Цэс Close

Д.Цогтбаатар: Монгол Улсын иргэнийг казинод оруулахгүй гэдэг Үндсэн хууль зөрчсөн хэрэг

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Засгийн газраас өргөн барьсан Казиногийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гишүүд асуулт асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Д.ЦОГТБААТАР: -Казинод монгол иргэнээ оруулахгүй гэсэн. Монгол Улсын хууль үйлчилж байгаа газарт Үндсэн хуулийн дагуу монгол хүн ямар нэгэн байдлаар гадуурхагдах ёсгүй. Монгол Улсын иргэнийг заавал тийш нь оруулах гээд байгаа юм биш. Энэ улсад үйлчилж байгаа хууль иргэнийг гадуурхаж болохгүй. Тэр тусмаа өөрийнхөө улсын иргэнийг өөрийн улсын газар нутаг дээр гадаадын иргэний ард, хоёрдугаарт тавьж гадуурхаж болохгүй. Энэ бол Үндсэн хууль ноцтой зөрчих хэрэг болно. Энэ зөрчлийг яаж шийдэх юм бэ?

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.НЯМБААТАР: -Орчин цагийн хууль цаазын түүхэнд батлагдаад огт хэрэгжилгүй байж байгаад хүчингүй болсон ганцхан тохиолдол байдаг. Энэ нь 1998 онд батлагдсан Казиногийн тухай хууль. Казиногийн хууль тойрсон авлигын асуудлаас болоод түүнээс хойш монголчууд нийтээрээ казиногийн тухай бараг ярьж чадахаа больсон. Өнөөдөр бид аялал жуулчлалыг нэмэгдүүлэх, гаднаас ирж байгаа хүмүүсийг зугаа цэнгэлтэй аялалаар урин дуудах хамгийн том бүтээгдэхүүн бол казино. Казиногийн хоёр дахь том давалгаа буюу олон түмнийг жигшээсэн зэвүүцүүлсэн зүйл бол 2005-2006 онд болсон үйл явдал. Энэ нь Хууль зүйн яамнаас бооцоот, төлбөрт таавар тоглоомын журмаар казиногийн зөвшөөрөл олгосон явдал. Тухайн үед Улаанбаатар хотод борооны дараах мөөг шиг казинонууд байгуулагдсан. Автомат тоглоомын ширээнүүд, фокерын ширээнүүдтэй газрууд байгуулагдсан. Үүнээс болоод олон залуу мөрийтэй тоглоомонд донтож амьдрал ахуйгаа үрсэн. Нэг яамны төрийн нарийн бичгийн дарга яамныхаа ажилчдын цалингаар бүхэлд нь тоглоод ял авсан гашуун түүх бий. Тиймээс Үндсэн хуулийн хязгаарлалт гэдгийг харьцангуй утгаар ойлгох ёстой. Аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгохын тулд хязгаарлалттай казиног эхний ээлжид нээх нь олон залууг тоглоомонд донтохоос сэргийлнэ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах