Цэс Close

Ж.Батсуурь: Юу ярьж байгаагаа мэддэггүй, зөнөсөн өвгөн АН-ын бүлгийн нэрийг бариад удлаа

 УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.

Хуулийн төслийг УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нарын гишүүд өргөн мэдүүлсэн юм. Хуулийн төсөл батлагдсанаар УИХ- цөөнхийн бүлгийн эрх, үүрэг тодорхой болж, бүлгийн даргыг чөлөөлөх, огцруулах, шинээр томилох асуудал хуульд заасны дагуу тодорхой болж, бүлгийн тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзжээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганбат: УИХ өөрөө өөртөө зориулж хууль батлах ёсгүй. Энэ хуулийг 2024 оны 07 дугаар сараас хойш хэрэгжүүлэх нь цаг хугацааны болоод хуульзүйн хувьд боломжтой. УИХ-ын даргад шаардлага хүргүүлсэн. Төрийн байгуулалтын байнгын хороо энэ хуулийг хэлэлцэх боломжийг нөхцөлийг хангаагүй. Бид ажлын хэсэг байгуулах ёстой гэсэн санал гаргасан. Бүлэг дээр ч ажлын хэсэг байгуулсан байгаа. Энэ хуулийг нам, эвслийн бүлгээр хэлэлцэх ёстой. Энэ асуудлыг хэлэлцэх гэтэл хууль санаачлагч нь өөрөө ирээгүй. АН-ын хэдэн гишүүдийг барьцаалж, бүгдийг яллагдагч болгож, заналхийлээд байна. Ингэж барьцаалж хууль хэлэлцэж болохгүй, хойшлуулах хэрэгтэй. Гэмт хэргээр барьцаалагдсан ЖАН-гийнхантай нийлж, АН-ын бүлгийг бусниулахаа боль. Ийм завхарсан зүйл ардчилсан улсад байхгүй.

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Д.Ганбат гишүүн АН-ын бүлгийн гишүүд гэмт хэрэг үйлдсэн, барьцаалагдсан мэтээр удаа дараа гүтгэж байна. Хууль тогтоох байгууллагын гишүүн удаа дараа бусдын нэр хүндэд халдаж байгаадаа тодорхой тайлбар хэлж, нотлох баримт байгаа бол хуулийн байгууллагад хандах хэрэгтэй. Бусдыг гүтгэж байгаа увайгүй үйлдлээ Д.Ганбат гишүүн таслан зогсоох ёстой.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат: Энэ бол УИХ-ын асуудал биш. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, гишүүд Ж.Батсуурь, О.Цогтгэрэл, Н.Ганибал, Ц.Туваан зэрэг нэр бүхий гишүүд бүлэг дотроо учраа олохоо болиод, энэ асуудлаа цэгцлэхийн тулд хууль санаачилсан. Энэ асуудалд бүлгийн дарга Д.Ганбат эсрэг байр суурьтай байгаа. Өчигдөр Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд Д.Ганбат гишүүн зарчмын зөрүүтэй санал гаргасан. Ж.Мөнхбат, Д.Тогтохсүрэн хоёр гишүүн дэмжсэн. Бусад нь дэмжээгүй учраас дэмжлэг аваагүй. АН-ын бүлгийн гишүүн Ц.Туваан, Ж.Батсуурь нар горимын санал гаргаад энэ асуудал орж ирж байна. Энэ асуудал МАН, УИХ-тай ямар ч холбоогүй. АН дотроо өөрсдөө учраа, хэл амаа олж, эв нэгдлээ ханга л даа.

УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: АН-ын бүлэгт олонхоороо хуралдах олонхын зарчим алдагдаад 7, 8 сар болсон. Энэ байдлаас гарахын тулд бид хуулийг өргөн барьсан. Ардчилсан нам нэг хүний, хэлсэн ярьснаа мэддэггүй нэг зөнөсөн өвгөний үгээр явдгаа болих ёстой. Энэ хуулийн дагуу нөхцөл байдал шийдэгдвэл парламентад суудалтай намууд үзэл бодлын уралдаан хийж, хэлэлцүүлэгт бүрэн хэмжээгээр оролцох боломж бүрдэнэ. Юу ярьж байгаагаа мэддэггүй, зөнөсөн өвгөн АН-ын бүлгийн нэрийг барьж, завсарлага авдаг, дүгнэлт уншдаг, хаа газар АН, Монголын ардчилагчдын нэрийг гутааж явдаг нөхцөл байдлаас гаргах хуулийг хэлэлцүүлж байгаа эрх баригчдад талархалтай байна. АН-ын бүлэг 11 гишүүнтэй, 10 нь дэмжихгүй байхад ганцаараа нэг өрөөнд суучихаад найман сар Монголын ардчиллыг гутаалаа. Ардчилсан парламентыг муухай харагдууллаа. Сүүлдээ юу ярьж байгаагаа ч мэдэхгүй, Украины туг барьчихаад элийрээд яваад байдаг болчихож. Солиотой гэдэг нь тодорхой боллоо. Хамт яваа хүнээсээ намаасаа хөөнө, шоронд оруулахыг уриалдаг хүн парламентад сууж байгаа нь ичгэвтэр байна.

Ийнхүү хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах