Нэгдүгээр сарыг дуустал автомашинууд улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно
Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор 2023 оны арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн. Тодруулбал, улсын дугаарын сүүлчийн орон нь сондгой тоо (1,3,5,7,9)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл Даваа, Лхагва, Баасан гарагт, тэгш тоо (0,2,4,6,8)-гоор төгссөн тээврийн хэрэгсэл Мягмар, Пүрэв, Бямба гарагт тус тус 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцох юм. Тухайн зохицуулалт Ням гарагт үйлчлэхгүй.
Дугаарын хязгаарлалтад
- Зохих зөвшөөрөл, тоноглол бүхий бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүний түгээлт, татан авалтын тээврийн хэрэгсэл
- Оршуулгад явж буй тээврийн хэрэгсэл
- Авто зам, хот тохижилт, шугам сүлжээний засвар, үйлчилгээний тээврийн хэрэгсэл
- Дипломат байгууллага болон гадаад улсын зочин, төлөөлөгчид үйлчлэх тээврийн хэрэгсэл
- Сургууль, цэцэрлэг, байгууллагын ажилчдыг тээвэрлэх үйл ажиллагаанд ашиглах тээврийн хэрэгсэл
- Нийтийн тээвэр, стандартын шаардлага хангасан такси үйлчилгээ
- Таних тэмдэг бүхий хэвлэл мэдээллийн байгууллагын тээврийн хэрэгсэл хамаарахгүй юм.
Бүсчлэлийн хувьд Таван шарын уулзвараас Офицеруудын ордон хүртэл, Дунд голын гудамж, Махатма Гандигийн гудамж болон Хан-Уулын И-Мартын уулзвараас дотогш 32-ын тойрог хүртэл тухайн хязгаарлалт үйлчилнэ. Дээрх зохицуулалттай холбоотойгоор нийтийн тээврийн үйлчилгээний сүлжээ, чиглэлийг шинэчлэн тогтоож, хүртээмжийг нэмэгдүүлэх арга хэмжээ авахыг Хотын дарга холбогдох албаныханд үүрэг болгоод байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Сэтгэгдэл үлдээх