Монгол Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нар Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хороог хуралдуулах бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр (2023.05.19) холбогдох хүмүүстэй уулзаж, санал солилцлоо. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлуудыг судалж шийдвэрлэх, эрх нь зөрчигдсөн иргэдийн талд холбогдох арга хэмжээг авч ажиллах чиглэлээр хугацаатай үүрэг өгсний дагуу уг уулзалтад Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунан, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч Ч.Мөнхсайхан болон албаны хүмүүс оролцсон юм.
Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, хүний эрхийн дэд хорооны хуралдаанаар үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх заяагдмал эрхийг зөрчиж, баривчлах, цагдан хорих ажиллагаа явуулсан хэд хэдэн тохиолдлуудыг авч хэлэлцэн, сонсох ажиллагаа явуулах саналтай байгаагаа онцлов. Түүнчлэн, эрх нь зөрчигдсөн иргэдийг хамгаалж, цаашид хууль эрх зүйн орчинг илүү боловсронгуй болгохын тулд уг хуралдаанаар тогтоолын төсөл боловсруулж танилцуулах учраас төр, иргэн, олон нийтийн байгууллагын жигд төлөөллийг оролцуулах хэрэгтэй гэж дурдлаа.
