У.Хүрэлсүх: Монгол залуусын хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартын төмөр зам ашиглалтад орж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлтэд оролцож, үг хэллээ.
Тэрбээр... "Өнөөдөр манай улсын экспортын гол гарц болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг ашиглалтад оруулж, та бид хамтдаа энэ түүхэн үйл явдлын гэрч болж байгаадаа Төрийн тэргүүн, Улсын Ерөнхийлөгч туйлын их баяртай байна.
Монгол Улс тэртээ 1955 онд хуучнаар ЗХУ-ын инженер, техникийн ажилчдын тусламжтайгаар хойд, урд хилээ холбосон 1,111 км төмөр зам барьж ашиглалтад оруулж байсан бол 70 шахам жилийн дараа 5,000 гаруй монгол инженер, монгол залуусын ур ухаан, хүч хөдөлмөрөөр дэлхийн стандартад нийцсэн 240 км төмөр замыг бүтээн байгуулж ашиглалтад оруулж чадлаа.
Хөгжлийн энэ зам монголчууд бидэнд өндөр үр ашиг, өргөн боломж нээж, ирээдүйд хөтлөх үүд хаалга байх болно. Төмөр зам ашиглалтад орсноор экспорт нэмэгдэн, эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт өсөж, ард иргэдийн аж амьдрал, улс орны хөгжил дэвшилд асар их хувь нэмэр, боломж бололцоо бий болно.
Тухайлбал, Тавантолгойн уурхайгаас Ганцмод боомт хүртэлх экспортын ачаа тээврийн зардал дунджаар 4 дахин буурах нөхцөл, бололцоо бүрдэж байна.
Цаашдаа тээвэрлэлт жигдэрч, ачилтын байгууламж, хилийн төмөр зам бүрэн ашиглалтад орсноор ачаа тээврийн хүчин чадал 10 сая тн-оос 50 сая тн хүртэл нэмэгдэж, нүүрсний экспортын орлого 2 дахин өсөх боломж бүрдэнэ гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Мөн төмөр зам дагасан шинэ амьдрал бий болж, суурьшлын бүсүүд шинээр сүндэрлэн, ажлын байр нэмэгдэж, хот, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх амьдралын зам байх болно.
Төмөр зам ашиглалтад орсноор 2,000 орчим байнгын ажлын байр шинээр бий болж, Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээ 2-3 дахин нэмэгдэнэ.
Цаашид экспортыг нэмэгдүүлж, эдийн засгаа тэлэхэд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын хил холболтыг хийж, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын хэвийн үйл ажиллагааг бүрэн хангаж, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлэх шаардлагатай байна.
Эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг, даалгаврыг нэр төртэй биелүүлж, түүхэн бүтээн байгуулалтыг сэтгэл, зүтгэл гарган хамтран хэрэгжүүлсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” групп, “Инкон” болон дотоод, гадаадын дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгж, баялаг бүтээгчиддээ Монголын нийт ард иргэд, Монгол төрийн нэрийн өмнөөс дахин халуун баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх