Прокурорын яллах дүгнэлтэд яллагдагчийн овог нэрийг буруу бичсэн нь хууль зөрчсөн гэж шүүх үзжээ
Туршилтаар
Шийдвэрийн дугаар: 2022 оны 8 сарын 16 өдөр 812
Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон
2022.10.13 процесс-хураангуй: дугаар 2
Иргэн Үйлс нь өөрийн төрсөн охиноо зодож хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна. Прокуророос түүнийг яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлэхдээ яллах дүгнэлтэд овгийг нь буруу бичиж ирүүлжээ.
Анхан шатны шүүхээс, яллагдагч иргэний овог нэрийг яллах дүгнэлтэд буруу бичсэн нь мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан алдаа гэж үзэж, уг зөрчлийг арилгуулахаар хэргийг прокурорт буцаасан байна.
Прокурор уг шийдвэрийг эс зөвшөөрч, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан “...овог нэрийг буруу бичсэн нь шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлэх болон хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, … прокурорын тогтоол, яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүхийн шийдвэрт залруулах бүрэн боломжтой байсан” гэж маргав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “… эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолд сэжигтний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэрийг тусгана” гэж заажээ.
Давж заалдах шатны шүүхээс, гэмт хэрэгт яллагдаж буй хүний овгийг буруу бичиж ирүүлсэн прокурорын яллах дүгнэлтийг шүүх хүлээн авч залруулах үндэслэлгүй, энэ нь техникийн шинжтэй “алдаа” биш, хуулийг зөрчсөн зөрчил гэж үзэж прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Санамж: Энэ хураангуй нь шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх зорилготой болохыг тэмдэглэв. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалын дэлгэрэнгүйтэй https://shuukh.mn/ холбоосоор танилцана уу.
Хураангуй бэлтгэсэн: Нийслэлийн Эрүүгийн хэргийн
давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч
Сэтгэгдэл үлдээх