Цэс Close

Шүүхийн шинэчлэл: Бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага

Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд “Шүүхийн шинэчлэл: бие даасан байдал, чиг үүрэг, хариуцлага” сэдвээр илтгэл тавьсан. Ерөнхий шүүгч чуулганы үйл ажиллагаанд зориулан бэлдсэн илтгэлээ хураангуй байдлаар танилцуулсан бөгөөд илтгэлийг бүрэн эхээр нь нийтэлж байна. 

            Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын Үндэсний чуулганд оролцож байгаа Та бүхний амар амгаланг айлтгая.

            Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө!

            Эрхэм мэргэжил нэгт нөхөд, хуульчид, хүндэт зочид, төлөөлөгчид өө!

Өнөөдөр бид Монгол Улсын эрх зүйн хөгжил, үндэсний эрх зүйн тогтолцооны хүрсэн түвшин, хэтийн чиг хандлага, тулгамдсан асуудлыг нүүр тулан ярилцаж, санал бодлоо солилцож, цаашид эрх зүйн ахиц дэвшилд хөтлөх бодлого, нэн тэргүүний алхмуудаа тодорхойлох, улс орны хөгжлийн төлөө нэгэн зүгт харах зорилго өвөрлөн ийнхүү хамтаар чуулж байна.

Төрийн засаглалын “тулгын гурван чулуу” хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг түшилцэж яваа эрх зүйчид бид эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоох өндөр үүрэг хүлээсэн. Хүмүүнлэг ёс, шударга байдал, тэгш эрх, үл ялгаварлалыг олж харах эцсийн цэг нь хууль хэрэглэх, сахиулах үүрэгтэй бид болох тул иргэд, нийгэм, олон нийтийн зүгээс бидэнд цаг ямагт өндөр шаардлага тавьж байгаа. Бид энэ хүлээлт, шаардлагыг хангаж ажиллах ёстой.

Одоогоос 23 жилийн өмнө Улсын Их Хурлаас “Эрх зүйн шинэтгэлийн хөтөлбөр”-ийг үндсэн долоон чиглэлээр хэрэгжүүлэхээр баталж, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан нийгмийн байгуулал, эрх зүйн систем бүрдэх үндсийг тавьсан. Энэ үйл явдлаас хойш үндэсний эрх зүйн системийг боловсронгуй болгох зорилготой хууль тогтоомжийн шинэчлэлүүд хийгдэж, зарим үр дүнд хүрсэн хэдий ч 2019 онд хийгдсэн Үндсэн хуулийн өөрчлөлт нь шүүхийн системд урьд өмнө хийгдэж байгаагүй томоохон өөрчлөлтийг авчирч байна.

Энэ өөрчлөлтөөр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, шүүгчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх, шүүх иргэдэд хүртээмжтэй байхад чиглэсэн шүүх эрх мэдлийн шинэчлэлийн эрх зүйн үндсийг тавилаа. Шүүхийн бие даасан, хараат бус байдал бол хуулийн системийн шинэчлэлийн эх үндэс мөн юм. Тиймээс юуны өмнө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудалд Та бүхний анхаарлыг хандуулъя.

             Нэг. Шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал бол системийн шинэчлэлийн суурь тул баталгаатай хангах шаардлагатай.

2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр батлагдсан Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулга нь Үндсэн хууль дахь шүүхийн шинэчлэл “амь орж” хэрэгжих, мөн хуулийн систем дэх цаашдын шинэчлэлүүд өрнөх нөхцөлийг бүрдүүллээ. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүх эрх мэдлийн бие даасан, хараат бус байдлыг хангах үндсэн загварт зарчмын өөрчлөлт орсон тул үүнийг шинэчлэлийн түвшинд анхаарч авч үзэх ёстой.

 Хууль батлагдах нэг хэрэг. Харин хуулийг үзэл баримтлалд нь нийцсэн тэр агуулга, зарчмаар хэрэгжүүлэхэд гол нь бид ойлголтоо нэгтгэж, чиг хандлагаа зөв тогтооход хүчин чармайлт гаргаж ажиллах нь зайлшгүй.

 Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөөс өмнө харамсалтай нь эрх зүйн соёл, улс төрийн хандлагын хувьд  шүүх эрх мэдэлд улс төрийн зарим оролцоог de facto хүлээн зөвшөөрч ирсэн. Ингэхдээ зарим нөхцөлийг бүр хуульчлан баталгаажуулж, шүүгчдийг шилж олох чиг үүрэгтэй Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийн томилгоо улс төрийн нэг бүтцээс хамааралтай явж ирснийг бид мэдэж байгаа. Тэгвэл Үндсэн хууль дахь шүүхийн энэ удаагийн шинэчлэлээр шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, сахилга хариуцлагын асуудлыг улс төрийн нэг бүтцээс хамааралтай байдлыг халж, шүүхийн өөрийн оролцоо, удирдлагыг хангах шинэ загварыг бий болгоод байна.

Бие даасан шүүхийн гол мөн чанар нь хүний нөөцийн сонгон шалгаруулалт, шүүгчийн нэр дэвшүүлэлт улс төрийн болон аль нэг этгээдийн шууд ба дам оролцооноос ангид байхад оршино. Тийм ч учраас шүүгчийг шилж олох ажилд хөндлөнгийн зүй бус оролцоог хумихыг зорьж, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдсэн.

Энэ удаагийн шинэчлэлийн дүнд шүүгчийг шилж олох ажлыг хариуцаж буй Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний тэн хагасыг шүүгчид өөрсдөө Нийт шүүгчийн чуулганаас сонгох эрх зүйн үндэс бүрдсэн нь шүүхийн системд амин чухалд тооцогдох шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг сахин хангасан явдал мөн. Үүний хэрэгжилт одоо шүүгчдээс өөрсдөөс нь шалтгаална.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүний нөгөө тэн хагасыг томилоход төрийн бусад институц оролцохоор зохицуулсан. Үүнд улс төрийн шалгуураар бус харин уг ажлыг хэн нь илүү хийж гүйцэтгэж чадах мэргэжлийн, боловсролын, ёс зүйн, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, нэр дэвшигчдээс хамгийн сайн шаардлага хангасан хуульчийг шилж сонгох чадвараараа өрсөлдөж томилогдох хуультай. Үүнд улс төрийн болон эрх нөлөөтэй этгээдүүд явцуу ашиг сонирхлоо хязгаарлаж, энэ чиг үүргийг хүлээсэн Ажлын хэсгийг чөлөөтэй ажиллах нөхцөлөөр хангахгүй бол хуулийн хэрэгжилт, үзэл баримтлал гажуудалд хүрнэ гэдгийг цохон тэмдэглэе.

Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хороог бүрдүүлэхэд нийт шүүгчид өөрийн удирдлагын бүтэц болох чуулганаараа дамжуулан оролцох, улмаар тэдэнд нэг дарга, нэг хүн биш, харин шүүгчид нийтээрээ хэлэлцэн шийдэж, үгээ дайж үүрэгжүүлэх, болохгүй бол эгүүлэн татаж огцруулах боломж бүрдсэн. Түүнчлэн анхан, давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн томилгооны тогтолцоог халж, Танхимын тэргүүн, Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажлаа.

Энэ бол шүүхийн хараат бус байдал, дотоод ардчиллыг бэхжүүлэхэд нэг алхам урагшилж буй үйл явдал мөн. Гагцхүү энэ механизмыг шударгаар хэрэгжүүлэх ёстой. Бусад шүүгчдээ зөв манлайлах, хараат бус байдлаа хадгалж сайн дуурайл үзүүлэх, ёс зүйн үлгэр жишээ болох нэгнээ шүүгчид дотроосоо сонгон томилох байдлаар энэ механизмыг зөв ажиллуулах нь шүүгчдийн үүрэг болж байна.

 Тиймээс одоо шүүгчид бид бусдаас бие даасан, хараат бус байдлын баталгааг нэхэж шаардахаас өмнө шинэчлэлийн эдгээр боломжийг зөв, шударгаар ашиглаж, өөрт ногдох ачааг өөрсдөө үүрч, хариуцлагаа ч хүлээх цаг үе ирсэн.

Өөрчлөлт, шинэчлэл нь аливаа алдааг засаж сайжруулахад оршдог. Шүүх эрх мэдлийн байгууллагын зарим үйл ажиллагаа, хуульчдын ёс зүйн байдлын талаарх олон нийтийн үнэлгээ, хандлага сөрөг талдаа давамгайлж  байгаа нь үнэн. Олон улсын болон бие даасан судалгааны байгууллагуудын үнэлгээ ч ойролцоо байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн шинэтгэлийн арван үр дүн гэсэн мэдээллийг 2015 онд олон нийтэд танилцуулсан. Тэнд дурдсан арван үр дүнгээс “шүүхийн бие даасан байдал”, “мэргэшсэн шүүх, шүүгч”, “шүүгчийн хараат бус байдал”, “хүний нөөцийн шинэтгэл”, “шүүхэд итгэх итгэл” гэсэн хэсгүүдэд хүлээлт хангах нааштай үр дүн гарахгүй байсаар өдийг хүрлээ. Үндсэн асуудлууд болох бие даасан, хараат бус байдал, хүний нөөцийн сонголт, томилгоо зэрэгт хэлбэрийн шинэтгэл хийгдсэн боловч агуулга шинэчлэгдээгүй явж ирсэн.

Иймд бид бие даасан, хараат бус байдал, сахилга хариуцлагыг дээшлүүлэх талаар Үндсэн хууль болон хууль тогтоомжийн түвшинд эрх зүйн үндэслэл, зохицуулалтууд бий болсон гэж сэтгэл амрах болоогүй байна.

 Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын 2019 оны судалгаагаар шүүгчид нэр дэвшүүлэх, шилж олох ажиллагааг эрхлэх  байгууллагад нээлттэй, ил тод, тэнцвэртэй байдлыг хангахгүй бол тэр орон зайд улс төр, бизнесийн бүлэглэл нөлөө тогтоодог гэдгийг анхааруулжээ. Тавигдах шалгуурыг тодорхой болгож, мөн сонгон шалгаруулалтын үнэлгээг нь харгалздаг болсноор “хамаарлаас ангид” шүүгчдийг шалгаруулах зорилго хангагдах юм.

Цаашид шүүгчийн хараат бус байдалд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна. Социализмын үеийн шүүхийг тодорхойлдог “телефон жастис” буюу дээр байгаа даргаас утасдаж хэрэг шийдүүлдэг тогтолцоо нь хуульчилсан тунхаг, хэлбэр төдий зохицуулалтаар “шилэн хорго”-нд амь бөхтэй явж ирснийг пост-социалист улсууд халахыг зорьж, шүүхийн шинэтгэлдээ тасралтгүй анхаарсаар байна. Ийм байдал биднийг тойроогүй юм шүү. Хуучин нам, төрөөс хамаардаг байсан бол харин одоо өөр этгээдээс хамааралтай болж өөрчлөгдсөн. Тэр шинэ хамаарагч нь ихэвчлэн шүүгчийн томилгоонд оролцоотой этгээд, дээд шатны шүүхийн шүүгч болон Ерөнхий шүүгч зэрэг болоод буйг судалгаа тодорхойлжээ. Үүний шалтгаан нь нэгдүгээрт, албан бус холбоо хэлхээ газар авсан, хоёрдугаарт, шалгаруулалт хийхдээ тодорхой шалгуургүй буюу хэрхэн үнэлсэн нь тодорхойгүй байдаг, мөн сонгон шалгаруулалтын бодит үнэлгээг харгалздаггүйд оршиж байна. Энэ урхагт байдал нь шүүгчдийн бие даан ажиллах итгэлийг үгүй хийж, “хамаарлын тогтолцоо” үүсгэдэг.

 Одоо бид энэ хамааралт сэтгэлгээнээс ангижрах цаг болсон. Хамааралгүй ажиллах хууль зүйн үндэслэл Үндсэн хуульд болон Шүүхийн тухай хуульд чамлахааргүй бүрдлээ. Тиймээс шүүгчид нэр дэвших,  шат ахих зэрэгт улс төрийн болон шүүхийн зарим нэг эрх дархтай этгээдтэй холбогдож, түүгээр дамжуулан нөлөөлөх хууль бус үйлдэлд орон зай байх ёсгүй!

Цаашид мэргэшсэн, чадварлаг, ёс зүйтэй шүүгчдэд ахиж дэвших үүд хаалга нээлттэй байна. Нөгөөтэйгүүр шүүгч нэг бүрээс шүүхийн системийн нэр хүнд шалтгаалж байна. “Нэг үхрийн эвэр доргиход мянган үхрийн эвэр доргиж” байгааг шүүхийн системд гарч буй зарим үйл явдал харуулж байгаа бөгөөд ийм байдал давтагдах ёсгүй.

Шүүхийн бие даасан байдал эдийн засгийн баталгаагүй бол хэрэгжихгүй. Rule of Law Index буюу Эрх зүйг дээдлэх индексээр Монгол Улс дэлхийд одоогоор 57 дугаарт эрэмбэлэгдэж байна. Манай улсаас хойш эрэмбэлэгдсэн ОХУ,  Украйн, Турк зэрэг  улсад нэг хүнд ногдох шүүхийн төсөв нь жилд дунджаар 14 ам.доллар, харин манай улсын шүүхийн 2021 оны төсөв үүнээс хоёр  дахин бага буюу “нэг хүнд долоон ам.доллар” ногдож байгаа нь харамсалтай. 

Төсвийн ангиллаар авч үзвэл эдгээр улсын шүүхийн төсвийн 65 хувь цалин хөлсөнд, 11 хувь байрны арчилгаа, шинэ барилгад, долоон хувь шүүхийн зардалд, дөрвөн хувь  цахимжилтад, нэг хувь сургалтад, 12 хувь бусад зардалд зарцуулагдаж байна. Гэтэл манай улсын шүүхийн төсөвт хөрөнгийн зардал, барилга байгууламжид зарцуулсан мөнгө сүүлийн жилүүдэд шүүхийн өөрийн төсвийн нэг хувьд ч хүрэхгүй явж ирсэн.

Төсөв, санхүүгийн хэт боомилогдсон байдал нь шүүхийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй, хамгийн гол нь иргэд, олон нийтэд хүрэх шүүхийн үйлчилгээний чанар, хүртээмж, үр ашигтай байдалд сөргөөр нөлөөлж байна.

“Шүүхийн төсөв” гэхээр шүүгчийн цалин, ширээ сандал төдий ойлголтоо хаяж, шүүхээр үйлчлүүлж буй иргэддээ зориулж буй хөрөнгө оруулалт гэж хармаар байна. Иргэд “шүүгч, хуульчидтай уулзах”, “асуудлаа шийдвэрлүүлэх эцсийн цэг” нь нөгөө л шүүхийн байр, танхим гэдгийг анхаарахгүй орхиж болохгүй.

Хууль болон Улсын Их Хурлын 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн “Шүүгчийн орон тоог шинэчлэн батлах тухай” тогтоолд зааснаар анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхүүдэд нийт 724 шүүгч ажиллах ёстойгоос өнөөдөр 205 шүүгчийн орон тоо дутуу ажиллаж байна.

Ийнхүү орон тоо дутуугийн зэрэгцээ 2016 онд нийт 62 мянган хэрэг шийдвэрлэж байсан бол 2020 онд 89 мянган хэрэг шийдвэрлэж, харьцуулахад нийт шийдвэрлэсэн хэргийн тоо 43 хувиар өсөж, анхан шатны шүүхийн нэг шүүгч дунджаар 1.5 өдөрт нэг хэрэг, түүний ард гомдол, нэхэмжлэл гаргасан, татагдсан олон хүний амьдрал ахуйтай холбоотой асуудлыг шийдвэрлэж, ачаалал хүний үүрч болох чадамжаас хэтийдэн давлаа.

Түүнчлэн шүүх өнөөдөр захиргааны болон мэргэжилтэй ажилтнуудын хүний нөөцийн хомсдол, хямралд автаад байна. Шүүхийн хүний нөөцийн бодлого төсөв санхүүгийн хүрэлцээгүй, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргын цалин хэт бага байгаагаас өндөр ачаалал дор тогтвортой ажиллах мэргэжилтэй боловсон хүчингүй болж, өмгөөлөгч, хувийн хэвшилд ажиллах хуульчдын дадлагажих дамжлага, сургалтын баазын үүргийг гүйцэтгээд удлаа. Боловсон хүчний энэ хомсдол нь  шүүн таслах ажиллагааны чанар үр дүнд  сөргөөр нөлөөлж, энэ нь шүүхэд итгэх иргэдийн итгэлд нөлөөлж байгааг үгүйсгэх аргагүй. 

Шүүхийн бие даасан байдлын эдийн засаг, төсвийн баталгаа хангагдахгүй байгаа нь үндсэндээ төсвийн зохистой бодлого алдагдсанаас улбаатай. Гэхдээ нөгөө талаар төсөв улсын хөгжил, эдийн засгийн боломжоос тодорхой хэмжээгээр хамаарч байгааг дурдахгүй өнгөрч боломгүй. Тиймээс дутагдаж, гачигдаж байгаа зүйлд зардал мөнгийг зайлшгүй хуваарилан нэмэх арга хэмжээг авахын зэрэгцээ сүүлийн үеийн эдийн засгийн нөхцөл байдлыг бодолцож цаашид зардал хэмнэх дэвшилтэт аргыг мөн эрэлхийлэх нь зүйтэй.

 Гадаад улсуудад шүүхийн зарим үйл ажиллагааг гадна талаас авах замаар зардал хэмнэх практик жил ирэх бүр түгээмэл болж байна. Тухайлбал, Европын улсуудад шүүхийн мэдээллийн технологи, цэвэрлэгээ, сургалт, архив, засвар арчилгаа зэрэг үйлчилгээг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх замаар зардал хэмнэх явдал 2018  оны дүнг 2012 онтой харьцуулахад 10 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Шүүхийн төсвийг боловсруулж, батлахад энэ мэт гадаадын туршлагыг анхааралдаа авч, “хамар шүргэлцэх шахам” нөхцөлтэй, “айлын хаяа, хатавчинд шахуу” ажиллаж байгаа шүүхүүдийнхээ нэн тулгамдсан барилгын асуудлуудыг шийдвэрлэхийн зэрэгцээ шүүхийн үр ашгийг сайжруулахад төрөөс анхаарч, гүйцэтгэх болон хууль тогтоох засаглал нь шүүхийн төсөв санхүүг хасах, танах зуршлаа арилгаж, цаашид шүүхийн мэдээллийн технологи, цахимжилтад хөрөнгө оруулалт хийх нь төрийн бодлогын анхаарлын төвд байна гэдэгт найдаж байна.

             Хоёр. Эрх зүйн хөгжлийн төлөө хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах шаардлага байна.

Орчин үед хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийн салбар хоорондын харилцан үйлчлэх цэгүүд нэмэгдэж байгааг улс орнууд хүлээн зөвшөөрөх боллоо.. Ийнхүү төрийн засаглалууд өөр хоорондоо харилцах цэг, асуудлаа зөв тодорхойлсны дүнд шүүх эрх мэдлийн бие даасан байдлыг хангах зүг чиг зөв тогтоно.

Сүүлийн жилүүдэд төрийн хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдэл хоорондын харилцаанд томоохон өөрчлөлтүүд нүдний өмнө гарч байна. Тухайлбал, гүйцэтгэх ба хууль тогтоох засаглалын байгууллагууд иргэдийн санаа бодлыг харгалзан хариу арга хэмжээ авахад бие биетэйгээ харилцан уялдаатай ажиллах болсны зэрэгцээ гүйцэтгэх засаглалын тогтвортой, бие даасан байдлыг хангахад чиглэсэн өөрчлөлтүүд   хийгдсээр байна.

Энэ үзэгдэлтэй зэрэгцэн шүүх засаглалд ихээхэн өөрчлөлт гарах боллоо. Тухайлбал, шүүхээр хянагдах хэрэг маргааны тоо байнга өсөж, шүүхийн хэрэглэх хуулийн тоо мэдэгдэхүйц нэмэгдэж, гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ өргөжих хэрээр захиргааны байгууллагын үйл ажиллагааны талаар шүүхэд хандах нь элбэг болжээ. Мөн хууль тогтоомжийн тоо өсөж, байнга болон түргэн өөрчлөгдөж байгаа энэ цаг үед эрх зүйн ойлголт, түүний мэдээллийн системчлэлийг анхааралдаа авахгүй бол “эрх зүйн тодорхой байдал”-ын (Legal Certainty) зарчимд халтай байдал үүсэж байна. Түүнчлэн хууль тогтоох, гүйцэтгэх засаглалын албаны хүмүүс зарим үед шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэлгүйгээр, нэг талаас тайлбарлаж, олон нийтийн шүүхэд итгэх итгэлийг ганхуулах боллоо.

 Ийм нөхцөлд шүүх эрх мэдэл нь нөгөө хоёр засаглалтай зарчмын хувьд харилцааны учрыг олох үүднээс зарим үед шүүгчийн хараат бус байдлыг хангах зорилгоор байр сууриа тунхаглан мэдэгдэхэд хүрч байгаа. Гэхдээ төрийн засаглалын салаа бүр бие даасан байдлаа хадгалж, хяналт, тэнцвэрийн зарчимд оршиж, энэ нь бие биетэйгээ харьцах хязгаарлалт болдог нь ойлгомжтой тул ийм үзэгдэл аливаа ардчилсан нийгэмд нийтлэг зүйл болсныг Монголын төдийгүй гадаад улсуудын нөхцөл байдал харуулж байна.

Төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч байгууллагууд бие даасан байдлаа хадгалах замаар харилцаж, тэнцвэртэй оршихын зэрэгцээ Үндсэн хуулийн үнэт зүйл, улс орны язгуур эрх ашгийн тухайд эрх зүйн хөгжилд хувь нэмэр оруулж байх ёстой. Тодруулбал, төрийн бодлого нь улс орон, иргэдийн сайн сайхан байдал, эрх, эрх чөлөөг нэн тэргүүнд хүлээн зөвшөөрч хангах, хамгаалахад чиглэж байна. Тиймээс төрийн засаглалуудын нийтлэг үүрэг нь хүний эрхийн баталгааг хангаж, хамгаалах, улс орны хөгжилд хувь нэмэр оруулахад орших бөгөөд энэ нь төрийн эрх мэдлийн бүх салаа мөчрүүд бие даасан байдлаа хадгалах замаар харилцан уялдаатай ажиллах шаардлагыг бий болгоно.         

Парламент хуулиа баталж, Засгийн газар хэрэгжүүлж, шүүх тодорхой маргаанд хэрэглэдэг эрх мэдэл хуваарилах зарчим нь  хуулийг нэг цэгээс нөгөө цэгт хүрэх дамжлага гэхээс илүүтэй шүүх засаглалын хууль хэрэглээний практикт үндэслэн парламент нь хууль тогтоомжийг сайжруулах зохист харьцааны зарчим гэж хандах нь чухал юм. Энэ бол эрх мэдэл хуваарилах зарчмын доор засаглалууд биендээ “нуруугаа харуулаад суух” биш, харин тус тусын гаргаж буй бүтээгдэхүүнийг харилцан эргэлтэд оруулж, цаашлаад улс орны тусын тулд, эрх зүйн хөгжлийн төлөө эрх мэдлээ бие даан хэрэгжүүлнэ гэсэн үг юм.          

Шүүхийн практикийн тухайд батлагдаж, хэрэгжиж байгаа хуулийг хэрэг маргааны тодорхой тохиолдолд хэрэглэхэд хаана нь давхцал, хийдэл, зөрчил байгааг олж харах боломжийг цахимаар нийтэд нээлттэй байрших шүүхийн шийдвэрүүд олгож байгаа. Уг чанартаа шүүхийн үйл ажиллагаа Монгол Улсын эрх зүйн хөгжилд түшиг тулгуур болох ёстой байтал өнөөдөр нээлттэй цахим санд байршсан 380 гаруй мянган шүүхийн шийдвэрийг хууль тогтоомжийг боловсронгуй болгох, улс орны эрх зүйн хөгжлийг хангахад эргэлтэд оруулж, ашиглаж байна уу гэвэл, үгүй.

Цахим сан эрдэм шинжилгээ, судалгаанд ашиглах төдийхөн эргэлтэд байгаа нь чамлалттай. Угтаа энэ цогц сангийн төрөлжүүлэлтийг сайжруулж, цаашид хууль тогтоомжийг засан сайжруулахад гүйцэтгэх болон хууль тогтоох байгууллагууд ашиглаж, хэрэглэж байх нь улс орны эрх зүйн хөгжилд тустай төдийгүй зайлшгүй хийх зүйл мөн.

Нөгөө талаасаа шүүхийн шийдвэрүүдэд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах механизм дутаж байсан тал бий.  Шүүхийн тухай шинэ хуулийн дагуу хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах чиг үүрэг, арга зүй тодорхой боллоо. Улсын дээд шүүх нэгт, хяналтын журмаар тодорхой хэрэг маргааныг хянан шийдвэрлэх замаар хууль хэрэглээний зөрүүтэй байдалд цэг тавих, хоёрт, шүүхийн шийдвэр, шүүхийн практикт тулгуурлан хууль тайлбарлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдал тогтоох, улмаар “эрх зүйн тодорхой байдлын зарчим”-ыг хангах боломж бүрдэж байна.

Ингэхдээ нэгдүгээрт, хяналтын журмаар шийдвэрлэж буй хэргийн хууль хэрэглээний үндэслэл нь зөвхөн тэр хэргээс гадна, ижил төстэй өөр бусад хэрэгт хууль хэрэглээний хувьд жишиг болохуйц судалгаанд суурилсан байх хэрэгцээ бий. Улсын дээд шүүх энэ чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд өөрсдийн ажлын арга барил, хандлага, зохион байгуулалт зэрэгт өөрчлөлт шинэчлэл хийхийг зорьж эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, зөвхөн илтгэгч шүүгчид даалгах биш бүрэлдэхүүн бүгд хэргээ нэг бүрчлэн судлах, тухайн хэргийг шийдвэрлэхэд шаардагдах асуудлаар Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнд судалгааны захиалга өгөх зэргээр хяналтын шатны шүүхийн шийдвэрийн чанар, хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангаж байна. Ингэснээр илтгэгч шүүгч, шалгасан шүүгч гэдэг нэр томьёогоор дамжин бидэнд суурьшсан хэвшлээс салах нь Үндсэн хуулийн “бүх шатны шүүх хэрэг маргааныг хамтын зарчмаар шийдвэрлэх” үзэл баримтлалыг уг агуулгаар нь хэрэгжүүлэхэд дөхөм болно.

Хоёрдугаарт, энэ удаагийн шүүхийн шинэчлэлийн дүнд арван жил зогссон хууль тайлбарлах ажил тодорхой хязгаартайгаар гацаанаас гарлаа.  Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.4 дэх хэсэгт Улсын дээд шүүх шүүхийн шийдвэр, практикт үндэслэн Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг гаргахаар зохицуулсан. Тиймээс Улсын дээд шүүх зөвхөн шүүхийн шийдвэр, практикт үндэслэн хууль тайлбарлах ажлыг гүйцэтгэнэ.

Хуулийн албан ёсны тайлбар нь эрх зүйн бүлийн хамаарал, тэргүүлэх болон өрсөлдөөнт онол, үзэл баримтлал, харьцуулсан судалгаа, холбогдох олон улсын гэрээ, тайлбар, бусад улсын шүүхийн жишиг шийдвэр зэрэг өргөн цар хүрээтэй агуулгаар хэмжигдэн, хэлэлцэгдэж, шүүхийн шийдвэр, практикт үндэслэн гарснаар зөвхөн шүүн таслах ажиллагаанд хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангахаар хязгаарлагдахгүй, хууль хэрэглэж шийдвэр гаргадаг төрийн бүхий л байгууллагын үйл ажиллагаанд эрх зүйн тодорхой байдлын зарчмыг хангахад дөхөм болох нөхцөл бүрдэх юм.

Улсын дээд шүүхийн хууль тайлбарлаж ирсэн практикаас үзэхэд, 1992-2005 онд хууль тайлбарласан тогтоол жилд дунджаар 5-6 удаа гарч байсан бол 2006-2010 онд энэ тоо огцом өсөж, жилд дунджаар 17 удаа тогтоол гарч байжээ.

 Улсын дээд шүүх “хуулийн абстракт” буюу хийсвэр тайлбарыг ийнхүү өргөн хүрээнд, олон тоогоор гаргах болсон нь төрийн эрх мэдэл хуваарилах зарчмыг бүдгэрүүлсэн, хууль тогтоох эрх мэдлийн бие даасан байдал руу өнгийх сөрөг үзэгдэл үүсгэсэн талаар шүүмжлэлт хандлага цөөнгүй бий.

Энэ байдлыг шинээр батлагдсан Шүүхийн тухай хуулиар засаж, Улсын дээд шүүхээс хуулийг тайлбарлах зарчим, зохицуулалт харьцангуй тодорхой болсон тул Улсын дээд шүүх цаашид зөвхөн шүүхийн шийдвэр, практикт тулгуурлан хуулийн тайлбарууд хийх үндэслэл тавигдлаа.

              Гурав. Шүүхийн үйлчилгээг чанаржуулахад хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад шинэчлэл хийх шаардлагатай байна.

Үндсэн хуулиар шүүгч шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх цорын ганц субьектын хувьд шүүхэд мэдүүлэх иргэний эрхийг хангах, улмаар зөрчигдсөн эрх, эрх чөлөөг нь хамгаалах, шүүхийн үйлчилгээг нийгэм, иргэддээ чанартай үзүүлэх үүрэгтэй. Энэ бол шүүгчийн нийгмийн өмнө хүлээсэн үндсэн чиг үүрэг мөн.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-д “иргэн төвтэй шүүх тогтолцоог төлөвшүүлэх” зорилтыг 2021-2030 онд хэрэгжүүлэхээр тусгасан. Зорилтыг хангах арга хэмжээг 2021 оноос эхлүүлэхээр заасан бөгөөд Үндсэн хуулийн шинэчлэл нь энэ зорилт хангагдах суурийг тавьж өглөө. Ирэх арван жилдээ бид “иргэн төвтэй шүүх”-ийг бий болгоход бүхий л анхаарлаа хандуулах ёстой. Энэ нь юуны өмнө иргэдэд чанартай шүүн таслах ажиллагаагаар үйлчилнэ гэсэн үг юм.

              1/ Шүүн таслах ажиллагааны чанар бол үл хэмжигдэх ажил биш. Түүнийг тодорхойлдог, хэмждэг, үнэлдэг болох ёстой.

Монгол Улсын шүүхийн тухай хуульд “шүүн таслах ажиллагааны чанар”-ын талаар хэд хэдэн заалт бий. Гэвч бид шүүн таслах ажиллагааны чанар гэдэгт юуг хамруулж, ямар шалгуур үзүүлэлтээр түүнийг хэмжих талаар тогтсон ойлголт алга.

Зарим улс шүүн таслах ажиллагааны чанарыг тодорхойлох шалгуур үзүүлэлтүүдийг хэдийнэ боловсруулжээ. Тухайлбал, Финланд улсад 1999-2005 онд “Шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг үнэлэх нь. Чанарын шалгуур үзүүлэлтийн зарчмууд ба хувилбарууд” гэсэн томоохон судалгааны төсөл хэрэгжсэн бөгөөд энэ төслийн үр дүнг дэлхий дахинаа өргөн хүрээнд хүлээн зөвшөөрсөн байдаг.

Түүнчлэн Европын Зөвлөлийн “Шүүх засаглалын үр ашгийг дээшлүүлэх Европын комисс”-оос 2016 онд “Шүүх засаглалын чанарыг хэмжих нь” баримт бичгийг баталж, үүнд “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанар”, “шүүхийн шийдвэрийн чанар”, “шүүхийн үйлчилгээний чанар”-ыг тус тус үнэлэхээр тусгаж, ингэхдээ юуны өмнө чанарын шалгуур үзүүлэлтийг болон чанарын стандартыг тодорхойлохын чухлыг онцолжээ. 

Тиймээс бид шүүн таслах ажлын чанарыг хэргийн оролцогчидтой харилцах харилцаа буюу тэдэнд анхааралтай, “хүний эрхэм чанарыг хүндэтгэх ёс”-оор хандах энгийн ойлголтоос эхлээд “шүүхийн ажиллагаа”, “шүүхийн шийдвэр”, “хэрэг хянан шийдвэрлэх хугацаа”, “шүүгчийн мэргэшил, ур чадвар”, “хэргийн хөдөлгөөний удирдлага”, “зохион байгуулалт” зэргийг багтаасан цогц байдлаар авч үзэх нь зүйтэй.  Монгол Улсын шүүхийн тухай хуульд тусгалаа олсон шүүн таслах ажиллагааны чанарын асуудал бол цаашид цаг хугацаа зарцуулан судалж, шүүгчид төдийгүй шүүхээр үйлчлүүлэгчдийн оролцоотой хэлэлцэн тодорхойлох томоохон ажил болох нь гарцаагүй байна.

Шүүн таслах ажиллагааны чанарыг сайжруулах үндсэн арга замын нэг нь шүүх дэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чанарыг сайжруулахад оршиж байна.

            2/ Иргэдийн шүүхэд мэдүүлэх, шүүхээр эрхээ хамгаалуулах эрхийг баталгаатай эдлүүлэхийн тулд хэрэг хянан шийдвэрлэх хуулиудад эргэлтийн шинжтэй шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай.

Хэрэг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлогтой холбоотой зоримог шинэчлэлийг хийж, өнөөдөр нэн тулгамдаж шийдлээ хүлээж байгаа олон асуудлыг зохицуулах, шийдвэрлэх боломж бүрдэнэ гэж харж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны сунжирсан процесст иргэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарцуулж, сэтгэл санаа, тайван  байдлаа алдаж байгаагийн улмаас шүүхийн болон хуулийн байгууллагын үйлчилгээнд сэтгэл ханамжгүй байгаа нь нийтлэг үзэгдэл болоод байна. Тиймээс бид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудын шинэчлэлийг хүний эрхэд төвлөрөлтэй, оролцогчдод хүндлэлтэй, хугацаа, зардалд хэмнэлттэй байх зарчимд үндэслэн хийх ёстой.

Иргэд хэрэг маргаанаа аль болох “чирэгдэлгүй”, “хугацаа алдахгүй”, “үнэн зөв” шийдвэрлүүлэх зорилгоор хуулийн байгууллагад ханддаг. Гэтэл бидэнд хандаад “бүр их чирэгддэг”, “цаг хугацаагаа алддаг”, “илүү төвөг үүсдэг” байж болохгүй. Үүнд хоёр гол хүчин зүйл нөлөөлж байна.

Шүүн таслах ажиллагааны журмыг үйлчлүүлэгчдээ үнэн, зөв тайлбарлаж, хууль, журмыг зохих ёсоор хэрэгжүүлдэг нэгэн байхад, эсрэгээрээ шүүн таслах ажиллагаанд зохиомол хүндрэл үүсгэж, хурал хойшлуулдгаараа гаршсан эрх зүйч, хуульчид байгаа нь нууц биш.

 Тиймээс хэргийн оролцогчид, өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эрхээ урвуугаар ашиглаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг эцэс төгсгөлгүй хойшлуулж, иргэд болоод хууль зүйн систем бүхэлдээ цаг хугацаа, зардал мөнгө, сэтгэл зүйгээр хохирч байгааг процессын хуулиудад шинэтгэл хийх замаар хугацаа алдалгүй өөрчлөх шаардлагатай.

Үүнээс гадна жил бүр 20 орчим хувиар өсөж байгаа иргэний хэргийн хувьд нэхэмжлэлийн шаардлагыг хэмжээгээр нь ангилан авч үзэх, оролцогчид нь зөвшөөрсөн тохиолдолд жижиг үнийн дүнтэй маргааныг төвөг чирэгдэл бага, цаг хугацаа хэмнэсэн журмаар шийдэх сонголтыг иргэдэд өгөх, цахимжилтын үе түрж ирж байгаатай холбогдуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд цахим нотлох баримтыг гаргаж өгөх, үнэлэх ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд шинэтгэл хийх хэрэгцээ байна. Түүнчлэн хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх ажиллагаа, эвлэрүүлэн зуучлалыг өргөн дэлгэр ашиглах боломжийг олгох нь зүйтэй. 

Иймд хууль санаачлах бүрэн эрхтэй субьектэд тулгамдаад буй асуудлуудыг хүргэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиудад шинэтгэл хийхэд шүүх, шүүгч бид практиктаасаа хуваалцан, санаачилгатай, манлайлан оролцоход бэлэн байгаагаа илэрхийлье.

              3/ Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого иргэн төвтэй шүүхийн тогтолцоог бий болгох, төлөвшүүлэхэд чиглэх ёстой.

 Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.11 дэх хэсэгт “Шүүх эрх мэдэл хөгжлийн бодлоготой байх бөгөөд түүнийг Ерөнхий зөвлөл хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулж, Улсын дээд шүүх, Засгийн газартай зөвшилцөн Улсын Их Хуралд уламжилна.” гэж туссан. Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого боловсруулах ажил руу шинэ Шүүхийн ерөнхий зөвлөл даруй ханцуй шамлан орно гэж найдаж байна.

Энэхүү баримт бичигт тусгах олон зүйлийн талаар ярих шаардлага байвч шүүхийн хөгжилд олон талын ач холбогдолтойн хувьд  мэдээллийн технологи, хиймэл оюун ухааныг ашиглах талаар байр сууриа илэрхийлье.

Хиймэл оюуныг шүүн таслах ажиллагааны чанарыг ахиулахад шүүгчид туслан дэмнэх, шүүхийн ачааллыг бууруулах, шүүхийн шийдвэрийг урьдчилан тооцоолох байдлыг дээшлүүлэхэд ашиглах боломжтой.

Шүүхийн системийн нээлттэй, ил тод байдлыг ахиулах, шүүхийн ачааллын менежментийг шинэ шатанд гаргахад хиймэл оюуныг ашиглах цаг нэгэнт ирсэн гэж үзэж байна. Гэхдээ энэ ажлыг шинжлэх ухааны үндэслэлтэй, хүний эрхийн суурь зарчмуудыг дээдэлж, ажиллагааны ил тод, аюулгүй байдлыг хангаж үе шаттайгаар хийх нь зүйтэй.

Европын улс орнууд хиймэл оюуныг шүүхийн системдээ янз бүрийн түвшин, чиглэлээр ашиглаж эхлээд байна.

Европын Зөвлөлийн “Шүүх засаглалын үр ашгийг дээшлүүлэх Европын комисс”-оос “Хиймэл оюуныг шүүхийн системд ашиглах болон холбогдох орчны талаарх Европын ёс зүйн тунхаг”-ийг 2018 онд баталжээ. Түүнд  хиймэл оюуныг шүүхийн системд ашиглахад баримтлах зарчмуудыг тусгаж, шүүхийн системд шат дараалалтай нэвтрүүлэхийн ач холбогдлыг онцолсон. Ингэхдээ хиймэл оюуныг ашиглах чиглэлүүдийг төрөлжүүлж “хөхиүлэн дэмжвэл зохих”, “болгоомжтой хандвал зохих”, “шинжлэх ухааны судалгааны үр дүнд авч үзвэл зохих”, “онцгой анхааралтай хандах” гэсэн түвшнүүдэд ангилж, зохих зөвлөмжүүдийг өгсөн байна.

Монгол Улсын шүүхийн системд хиймэл оюуныг ашиглах хэрэгцээ шаардлага, мөн боломжууд байна. Шүүхийн шийдвэрийн цахим хуудаст нийтэд  ил нээлттэй байгаа 380 гаруй мянган шүүхийн шийдвэрийн “ашиглалт”, “хайлт”, “хэрэглээ”-г төгөлдөржүүлж, хиймэл оюун руу “хөрвүүлэх”, хиймэл оюунаас гарах бүтээгдэхүүнийг “хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах”, мөн шүүхийн шийдвэр “гэнэтийн үзэгдэл” болдог байдлыг халах, “иргэд маргах асуудлынхаа шийдлийг урьдчилан тооцоолох”, улмаар “шүүхэд хандах эсэхээ шийдэх”, тэр хэрээр шүүхийн ачааллыг бууруулах хэрэгсэл болгон ашиглах боломжтой.

Энэ нь өнөө маргааш шийдээд болчих ажил биш тул шүүхийн системд хиймэл оюуныг шат дараалалтай нэвтрүүлэх ажлыг одооноос эхлүүлэхийн тулд “Шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д шүүхийн системд хиймэл оюуныг хэрэглэх, ашиглах ёс зүй, зарчим, үе шат, хөрөнгө санхүүгийн төлөвлөлт, хүний нөөцийн хуваарилалт, шүүхийн байгууллагуудын оролцоо зэргийг шийдвэрлэн тусгах нь зүйтэй.

             4/ Шүүхийг тойргийн зарчмаар болон дагнан байгуулах нь шүүхийн үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулах, хүний нөөцөө зөв удирдах арга зам мөн.

Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчин наймдугаар зүйлийн нэг дэх хэсэгт шүүхийг тойргийн зарчмаар, дагнан байгуулж болохоор тусгасан.

Цаашид шүүхийг тойргийн зарчмаар байгуулах, дагнасан шүүхийн төрлийг нэмэх тохиолдолд харьяалан ажиллах нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо, шийдвэрлэсэн хэрэг, маргааны төрөл, тоог харгалзахаас гадна шүүхэд хандах иргэний эрхийн баталгааг хангах, шүүхийн үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй, чанартай, үр ашигтай хүргэх зарчимд тулгуурлах ёстой.

Өнөөдөр шүүхийг хэт жижиглэн байгуулж, шүүхийн орон тоог шүүх бүрэлдэхүүний тоотой тулган ажиллуулж, мөн олон шүүхэд сул орон тоонд сонгон шалгаруулалтыг зарлахгүй, эсхүл цаг алдан зарлах байдал хэвийн мэт үзэгдэл болжээ.

Үүний улмаас тухайн шүүхийн шүүгч өвдөх, гачигдах, татгалзах зэрэг ямар нэг хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй болоход хэрэг маргааныг шийдвэрлэх бүрэлдэхүүн дутаж, хэргийн хугацаа сунжрах, бүрэлдэхүүн дутуу шүүхэд түр томилолтоор ажиллах тохиолдол хэт олширч байгаа нь иргэдэд шүүхээр үйлчлүүлэхэд бэрхшээл үүсгэж, санхүү талаасаа төсөвт хэвийн бус зардлыг их үүсгэж байна. Шүүх байгуулах зарчим алдагдсанаас зарим нэг аймагт 18 шүүгчид зургаан Ерөнхий шүүгч ногдож байгаа тохиолдол ч байна.

Энэ бүх нөхцөл байдлыг бид шүүхийг тойргийн зарчмаар байгуулах тохиолдолд зайлшгүй харгалзан үзэх ёстой. Ингэхдээ шүүхийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй, ойр дөт, шуурхай, үр ашигтай хүргэх зарчмыг алдагдуулах учиргүй.

Монгол Улс дагнасан шүүхийг анх 17 жилийн өмнө захиргааны хэргийн төрлөөр байгуулж, чамгүй туршлага хуримтлуулаад байна. Дагнасан шүүхийг байгуулах дэлхий нийтийн чиг хандлага огцом биш боловч аажмаар өөрчлөгдөж байна. Европоор жишээлэхэд, 2016 онд 100 мянган хүн амд ногдох ерөнхий харьяаллын шүүх 1.23 байсан бол 2018 онд 1.08 болж буурсан, харин дагнасан шүүх нь 2016 онд 100 мянган хүн ам тутамд 0.75 байсан бол 2018 онд 0.81 болж өссөн хандлагатай байна.

Бид цаашид шүүхүүдийн иргэн, эрүүгийн хэргийн шүүн таслах ажлын ачааллын харьцангуй байдлыг харгалзан тэдгээрт зонхилж байгаа төрлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүхийг байгуулах, эсхүл одоогийн хуульд байгаа зохицуулалт буюу дагнасан танхим байгуулах боломжийг  хэрэгжүүлэх нь зохимжтой юм.

             Дөрөв.Шүүхийн систем манлайлал, санаачилгаар цангаж, хариуцлага дутаж явж ирлээ.

“Шинэ”, “инноватив” шүүгч, шүүх гэсэн нэршил олон улсын болон гадаад улсуудын шүүхийн үйл ажиллагаатай холбогдон яригдах болжээ.. Эдгээр нь олон улсын эдийн засаг, хөрөнгө оруулалт, чөлөөт худалдаа, итгэлцлийн алив шалгуурыг ханган биелүүлэх, аж ахуй, бизнес эрхлэх харилцаанд гэрээ хэлцлээ хүндэтгэх, хэрэгжүүлэх эрх зүйн ухамсар, соёл нийгэмд тогтоход шийдвэрлэх нөлөө үзүүлэх онцлогтой. Нөгөөтэйгүүр эдийн засгийн өсөлтийг дэмжсэн эрх зүйн шинэчлэлийн эхлэл болно. Үүний зэрэгцээ иргэдийн шүүхэд итгэх итгэлийг дээшлүүлэхэд шүүгчийн мэргэшил, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх асуудал чухлаар тавигдана. Улсын дээд шүүхийн дэргэд нийт шүүхэд үйлчлэх Шүүхийн сургалт, судалгаа, мэдээллийн хүрээлэнг энэхүү хэрэгцээ шаардлагыг үндэслэн хуулийн дагуу байгуулсан.

