Цэс Close

Чуулган: Нийт мал сүргийн 9.1 хувь буюу 180 мянган тонн мах экспортлох боломжтой

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Н.Ганибалаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад хандаж “Махны экспортын тухай” тавьсан асуулгын хариуг сонсч байна.

Асуулгын хариуг ХХАА-н сайд Х.Болорчулуун хийсэн бөгөөд "2022 онд 71.1 сая тоо толгойд хүрч, жилд дунджаар 20 хувь буюу 15 сая толгой малыг хүнсэнд хэрэглэж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Орон нутгийн судалгаагаар 2022-2023 онд хүн амын хэрэгцээнд 12.8 сая толгой мал буюу 387 мянган тонн мах нийлүүлж, нийт мал сүргийн 9.1 хувь буюу 180 мянган тонн мах экспортлох боломжтой байна. 

Манай улс цар тахлаас өмнө 129,000 тонн мах экспортоор гаргаж байсан бол энэ хэмжээ 45 хувиар огцом буурсан. 

  • 2020 онд 38,800 тонн 
  • 2021 онд 21,800 тонн 
  • 2022 онд 16,000 тонн махыг экспортолсон байна. 

Хятад улс мах экспортлохыг хязгаарласан боловч олон удаагийн яриа хэлцэл хийсний үр дүнд 2022 оны арваннэгдүгээр сараас 2023 оны эхний сард 0.9 мянган тонн адууны мах, 0.8 мянган тонн дулааны аргаар боловсруулсан мах, нийт 1.7 мянган тонн мах экспортлоод байна. 

Цаашид экспортыг нэмэгдүүлж, гуравдагч орнуудад нийлүүлэх зорилгоор Ойрхи дорнод болон Зүүн Өмнөд Азийн орнуудын зах зээлийг судалж, халал аргаар бэлтгэсэн мах нийлүүлэхээр ажиллаж байна. Өнгөрсөн 2022 онд таван улсад 3.9 мянган тонн халал хонь, ямааны мах нийлүүлээд байна. Хятад улсад мах экспортлох эрхтэй 17 үйлдвэрийг чанар аюулгүй байдлыг бүрэн хангасан.

Цаашид 100 гаруй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрийг шалгаж, шаардлага хангасан 34 үйлдвэрийн нэрийг Хятадын гаалийн ерөнхий газарт хүргүүлсэн. Өнөөдрийн байдлаар есөн аж ахуйн нэгж Хятадын холбогдох байгууллагад мах экспортлох хүсэлтээ явуулсан. 

Үхрийн махнаас бусад нь тоо хэмжээ хязгаарлахгүй байхаар шийдвэрлэж, 24 аж ахуйн нэгж үхрийн махыг түүхий болон дулааны аргаар боловсруулахыг зөвшөөрсөн. Монгол Улс дэлхийн 22 улстай мах экспортлох чиглэлээр ажиллаж байна" гэв.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах