Цэс Close

Чуулган: УИХ-ын Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн танилцууллаа.

Хуулийн төсөлд тойрог бүрд нэр дэвшигчийн зурагт хуудсыг байрлуулсан нэгдсэн самбартай байх, нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ хандив, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох, нийгмийн төлөөллийн оролцоог бүрэн хангах, жагсаалтаар нэр дэвшигчдийн сурталчилгааг нам эвслийн сонгууль эрхэлсэн байгууллага явуулах, сонгогчдын нэрийн жагсаалтыг цахимаар хоёр удаа нягтлан шалгах зэрэг асуудлыг тусгасан байна.

Тойрогт нэр дэвшигчдийн 30-аас доошгүй хувь нь аль нэг хүйсийнх байхаар төсөлд тусгасныг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, С.Одонтуяа, М.Оюунчимэг, А.Адьяасүрэн, Т.Доржханд, Ж.Сүхбаатар нарын гишүүдээс "40-өөс доошгүй" болгож өөрчлөх зарчмын зөрүүтэй санал гаргасныг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Түүнчлэн хуулийн нэгтгэсэн төсөлд, нэг намын саналын босго гурван хувь, хоёр нам бүхий эвслийн босго таван хувь, гурав болон түүнээс олон нам бүхий эвслийнх долоон хувь байх, мөн жагсаалтаар болон тойрогт давхар нэр дэвшихгүй, намууд тойргийн мандатын 50 доошгүй хувьд нэр дэвшүүлэх, жагсаалтаар нэр дэвшигчдийн цахим хуудсыг бүртгэх, цахим орчинд явуулах сурталчилгааны зардал нам, эвсэл болон нэр дэвшигчээс сонгуульд зарцуулах зардлын 15 хувиас хэтрэхгүй байх зохицуулалтыг тусгаж байгаа юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах