Цэс Close

Өнөөдөр эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр, “Мартын 8”-ны баяр

Өнөөдөр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу “Мартын 8”-ны баярын өдөр тохиож байна. НҮБ-аас “Мартын 8”-ныг эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалж, хөдөлмөрийн зах зээл дээрх тэдний эрх тэгш байдлыг бий болгоход уриалах албан ёсны баяр хэмээн зарласан билээ.

Энэ өдрийг хамгийн анх 1908 оноос тэмдэглэж эхэлжээ. Анх АНУ-ын Нью-Йорк хотод 15 мянга орчим эмэгтэй бага цагаар ажиллаж, эрчүүдтэй ижил цалин авч, сонгууль өгөх эрхийнхээ төлөө жагссан түүхтэй. Үүнээс нэг жилийн дараа Америкийн социалист намын санаачилгаар эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэж эхэлжээ.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тэмдэглэх санаачилгыг 1910 онд Данийн нийслэл Копенгаген хотод болсон олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтын үеэр Германы эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч Клара Зеткин гэх эмэгтэй санаачилсан байна. Хамгийн анх 1911 онд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг Австри, Дани, Герман болон Швейцар улсуудад тэмдэглэжээ.

Тухайн үед энэ өдрийг тэмдэглэх яг тогтсон өдөр гэж байгаагүй бөгөөд 1917 онд Орост дайнаас болж хохирсон олон мянган эмэгтэй “Талх ба эрх чөлөө” хэмээх ажил хаялт зарласан байна. Энэ үйл явдлаас хойш дөрвөн хоногийн дараа Засгийн газар эмэгтэйчүүдэд бууж өгөн, сонгууль өгөх эрхийг нь хүртэл нээж өгчээ. Энэ өдөр нь гуравдугаар сарын 8 байсан бөгөөд үүнээс хойш олон улсын эмэгтэйчүүдийн баяр буюу "Мартын 8"-ныг тэмдэглэх албан ёсны өдөртэй болжээ.

Дэлхий дахинд энэ баярыг хэрхэн тэмдэглэдэг вэ?

Харин одоо дэлхийн  Улс орнууд хэрхэн тэмдэглэдэг талаар мэдээлэл хүргэе. Гуравдугаар сарын 8-ны өдөр буюу олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг ихэвчлэн эрчүүд эмэгтэй найз нөхөд, ээжүүд, эхнэрүүд, үерхдэг бүсгүй, охин ангийн охид гэх мэт охид бүсгүйчүүддээ бэлэг өгч,  баярлуулан тэмдэглэдэг уламжлал тогтжээ. Харин Болгар, Румын зэрэг улсад энэ өдрийг зөвхөн "Ээжүүдийн баярын өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд хүүхдүүдэд нь ээжүүд, эмээ нартаа бэлэг өгч баярлуулан өнгөрүүлдэг аж.

Итали: Италичууд дэлхийн 2-р дайнаас хойш энэ өдрийг тэмдэглэж байна 

Итали улсад олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг дэлхийн хоёрдугаар дайны үеэс тэмдэглэж эхэлжээ. Тэд энэ өдрийг “la Festa della Donna” хэмээн нэрлэдэг бөгөөд бүсгүйчүүдэд “Mimosa” цэцэг бэлэглэдэг байна. Тус улсын хувьд Мартын 8-ны баяр албан ёсны баяр биш ч гэлээ охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд нь өргөн хүрээнд тэмдэглэдэг байна. Яагаад охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд гэж тодотгож байна вэ гэхээр хамгийн сонирхолтой нь Мартын 8-ны баярыг эмэгтэйчүүд эрэгтэйчүүдтэй хамт тэмдэглэдэггүй. Охид бүсгүйчүүд, эмэгтэйчүүд хотынхоо томоохон ресторануудад хүлээн авалт зохион байгуулж хоорондоо бэлэг солилцдог уламжлалтай.

АНУ: Нэг өдрийг бус, гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг

АНУ-д зөвхөн энэ өдрийг бус, гуравдугаар сарыг бүхэлд нь эмэгтэйчүүдийн түүхийн сар болгон тэмдэглэдэг аж. Жил бүрийн гуравдугаар сарын 8-нд Ерөнхийлөгчийн тунхаглал гаргаж, аливаа салбарт амжилт гаргасан эмэгтэйчүүдийг сайшаан, шагнадаг байна.

Хятад: Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их  хайртайгаа илэрхийлдэг

Жил бүрийн энэ өдрийг манай урд хөршийн ард түмэн эмэгтэйчүүдийн амралтын өдөр болгон өргөн дэлгэр тэмдэглэдэг байна. Хятадын зарим хотууд бүр хоёр өдрийг амралтын өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг ажээ. Эрчүүд энэ өдрөөр хайртай бүсгүй болон ээждээ ямар их  хайртайгаа илэрхийлэн бэлэг өгч баярлуулдаг аж.

Орос: Гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг

Манай хойд хөрш маань мөн л адил тус өдрийг бүх нийтийн амралтын өдөр болгон зарлажээ. Урин хаврын эхэн үед болдог тул ихэнх хүмүүс гэр бүлээрээ оройн зоог барьж, оргилуун дарс буудуулан тэмдэглэдэг аж. Харин зарим нь найз нөхдийнхөө гэр бүлд зочлон өнгөрүүлдэг байна.

Герман: Бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг

Германчууд Мартын 8-нд албан ёсоор амардаггүй. Хуучин Зүүн Герман энэхүү өдрийн тэмдэглэдэг байсан байна. Харин Баруун Герман огт тэмдэглэдэггүй байжээ. Тиймээс хоёр Германи нийлснээс хойш Мартын 8-ны баярыг өргөн хүрээнд тэмдэглэхээ больсон. Тэд албан ёсоор жил бүрийн тавдугаар сард "Ээжүүдийн баяр”-ыг тэмдэглэдэг. Энэ өдөр бүх ээжүүд гэрийн ажлаас 100 хувь чөлөөлөгддөг юм байна. 

Болгар: Охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг

Болгарчууд Мартын 8-ны баярыг мөн л өргөн хүрээнд тэмдэглэдэггүй. Тэд Мартын 8-ны өдрийг ЗХУ-ын үеийн цуурай гэж хэлэх дуртай. Энэхүү өдөр охид, бүсгүйчүүдэд хүндэтгэл үзүүлдэг. Эрэгтэйчүүд гэхээсээ илүүтэй эмэгтэйчүүд нэг нэгэндээ баяр хүргэж, баяраа хамт өнгөрүүлэхийг илүүд үздэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах