Цэс Close

Суманд ажиллаж буй төрийн захиргааны албан хаагчдад мөнгөн урамшуулал олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийхдээ Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.1, 42.2.3-т заасны дагуу зарчмын зөрүүтэй хоёр саналаар санал хураалт явуулахад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэдгийг онцлов.

Мөн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусган төслийн агуулга, зарчмыг алдагдуулахгүйгээр үг хэллэг, бүтцийн шинжтэй засварыг хийж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн гэж байлаа.

 Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан: Алслагдсан дүүрэг, бүх сумын төрийн захиргааны албан хаагчид мөнгөн урамшуулалд хамрагдахаар тусгагдсан эсэхийг лавлаж байлаа.

Ажлын хэсгийг төлөөлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн хариултдаа, Байнгын хороо хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулахдаа гишүүдээс гаргасан саналыг тусгасныг тодотгоод энэ хүрээнд хуулийн төсөлд бүх сумыг тэгш хамруулсаны зэрэгцээ суманд ажиллаж буй төрийн захиргааны бүх албан хаагчдад мөнгөн урамшуулал олгохоор болсон гэв. Мөн хэлэлцүүлгийн явцад гишүүдээс нийслэлийн алслагдсан дүүргийг хамруулах санал гаргасны дагуу Багахангай, Багануур дүүргийг хамруулсан төдийгүй одоо хураах зарчмын зөрүүтэй саналд Налайх дүүргийг нэмж оруулахаар тусгасан хэмээн хариулсан.

Ингээд Байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй хоёр саналын томьёоллоор санал хураалаа. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийг “51.3.Сум болон нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүрэгт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж мөн “төслийн 2 дугаар зүйлийн “2023” гэснийг “2024” гэж”  тус тус өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн.

Иймд хуулийн төслийг эцэслэн батлах бэлтгэл хангуулахаар Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах