Цэс Close

Т.Аюурсайхан: Намайг баримт, нотолгоогүйгээр буруутгасан, зохиомол хэрэг үүсгэсэн үзэж байгаа

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас УИХ-ын гишүүн Т.Аюурсайханыг чөлөөлөх тухай захирамж гаргасан тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танилцуулгыг сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат: “Ямар асуудалд холбогдсон болоод энэ сайдыгаа Засгийн газрын гишүүнээс чөлөөлж байна вэ. Тангаргаа өргөөд сайд болдог, удалгүй халдаг, сольдог боллоо. Энэ асуудалд Ерөнхий сайд ямар байр суурьтай байна вэ. Хоёрт, Т.Аюурсайхан сайдаас гадна УИХ-ын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д гаргасан юм байна гэж ойлгосон. Нийгмийн сүлжээнд энэхүү хүсэлт нь тавигдсан байсан. Гэтэл УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлт нь хаана очоод замхарчих вэ?

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Би өөрийнхөө хүсэлтээр Засгийн газрын гишүүнээс чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад гаргаж өгсөн. Нөхцөл байдлыг та бүхэн мэдэж байгаа. Прокуророос надад хэрэг үүсгэсэн. Нүүрсний хулгайн хэрэгт би холбогдол байхгүй.  Надад хэрэг үүсгэсэн прокурорын дүгнэлттэй санал нийлэхгүй байгаа. Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, бусдыг элсүүлэх гэсэн зүйл ангиар буруутгаж байгаа. Баримт, нотолгоогүйгээр буруутгасан, зохиомол хэрэг гэж үзэж байгаа.

Ийм нөхцөл байдал үүсээд байхад хэн хүлээн зөвшөөрөх билээ. Шат шатанд нь гомдол гаргаад явж байна.

Өөр нарийн ширийн зүйл ярих боломжгүй байна. Энэ салбарт хийж хэрэгжүүлэх их ажлыг дэмжиж өгсөн та бүхэндээ талархаж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын экспортын 93 хувь уул уурхайн дөрвөн бүтээгдэхүүн дээр тэр дундаа нүүрс, зэсийн экспорт дээр тогтдог. Нүүрс, зэс гэдэг хоёр том бүлэглэлтэй болсон байна. Бүгдийг худалдаж авч, барьцаалах гэсэн бүлэг бий болсон. Дараа нь шүүхийн томилгоонд нөлөөлсөн. Зарим төрийн албан хаагч архи хундаглаад зогсч байдаг зүйл рүү халтирч орсон.

Нүүрс дагасан мафийг ил болгохоос аргагүй. Энэ асуудлыг ил болгосноор төсөв хэрхэн давж биелж байгаа биелэлтийг хараарай. Одоо ч амар биш байна. Биржээр гарахад хүндрэл гарч байна. Ил далд олон асуудал үүсч байгаа. Гэхдээ бид ингэж байж асуудлыг цэгцэлнэ. Цаашлаад эдийн засаг төрөлжинө. 15-20 жилийн хугацаанд энэ хоёр бүтээгдэхүүн ил тод байхгүй бол шударга ёс ярихад хүнд. Энэ нөхцөл байдлыг өөрчилье. Энэ дээр МАН байна уу, АН байна уу хамаагүй.

Т.Аюурсайхан сайдын хувьд прокуророос яллагдагчаар татагдсан. Энэ явж байгаа үзэл санааг дэмжиж байна, ажлаа өгөөд шалгуулъя гэсэн. Би ч бүлэг дээрээ “Хэрвээ ямар нэг зүйлд холбогдвол ажлаа өгөөд шалгуулаарай” гэсэн.

Т.Аюурсайханыг Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдаас чөлөөлсөн Ерөнхий сайдын захирамжийг сонссоноор өнөөдрийн чуулган түр завсарлалаа. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах