Цэс Close

УИХ-ын гишүүдийн тоо 126 болсноор ямар давуу талууд үүсэх вэ?

УИХ 126 гишүүнтэй байхаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулж баталсан. Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд 126 гишүүн сонгогдохоор болов.  УИХ 78+48=126 болсон нь зөвхөн тооны биш чанарын өөрчлөлт болж буй.

УИХ-ын гишүүдийн тоог 126 болсноор ямар давуу талууд үүсэх вэ?

Нэг. Парламент, Засгийн газарт хяналт тавих боломж бүрдэнэ

Одоогийн УИХ-ын 76 гишүүний 19 нь Засгийн газрын сайдаар томилогдож давхар дээлтэй болоод байгаа юм. Үүнээс үүдэн парламентын гишүүд Засгийн газартаа хяналт тавих боломж хомс. Иймээс УИХ-ын гишүүний тоог 126 болгосноор парламентын гишүүд Засгийн газартаа барьцаалагдах биш хяналт тавих бүрэн боломжтой болно хэмээн үзэж байгаа.

Хоёр: Судалгаатай, чанартай хууль батлагдана

УИХ-ын 76 гишүүн олон байнгын хороонд харъяалагдаж байгаагаас үүдэн судалгаа, нотолгоогүй хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэж байна гэдгийг гишүүд хэлдэг. Одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг, цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг зэрэг сул тал олон байна. Дээрх хувилбараар, гишүүдийн тоог нэмснээр нэг байнгын хороонд нэг гишүүн харьяалагдаж  чанартай хууль батлах боломж бүрдэх юм.

Гурав: Тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг руу

УИХ-ын 126 гишүүнтэй болж, 60:40 гэх холимог тогтолцоог нэвтрүүлснээр тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг илүүд тооцогдох цаг ирнэ гэж үзэж байна. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай.

Дөрөв: Иргэдийг төлөөлөх чадвар сайжирна 

Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлж байгаа бол орон нутагт 25-30 мянган хүнийг төлөөлж байгаа учраас нэг УИХ-ын гишүүн ижил тооны сонгогчыг төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд 76 гишүүний нэг байж кнопоо үнэд хүргэх гэсэн оролдлого гэх шүүмжлэл ч парламентын танхимд өрнөсөн юм.

Тав:Олон намын тогтолцоотой болно 

Монгол Улс ардчилсан засаглалтай болж олон амын тогтолцоог бүрдүүлсэн 1990 онооё хойш өнөөдрийг хүртэл МАН, АН гэсэн улс төрийн ууган хоёр хүчин төрийн эрхийг ээлжилж атгасан гэж болно. Улмаар сүүлийн найман жил нэг нам хэт олонх болж төрийн эрх барьснаар засаглалын хямрал нүүрлэж байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоогоо өөрчилснөөр солонгорсон парламент бүрдэж олон ургальч үзэл төрийн бодлого шийдвэрт тусах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Асуудлаа парламентын гадна гудамжинд ярьдаг биш парламент дотроо ярих боломж бүрдэх юм. Ингэснээр парламентын засаглал бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж  байна.

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах