Цэс Close

"Эрдэнэс Монгол"-ын жишгээр хүний нөөцөө сонгодог байя

Монгол Улсын Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа. Энэ ажлын хүрээнд “Эрдэнэс Монгол” ХХК-д нээлттэй болон нөөц бүрдүүлэх ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан. Энэ хүрээнд 800 гаруй албан тушаал дээр 2000 гаруй хүн нээлттэй сонгон шалгаруулалтаар өрсөлдөж байна.

Засгийн газар тус компанийн шинэ бүтцээр танил тал, хөрөнгө мөнгөөр албан тушаалд томилогддог биш мэргэшсэн, чадварлаг боловсон хүчнээр баг бүрдүүлдэг шударга тогтолцоог бүрдүүлэхийг зорьсон хэрэг. Мэргэжлийн ур чадвартай нь шалгуурт тэнцэж ажилд томилогддог тогтолцоог бодит болгохоор улс орны стратегийн чухал төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлж буй "Эрдэнэс Монгол" ХХК-иар эхлүүлж байгаа юм.

Угтаа өмнө нь "Эрдэнэс Монгол"-д ажилд орно гэдэг их тодорхой бус байв. "Эрдэнэс Монгол" ХХК-д өөрийн "халаас"-ны хүнээ шургуулах гэсэн дарга, сайдын дарамт салдаггүй. Дэмжлэгтэй байж л ажилд ордог газар байсныг өөрчилж, мэдлэгтэй, чадвартай бол хэн ч өрсөлдөөд орох боломж нээлттэй болж байна.

"Эрдэнэс Монгол"-ыг мэргэжлийн бус удирдлагууд, ТУЗ, гишүүд нь ямарч бодлого чиглэлгүй далайд сэлүүргүй явж байгаа завьтай адил хэмээн олон нийт шүүмжилдэг байв. Харин энэ бүхнийг цэвэрлэж энэ удаагийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг олон нийтэд нээлттэй, ил тод явуулж байгаад нь Засгийн газарт алга таших ёстой. Энэ жишгээр төрийн байгууллагууд хүний нөөцөө бүрдүүлдэг болчихвол танил талаараа ажилд ордог "жишиг" мэт тогтчихсон зүйл алга болно. Энэхүү нээлттэй сонгон шалгаруулалт цаашид ч Монголын төр, төрийн өмчит үйлдвэрийн газрууд олон нийтэд нээлттэй, ил тод үйл ажиллагаагаа явуулах, улс төрийн нөлөөллөөс ангид байх зарчмыг баримталж ажиллах бодлого гэдгээ Засгийн газар онцолж буй.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах