Цэс Close

Супер лигээс гарахын тулд 150 сая евро төлөх ёстой

Европын хөлбөмбөгийн томоохон 12 клуб нэгдэж, дөрөвдүгээр сарын 19-нд Супер лигийг байгуулснаа зарласан.

Английн “Арсенал”, “Ливерпүүл”, “Манчестер Сити”, “Манчестер Юнайтед”, “Тоттенхэм”, “Челси”, Италийн “Милан”, “Интер”, “Ювентус”, Испанийн “Атлетико Мадрид”, “Барселона”, “Реал Мадрид”-ын хамтран байгуулсан энэхүү лиг нь олон нийт болон ОУХХ, ЕХХ-ны зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан тул ердөө хоёр хоногийн дараагаар Английн зургаан клуб лигээс гарах тухай зарласан.

Тэгвэл лигийг санаачлагч “Реал Мадрид”-ын ерөнхийлөгч Флорентино Перес “Эдгээр клубүүд Супер лиг байгуулна гэж гарын үсгээ зурцгаасан. Тиймээс зүгээр нэг гарчихгүй. Тэдэнд үүрэг хариуцлага гэж бий. Зарим нь дарамт шахалтанд ороод түргэхэн гарья гэлээ” хэмээн мэдэгдээд байна.

Германы хэвлэлүүдийн олж мэдснээр бол Супер лигээс гарахын тулд клуб бүр 150 сая евро төлөх ёстой гэнэ. Учир нь гарын үсэг зурсан гэрээн дээр ийм заалт байжээ. Гурван жилийн хугацаанд гэрээг зөрчихгүй, зөрчвөл 150 сая евро төлнө гэж заасан гэнэ.

Мөн “Реал Мадрид” болон “Барселона” Супер лигийг үндэслэгчдийн хувиар бусад клубүүдээсээ ахиу мөнгө хүртэхээр гэрээнд заасан нь ил болсон байна. Тодорхой өгүүлбэл, бусад клубүүдийн хүртэх урамшууллаас 60 сая евро илүү авахаар тохирсон байж.

15 клуб болгохын тулд Францын “Парис Сен-Жермейн”, Германы “Байерн Мюнхен”, “Боруссиа Дортмунд”-ыг нэмж оруулахаар ярилцсан ч эдгээр гурван клуб татгалзсан хариулт  өгчээ.

Р.Гэгээ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах