Ш.Раднаасэд: Нэг хүнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Ерөнхий хяналтын сонсголын тайлан хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.
Тус асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүдийн зүгээс 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд ойрын хугацаанд олгох хэрэгтэй гэдэг байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: УИХ-ын чухал тогтоолыг хэлэлцэж байна. Хамгийн гол нь УИХ-ын тогтоол амьдрал дээр гараад хэрэгждэг байх ёстой. Нүүрсний хэрэг, хэдэн их наяд төгрөгийн орлого, оффтейк гэрээ, нийлүүлэлт гээд олон асуудал байгаа. Энэ тогтоол дээр оффтейк гэрээг байгуулахгүй байя, олон улсын хэмжээний гэрээ, хэлцэл байгуулах бол УИХ-аар хэлэлцдэг байя гэсэн саналуудыг тусгасан. "Эрдэнэс Тавантолгой" компани 2019 оны ногдол ашгаа бол өгсөн. 2020-2022 оны ногдол ашгаа олгоогүй. Тиймээс үүнийг олгох талаар тогтоолд тусгахыг хүссэн. Бүрэн эрхэт төлөөлөгч нарыг дээрх онуудад ногдол ашиг хэд болсныг УИХ-д тайлангаар тавиасай гэж хүсч байна. Мөн хоёр удаа бонд гаргасан. Энэ бондын зарцуулалтын тайланг сонсч, мэдмээр байна. Ногдол ашгаар дулааны станц барьж, төмөр зам байгуулна гэсэн ч станц нь баригдаагүй, төмөр зам нь ямар байдалтай байгааг бид мэдэж байгаа. Энэ заалтыг тусгаад ногдол ашиг өгөх талаар "Эрдэнэс Тавантолгойд" чиглэл өгөх ёстой гэж бодож байна.
УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: "Ерөнхий хяналтын сонсголд мэдээлэлтэй эрх мэдэлтэн, мэдээлэлгүй иргэд орж ирээд юм ярих боломж олдоогүй юм. Би сүүлийн үед ашигт малтмалтай холбоотой юмыг нийлээд сайн судалж үзлээ. Монгол Улсын хэмжээнд 1148 ашиглалтын лиценз байна. 3 сая 400 мянган хүн амд хуваахаар 2800 хүн тутам уул уурхайн нэг лиценз ашиглаж байна. Алт, зэс, жонш, төмрийн ашиг орлогууд хаана байна вэ. 1072 хувьцааны тухайд зөвхөн Эрдэнэс тавантолгойн эргэн тойронд ярьмааргүй байна. Хувьцааны ашгийг иргэдэд яаралтай өгөх хэрэгтэй. Өгөхдөө том зургаар нь тооцох олгох боломж бий. Өнөөдөр нэг хүнд ойролцоогоор хоёр сая орчим төгрөгийн ногдол ашиг олгох боломж ЭТТ-д бий. Аудит оруулсны үндсэн дээр оффтейк гэрээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ гэнэ үү. Энийгээ зогсоол доо. Хулгайгаа дахиад үргэлжлүүлэх гээд байгаа юм уу. 110 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсийг 60 ам.доллараар зарж дундаас нь ашиг олж байгааг яах вэ" гэв.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: "Ерөнхий хяналтын сонсголтой холбогдуулан тодорхой хууль журамд өөрчлөлт хийгдэнэ. Харин тэр болтол Засгийн газраас иргэдэд 1072 хувьцааны үр өгөөжийг өгөх тал дээр чиглэл өгөх хэрэгтэй. 1072 хувьцааны үр өгөөжийг дээшлүүлэх асуудал, өнгөрсөн жилүүдийн ногдол ашиг хуваарилах асуудлыг судалж, энэ дагуу арга хэмжээ авах хэрэгтэй. Болж өгвөл сар шинээс өмнө иргэдэд олгох хэрэгтэй. Нөхцөл байдал хэцүү байна. Монголын ард түмэн баялгийнхаа ашгийг хүртэх ёстой" гэв.
Сэтгэгдэл үлдээх