Ерөнхийлөгчийг эцсийн замд нь үдэх үеэр 45 хүн нас барав
Танзанийн Ерөнхийлөгч Жон Магуфулиг эцсийн замд нь үдэх ёслолын үеэр эмх замбараагүй байдал үүсч, таван хүн нас барсан тухай мэдээ цацагдсан. Тэгвэл гуравдугаар сарын 21-нд Дар-эс-Салам Додома хотын стадионд болсон оршуулгын ёслолын үеэр нас барагсдын тоо таваар тогтохгүй бүр 45-д хүрсэн гэж хэвлэлүүд мэдээлж эхлэв.
Ерөнхийлөгчтэй салах ёс гүйцэтгэхийг маш олон хүн хүсч, зарим нь хүчээр дайрч орсноор стадион дотор хүмүүс чихэлдэн шахцалдаж, улмаар бие биен дээрээ гишгэж, эмх замбараагүй байдал үүсчээ.
Гуравдугаар сарын 17-нд Жон Магуфули 61 насандаа зүрхний шигдээсээр ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн юм. Танзанийн сөрөг хүчин Жон Магуфулиг коронавирусийн халдвар авч, хөрш Кенид эмчлүүлж байгаа гэж мэдээлснийг эрх баригч намынхан үгүйсгэж байжээ.
Жон Магуфули нь коронавирусийн цар тахлыг үл ойшоож, амны хаалт зүүхээс татгалзаж байсны зэрэгцээ түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед тус улсад коронавирусийн халдвар авсан иргэдийн тоог ч мэдээлэхийг хориглосон байлаа. “Би энэ гадаадын эрдэмтэн эмч нэртэй эрхмүүдэд огт итгэдэггүй” хэмээн Жон Магуфули мэдэгдэж байжээ.
Р.Гэгээ
Сэтгэгдэл үлдээх