртөг үнэ нь 2070 төгрөг байгаа ч бид 2050 төгрөгөөр худалдаж байна. Тэгэхээр цаашид үнэ ойрын хугацаанд буурахгүй. Тавдугаар сараас борлуулалт өссөн. Хэдий чинээ борлуулалт өснө, тэр хэрээр бидний алдагдал өссөн.      

АМГТГ-ын дарга Ц.Хэрлэн: Бид тосоо гаргаад арваад жил боллоо. Улсын төсөвт нийт 2.3 их наяд төгрөгийн орлого оруулжээ. Шатахууны үнэд хяналт тавина гэдэг нь аль болох иргэдийн нуруунд ачаалал үүсгэлгүйгээр хамгийн бага түвшинд байлгахаар ажилладаг. Өчигдөр зарим ААН жижиглэнгийн үнээ 50 төгрөгөөр буулгасан. Өнөөдөр мөн бууруулахаа зарим ААН мэдэгдсэн.   

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах