Цэс Close

"Шувуу" ажиллагааны хүрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргалыг албадан авчирна

Засгийн газраас авлигатай тэмцэх хүрээнд "5Ш" ажиллагааг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд хийгдэх ажлуудын нэг болох "Шувуу” ажиллагаа өнөөдрөөс эрчимжиж байгааг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ. Шувуу ажиллагааны хүрээнд мөрдөн шалгах ажиллагаанаас гадаад улс руу оргон зайлсан этгээдүүдийг авчра юм байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан хүмүүсийг гадаад улсаас авчирч мөрдөн шалгах ажиллагааг хэвийн тасралтгүй үргэлжлүүлэх чиглэлээр хууль хяналтын байгууллагыг ажлаа эрчимжүүлэх чиглэл өгсөн. Шувуу" ажиллагааны хүрээнд гадаад улс руу оргон зайлсан 92 хүнийг авчрах бөгөөд өнөөдрөөс энэхүү ажиллагаа эрчимжиж байгааг мэдээллээ.

Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар: "Хууль зүй, дотоод хэргийн яамнаас прокурор, АТГ, ТЕГ, ЦЕГ-т албан бичиг хүргүүлсэн. Албан бичигт дурдсаны дагуу нийтдээ мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан 90 хүн байна. Үүнээс авлига албан тушаалын гэмт хэрэгт шалгагдаж байхдаа оргон зайлсан долоон хүн байна. Өнөөдөр хоёр хүн нэмэгдэнэ. Энэ нь иргэн Т.Бадамжунай, Н.Удаанжаргал нар буюу хэрэг бүртгэлтийн шатанд яллагдагчаар татагдахаас өмнө гадагшаа гарч явсан. 

Нийтдээ 92 хүнийг гадаад улсаас авчрах ажлыг зохион байгуулахаар болж байна.

Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, Тугчингийн Болормаа, Тэгшбаярын Ариунболд, Отгонбаатар, Мөнхзул  нарыг эрэн сурвалжилж байна. Тэд мөрдөн шалгах ажиллагаанаас оргон зайлсан тул ГХЯ-ны тусламжтайгаар авчирна.

Өнөөдөр би улсын Ерөнхий прокурорт албан бичиг хүргүүлнэ. Учир нь тэдний авсан, таслан сэргийлэх арга хэмжээ хэрэгжихгүй байна. Хилээр гарахыг нь хориглосон ч гараад явчихсан. Цаашид энэ чиглэлд ямар арга хэмжээ авч болох, мөрдөгчийн саналаар энэ хүмүүсийн гадаад паспортын хөдөлгөөнд хязгаар тогтоох  боломж байна уу гэсэн агуулгатай албан бичиг илгээлээ. Мөрдөгчийн санал ирвэл УЕП эдгээр хүмүүсийн паспортыг түдгэлзүүлнэ. Хууль зүйн сайд сайд дур мэдэн иргэдийн гадаад паспортыг түдгэлзүүлэх эрхгүй.  

Монгол Улс 23 улстай эрх зүйн харилцан туслах гэрээтэй. Эдгээр улсаас харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтүүдийг дахин явуулах гэж байна.

Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа 90 хүнээс 22 хүнийг улаан булантад зарлуулсан бол үлдсэн хүнийг хөх буландат зарласан. Энэ үйл ажиллагааг дахин эрчимжүүлнэ. Дээрх хүмүүсийн аль улсад амьдарч буй талаарх мэдээлэл бий. Нэрсийг өгч уншиж, болно. Энэ бол нууц биш. Тухайлбал, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Т.Бадамжунай, Н.Удаанжаргал, н.Үржинбадам гэх цагдаагийн хэлтсийн дарга байсан хүн бий. Энэ хүмүүс  АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. С.Төмөрбат, Х.Болортуяа, Т.Отгонбаатар, Б.Мөнхзул, Т.Даниэль гэх мэт хүмүүс мөн АТГ-д шалгагдаж байхдаа оргон зайлсан. Ц.Учрал гэх хүн хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдээд оргон зайлсан.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн тухайд 2019 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Буянт-Ухаа боомтоор гарсан. Н.Удаанжаргал, өнгөрөгч намар БНСУ чиглэлд явсан. Т.Бадамжунай 2018 онд Замын-Үүд боомтоор гарсан.

Одоогоор Ч.Сайханбилэг АНУ-д байгаа гэх мэдээлэл бий. Зарим тодорхойгүй хүмүүс бий. Бид гадаад улсад мөрдөн шалгалт явуулахдаа зөвхөн ЭСЯ-ны байранд ажиллагааг явуулна. Өөр улсад дайчлан баривчилгаа хийх эрх бидэнд байхгүй. Өмнө нь Б.Хурц гадаад улсад ажиллагаа явуулсны улмаас хоригдон, гадаад харилцаанд асуудал үүссэн тул тэр алдааг давтахгүй" гэж мэдээллээ.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах