МАН дотооддоо “зодоон”-той, араас нь Ерөнхийлөгч “хатгаас”-тай

МАН дотооддоо “зодоон”-той, араас нь Ерөнхийлөгч “хатгаас”-тай

Цар тахлын хөл хориотой энэ өдрүүдэд улс төрийн далд амьдралд ширүүрхэн үйл явлууд өрнөж байна. Долоо хоногийн эхээр Ерөнхийлөгч Х.Баттулга өрх бүрт нэг сая төгрөг өгөх саналыг Засгийн газарт хүргүүлсэн. Цар тахлын үед зах зээлд их хэмжээний бэлэн мөнгө нийлүүлснээр гэнэтийн савалгаа үүсч, валютын ханшийг барьж чадахгүй зэрэг сөрөг нөлөөтэй тул Ерөнхийлөгчийн саналыг хүлээж авахгүй гэж Ерөнхий сайд мэдэгдлээ. Иргэдийн сарын орлого, өдрийн хоолыг залгуулах гэсэн Ерөнхийлөгчийн санаачлагыг Ерөнхий сайд “мөнгөгүй, зах зээлд сөрөг нөлөө үзүүлнэ” гэсэн шалтгаанаар татгалзсан дүр зураг олон нийтэд харагдаж байгаа ч үүний цаана 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль угтсан улс төржилт өрнөж байна.  

УИХ-ын сонгууль Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх хоёрын тохироонд дээр явагдсан. Төрийн эрхийг МАН-д буюу У.Хүрэлсүхэд өгч улмаар ирэх жилийн сонгуульд Х.Баттулга өөрөө улиран сонгогдох тохироо хийсэн гэдэг. Гэтэл  Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн  нэр хүнд манай улсын бүх л улс төрчдөөс хамгийн өндөр байгаа. Үүнийг  далимдуулаад Ерөнхийлөгч болох нь зүйтэй гэж У.Хүрэлсүхийн дотны найз нөхөд, намых нь хамтран зүтгэгчид үзэж, түүнийг ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзүүлэхээр зүтгүүлж байна. Мэдээж өөрсдийн тохиролцооноос буцсан У.Хүрэлсүхийг харлуулах, нэр хүндийг нь унагах зорилгоор Ерөнхийлөгч Х.Баттулга оролдлого хийж эхэлсний эхний нүүдэл нь “иргэдэд 1 сая төгрөг” өгөх санал байлаа. Төрийн тэргүүний энэ саналд Ерөнхий сайд ихээхэн дургүйцэж яваа сурагтай. Өрх бүрт 1 сая төгрөг өгье гэсэн чинь У.Хүрэлсүх өгүүлсэнгүй гэдэг улс төр явна. Харин тэр мөнгийг нь өгчих гэхээр нэр хүнд нь У.Хүрэлсүхэд биш Х.Баттулгад очих учраас л “тэр даруйд нь татгалзсан” шийдвэрийг гаргаж байгаа юм. Улс төрд мөнхийн эрх ашиг бий болохоос мөнхийн нөхөрлөл байдаггүй гэдэг нь энэ л байх даа.   Улс төрд хослон тоглож байсан манай улсын нэг хоёрдугаар хүмүүсийн нөхөрлөл энэ хүрээд өндөрлөв бололтой.  

Я.Содбаатарын оронд  Ж.Энхбаярыг Шадар сайд  болгох уу

Төрийн өндөрлөгүүдийн тохирооны хажуугаар Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатарыг хувийн амбиц хөөгөөд байна гэж үзэн огцруулах санаархал явж байна. Түүний орыг залгах хүн нь Ж.Энхбаяр гэнэ.

Намын дарга ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн хэрэгтэй холбогдсон нэг ч хүнийг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж хэлснээр Ж.Энхбаяр, Я.Содбаатар нар нэр дэвшилгүй өнжсөн. Улмаар тэр хоёр УИХ-ын сонгуулиар  менежер хийх  МАН-ын арын албыг хамтран хашсан. Ингээд  МАН олонхи болж, сонгууль хариуцан ажилласан Я.Содбаатар шадар сайдын суудалд сууж, Ж.Энхбаяр Ерөнхий сайдын ахлах зөвлөх гэдэг албан тушаалтай үлдсэн. Тиймээс л ЖДҮ-тэй нэр холбогдож, шавартай зууралдсан нэр хүндээ өсгөхийн тулд Ж.Энхбаяр коронагийн үеийн нөхцөл байдлыг ашиглан идэвхийлэн ажиллаж байна. Түүнд нэр хүндээ өсгөх аятайхан боломж  гарч иржээ.

  Ингээд Коронавирусийн халдварыг улсдаа алдаж Бүх нийтийн бэлэн байдал зарласны дараа голомт болоод байгаа Дархан, Сэлэнгийн бүсэд Улсын онцгой комиссын Тусгай үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа юм.  Ингэж ажиллах хугацаандаа тэндхийн онцгой комиссын ажлыг чадварлагаар удирдаж, халдварын голомтод хариу арга хэмжээг яаралтай авснаар эерэг үр дүн гаргасан гэж харуулах явдал юм.  Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдын ахлах зөвлөх Ж.Энхбаяр Дарханд очоод ажиллахдаа Шадар сайд Я.Содбаатараас илүү хурдтай, илүү оновчтой шийдвэр гаргаж, багаа зөв зохион байгуулалтай авч явсан. Тиймээс Ж.Энхбаярыг  Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргаар томилуулъя гэдэг санал улс төрийн хүрээнд гараад эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор Засгийн газрын бүтцээр оролдох далд санаархал өрнөж байгаа.

Хотын дарга руу чиглэсэн генсек Д.Амарбаясгалангийн шидсэн “чулуу” хаана хүрэх бол…

Үүнээс гадна МАН-ын шинэ залуу лидерүүдийн тэмцэл, талцал туйлдаа хүрч байгаа. МАН-ын доторх талцлын нэг болох намын генсек Д.Амарбаясгалан, Д.Сумъяабазар нарын талцал орон нутгийн сонгуулиас өмнө эхлэлтэй.

Эргэн сануулахад… МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан хотын франк дахь өөрийн байр сууриа авч үлдэхийн тулд өөрийн гарын хүмүүсийг хот нэр дэвшүүлэх гэж оролдсон боловч Д.Сумъяабазар бууж өгөлгүй, өөрийнхөөрөө сонгуулийг зураглав. Улмаар нийслэлийн МАН-ын нэр дэвшүүлсэн 45 нэр дэвшигчийн 33 нь шинэ нэр дэвшигч байсан нь ийм учиртай. Гэтэл Д.Амарбаясгалангийн төсөөлөөгүй үр дүн буюу Д.Сумъяабазар ялалт байгуулж, ингээд сонгуульд ялж,  намын  хотын даргын суудлыг намын нөхөд болон Ерөнхий сайдын шахаанд орсноор авсан.  Д.Сумъяабазар хотын даргын албан тушаалыг аваад удаагүй байтал манай улс дотооддоо цар тахлыг алдсан үе таарлаа. Хотын даргын гаргасан шийдвэр Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэр уялдахгүй, зөрж байгааг бид харж байгаа. Энэ нь тэдний хагарал хэр хэмжээнд хүрснийг илтгэж байна.

    Хотын даргын нойр хоолоо хасан ажиллаж байна гэж хэлснийг иргэд ямбанд суучаад ялархлаа гэж шүүмжилж байгаа аль аль нь анзаарсан биз. Хотын намын хорооноос болж “чулуу шидсэн” Д.Амарбаясгалан энэ цагийг зүгээр хараад чимээгүй суухгүй л байх. Түүний зүгээс хотын дарга руу чиглэсэн улс төрийн давшилт хийх нь нэгэнт тодорхой болоод байгаа билээ.

Мэдээж эрх баригч намын албан тушаалын тохироо, талцлыг Ерөнхийлөгч хараастай, араас нь хатгаастай. Засгийн газрын гишүүдийг нэг нэгээр онилж, цаашдын хувь заяаг нь шийдэх алхамуудыг хийж эхлэх нь энэ.


Зөвлөмж!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд niitlel.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл хаягаар сэтгэгдэл бичигдэнэ.