Шүүхэд итгэх иргэдийн итгэлийг дээшлүүлэх нэг үндэс нь хуульч, шүүгч та бидний ажилдаа хандах хандлага, хариуцлагатай байдал мөн гэдгийг анхаарах нь зүйтэй. Ингэхдээ шүүхэд өгөх олон нийтийн үнэлэмж бол харилцан адилгүй тодорхойлогдох асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ бол шүүхийн бие даасан байдал, шүүгчийн өөрийн хариуцлагатай байдал, нийт шүүхийн ил тод байдал гэсэн олон талт хүчин зүйлээс хамаарах бөгөөд зарим талаар эдгээр нь харилцан эсрэгцэх нөлөөтэй, олон туйлт үзэгдэл юм. Эсрэгцэх гэдгийн учир нь шүүхийн бие даасан байдлыг хангах зорилготой шинэчлэл нь шүүгчийн хариуцлагатай байдлыг үгүйсгэх, хариуцлагатай байдлыг хангахад зорьсон өөрчлөлт нь эсрэгээр бие даасан байдлыг дордуулах, ил тод байдлыг хангахад чиглэсэн үйлдэл бие даасан байдалд сөрөг нөлөөтэй байх явдал бий. Тиймээс шүүхийн бие даасан байдал, хариуцлага, ил тод байдлыг гурвалсан тэнцвэрт зарчимд суурилан авч үзэж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг тодорхойлоход агуулгын шинэчлэл хийх ёстой.

Шүүх бүр өөр өөрийн онцлогт тохирсон, мөн бусад нь аваад суралцаж, нэвтрүүлж болох шинэлэг санаачилга нэвтрүүлэх замаар үйлчилгээгээ сайжруулах, өөрсдийн ажлын ачааллыг хялбарчилж зохицуулах, эцсийн дүнд шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх шаардлагатай байна. Тухайлбал, урьдчилсан хэлэлцүүлгийн үр нөлөөг судлан үзэж, шалтгаан нөхцөлийг тодорхойлж, шаардлагатай менежментийг шат шатандаа, бүр шүүх шүүхдээ ч авч хэрэгжүүлж болохоор, хэргийн хөдөлгөөний менежерийн чиг үүргийг тодорхойлсноор иргэн, захиргааны хэрэгт хурал удаа дараа, зарим тохиолдолд бүр тоймоо алдтал хойшилдог байдлыг халах зохион байгуулалтын арга хэмжээг шүүх тус бүрдээ авч ажиллах шаардлагатай.

Бүх шатны шүүхүүдэд Шүүгчдийн зөвлөгөөн, Ерөнхий шүүгч, Танхимын тэргүүн гэсэн өөрийн удирдлагын бүтэц ажилладаг. Эдгээрийн нийтлэг чиг үүрэг нь Шүүхийн сахилгын хороонд хамаарахаас бусад асуудлаар тухайн шүүхийн, шүүгчдийн хариуцлагатай байдлыг хангах, зохион байгуулах явдал юм.

Шүүгчдийн зөвлөгөөний ажил үүрэгт шүүхийн практик, тоон мэдээлэлд үндэслэн шүүн таслах ажиллагааны чанар, үр дүн, хэргийн хөдөлгөөний ерөнхий удирдлага, хяналтын мэдээлэлтэй танилцах, шүүхийн дотоод ажлын зохион байгуулалт, журмыг хуульд өөрөөр заагаагүй бол тогтоох бүрэн эрх хамаарч байгаа. Энэ хүрээнд шүүхээр үйлчлүүлж буй иргэд, байнгын үйлчлүүлэгч болох өмгөөлөгч, хуульчдын санал сэтгэгдлийг сонсож, өөр өөрсдийн ажилд тогтмол үнэлгээ хийж, сайжруулах, шүүхийн үйлчилгээг чанаржуулах боломжийг байнга эрэлхийлдэг, ярилцдаг, хэлэлцдэг байнгын ажиллагаатай механизм болгон ашиглах хэрэгтэй.

Шүүхийн нэр хүндийг ахиулахад Ерөнхий шүүгчдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй. Европын холбоонд "шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдал, шударга, чадамж зэрэгтэй холбогдох асуудлаар" зөвлөх чиг үүрэгтэй байгууллага болох Европын шүүгчдийн зөвлөлдөх зөвлөлөөс "Ерөнхий шүүгч" -ийн албаны чиг үүргийн талаар 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр чухал зөвлөмж шийдвэр гаргасан. Түүнд шүүхийг төлөөлөх, тухайн шүүхийн бусад шүүгчидтэй харилцах, шүүхийн зохион байгуулалт зэрэгтэй холбоотой Ерөнхий шүүгчийн чиг үүргийг чухалчилжээ.

Ингэхдээ тухайлан онцолсон зүйл нь Ерөнхий шүүгч нь чиг үүргээ хэрэгжүүлэхдээ цаг ямагт хувь шүүгчийн хараат бус байдал болон тухайн шүүхийн бие даасан байдлыг хангах, хамгаалахад анхаарлаа хандуулах үүрэгтэй, түүнчлэн, Ерөнхий шүүгчийн төрийн бусад байгууллагуудтай харилцах харилцаа болгоомж, хянуур байхыг шаарддаг бөгөөд шүүхийн үйл ажиллагаанд нөлөөлөх аливаа үйл ажиллагааг хязгаарлахад Ерөнхий шүүгч өөрийн үйл ажиллагаагаар үлгэр үзүүлэх нь чухал болохыг тэмдэглэсэн.

Шүүхийн тухай хуулиар Танхимын тэргүүн, анхан, давж заалдах шатны Ерөнхий шүүгчийг тухайн шүүхийн шүүгчид дотроосоо сонгох эрх баталгаажсанаар шүүхийн дотоод ардчиллыг бэхжүүлэх, Ерөнхий шүүгчийн чиг үүргийн агуулгыг “дарга” биш “манлайлагч” болгож өөрчлөхөд тустай алхам болсон. Цаашид шүүхийн нэр хүндийг ахиулахад Ерөнхий шүүгчдийн идэвх, санаачилга чухал үүрэгтэй.

Хариуцлагатай ажилд хариуцлагагүй хандвал бид өөрсдөө шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг ноцтой аюулд унагах ажилд гар бие оролцож буй хэрэг болно гэдгийг сайтар тунгаах ёстой.

Эцэст нь тэмдэглэхэд шүүхийн шинэчлэл нь нэг удаа хөндөгдөөд өнгөрөх асуудал биш. Түүнчлэн, шүүхийн шинэчлэл нь шүүхийн нийгэмд гүйцэтгэх үүргийг бүхэлд нь хамарсан өргөн цар хүрээтэй ойлголт. Тэр бүхэнд холбогдох агуулгыг илтгэлд багтаах боломжгүй учир “шүүхийн шинэчлэл”-д шүүхийн өөрийн гүйцэтгэх үүргийн тухайд илтгэлийн агуулгыг голлон тодорхойлж, анхаарал хандууллаа.

Ингээд Монгол Улсад маань эрх зүйг дээдлэх ёс бүрнээ төлөвшин тогтож, иргэдийн итгэлийг баттай хүлээсэн шударга шүүхийн тогтолцоо төгөлдөржин хөгжихийн ерөөл дэвшүүлж, Та бүхний ажилд амжилт, амьдралд тань эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах