Он гарсаар зам тээврийн осолд 555 хүүхэд өртсөж 37 нь амь насаа алджээ
Сонгинохайрхан дүүргийн Тахилт орчимд хурд хэтрүүлсэн жолооч гарцан дээр хоёр хүүхдийг мөргөж нэг нь газар дээрээ амь насаа алдсан харамсалтай тохиолдол гарсан билээ.
Тэгвэл тухайн осол гаргасан жолоочийг согтуу байсан бөгөөд автомашиндаа олуулаа байсан гэх мэдээлэл цахим орчинд тархаад байгаа юм. Бид энэ талаар ТЦА-ны УСХ-ийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодрууллаа.
Тэрбээр, Цагдаагийн байгууллагад есдүгээр сарын 21-ний өдрийн 12.41 цагт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр 33 дугаар хороо, Тахилт орчим буюу дөрөвдүгээр буудал дээр замын гарцаар гарч явсан хоёр хүүхдийг машин мөргөсөн гэх дуудлага мэдээллийг өгсөн. Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас шалгалт хийсэн. Тухайн осол гаргасан холбогдогч нь 1996 онд төрсөн 27 настай эрэгтэй. Ослын газар ажилласан алба хаагчид тухайн жолоочийг драгер багажийг үлээлгэж шалгахад согтолтын хувь тэг буюу эрүүл байсан. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учир өөр мэдээлэл өгөх боломжгүй байна гэлээ.
Ташрамд дурьдахад 2023 оны наймдугаар сарын байдлаар хүүхэд өртсөн зам тээврийн осол 529 гарснаас 555 хүүхэд хохирсон. Тэдгээрээс 37 хүүхэд амиа алджээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 8.2 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа боловч хүүхдийн нас баралт 37.2 хувиар буурчээ.
Сэтгэгдэл үлдээх