Цэс Close

Л.Оюун-Эрдэнэ: Ирэх онд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээний чанарыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх зорилтыг дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны улсын төсвийн төслийг танилцууллаа. Ерөнхий сайдын танилцуулгад дурьдагдсан ирэх жилийн төсвийн талаарх онцлох заалтуудыг танилцуулж байна.

  • 2022 оны улсын төсөв цар тахлын хүндрэлийг даван туулахад зориулагдсан бол өнөөдөр өргөн барьж буй 2023 оны улсын төсвийн төсөл эдийн засгийг тогтворжуулж, макро тэнцвэрийг хангахад бүхэлдээ зориулагдлаа.
  • Олон улсын геополитикийн хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гадаад үнийн өсөлт, валютын ханшийн огцом өсөлт, дэлхий нийтэд үүсэж буй хүнсний хомсдол зэрэг эдийн засгийн хүндрэлүүдийг даван туулж, макро эдийн засгийг тогтворжуулах нь улс орон бүхний хувьд амаргүй сорилт болж байна.
  • Дэлхий даяар хүнс, эрчим хүчний үнийн огцом өсөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдлын улмаас сүүлийн 20-40 жил байгаагүй үнийн өндөр савалт үүсэж байна.

2023 оны улсын төсөв энэхүү өргөн баригдсан хувилбараар батлагдвал эдийн засгийн өсөлт таван хувьд хүрч, инфляц нэг оронтой тоонд хүрч буурч, экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх буюу 2019 оны түвшинд хүрч, төлбөрийн урсгал тэнцлийн алдагдал буурч, валютын ханш тогтворжиж чадна гэдэгт Засгийн газар бүрэн итгэлтэй байна.

Макро эдийн засгийн тэнцвэр хангагдсанаар хөрөнгө оруулалт, бизнесийн орчин сайжирч, иргэдийн орлого бодитоор өсөх суурь нөхцөл бүрдэнэ.

  • 2023 онд “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Аж үйлдвэржилтийн сэргэлтийн хүрээнд дэлхийд дөрөвт эрэмбэлэгдэх Оюу Толгойн Гүний уурхай ашиглалтад орж, Боомтын сэргэлтийн хүрээнд экспортын шинэ төмөр замын гарцууд бүрэн хүчин чадлаараа тээвэрлэлтээ эхлүүлснээр Монгол Улсын экспортын орлого түүхэндээ анх удаа 11 тэрбум ам.долларын босгыг давна гэж тооцоолж байна.
  • Ирэх төсвийн жилд Эрчим хүчний сэргэлтийн бодлогыг эрчимжүүлнэ. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Тавантолгой цахилгаан станц зэрэг олон жил гацсан бүтээн байгуулалтын ажлуудыг 2023 оны төсвийн жилд багтаж эхлүүлнэ. Амгалан Дулааны цахилгаан станц, Эрчим хүчний хуримтлуурын бүтээн байгуулалтыг 2023 онд багтаан ашиглалтад орно.
  • Төрийн өмчит компаниудын засаглал, үр ашгийг сайжруулж, хөрөнгийн зах зээлээр дамжуулж олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг ирэх онд идэвхжүүлнэ. Саяхан Төрийн банкийг олон нийтийн хяналтад оруулах ажил амжилттай хэрэгжүүлсэн бол Хөрөнгийн биржийг олон улсын жишигт нийцсэн нээлттэй компани болгох ажлыг ирэх жилийн төсвийн жилд багтаан зохион байгуулна.
  • Эрдэнэс Монгол компанийн бүтэц үйл ажиллагааг Баялгийн сангийн олон улсын жишигт нийцүүлж, өөрчлөн зохион байгуулснаар нүүрс, зэс, өнгөт металл, эрчим хүчний төслүүдийн бүтээн байгуулалтууд идэвхжиж, уул уурхайн шинэ төслүүдэд гадаадын шууд хөрөнгө оруулалтыг идэвхтэй татах боломжууд нэмэгдэнэ.
  • Уул уурхайн бүтээгдэхүүний бирж байгуулагдсанаар борлуулалт ил тод, нээлттэй болж, ашигт малтмал дагасан далд эдийн засаг, авилгын асуудал бүрэн цэгцэрнэ.
  • Хавтгайрсан халамжийг үе шаттай хязгаарлаж, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан төрийн албаны цалингийн тогтолцоог шинээр нэвтрүүлнэ. Төрийн жинхэнэ албан хаагчийн цалингийн 160 гаруй салангид шатлалыг 20 болгон бууруулж, олон улсын жишигт нийцүүлнэ.
  • Бид тойрогт шүтсэн тэгшитгэн хуваах зарчмаас илүүтэйгээр улс орны хөгжлийг тодорхойлох томоохон асуудлуудад төвлөрч ажиллах нь ирээдүйн Монголын хувь заяаг шийдэхэд нэн чухал юм.

Ирэх оны төсөвт нийслэл Улаанбаатар хотын нийтийн тээврийн парк шинэчлэл, үйлчилгээний чанарын асуудлыг цогцоор шийдвэрлэж, шинэ түвшинд хүргэх томоохон зорилтыг дэвшүүлж байна.

  • Сүүлийн 20 жил түгжрэл гэдэг ерөнхий сэдэв ярьж, багагүй хэмжээний санхүүжилтийг тэгшитгэн хуваарилсан боловч бодит үр дүн гарсангүй. Тиймээс цэцэрлэгийн сугалааны асуудлыг 2022 оны Төсвийн тодотголоор шийдвэрлэж чадсан шиг, 2023 онд нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэхийн төлөө хамтдаа хичээцгээе!
  • Нийтийн тээврийн чанар, хүртээмжийг олон улсын жишигт хүргэн сайжруулж чадвал түгжрэлийн эсрэг арга хэмжээ авах дараа дараагийн суурь нөхцөл бүрдэнэ. 2023 оны төсвийн жилд багтаж, нийтийн тээврийг сайжруулах цогц арга хэмжээнд Улсын Их Хурлын гишүүд Та бүхнийг идэвхтэй оролцож дэмжинэ гэдэгт итгэж байна. Иргэд, олон нийт, аж ахуйн нэгжүүдийг ч энэ асуудалд анхаарлаа хандуулж, хамтран ажиллахыг уриалж байна. Мөн нийтийн тээврийн зогсоолын асуудлыг нийслэл, дүүргийн төсөвт тусгаж ажиллахыг шат шатны Засаг дарга нарт үүрэг болгож, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдөд зөвлөж байна.
  • Хотын хэт төвлөрөл багасна гэдэг бол дагуул хотууд болон хөдөө орон нутгийн хөгжлийн асуудалтай салшгүй холбоотой. 2023 оны улсын төсөвт Хөшигийн хөндийн дагуул хотын бүтээн байгуулалтын дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхээр тусгалаа.
  • Орон нутгийн хөгжлийн бодлогыг дэмжих зорилтын хүрээнд орон нутгийг орон сууцжуулах дэд бүтцийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэж, орон нутагт ипотекийн зээлийн хүүг гурван хувьд хүргэхээр тусгав. Чадварлаг хүний нөөцийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд орон нутгийн төрийн захиргааны албан хаагчийн цалинг 20-100 хувь хүртэл үр дүнд тулгуурлан нэмэгдүүлэх ажлыг ирэх жилийн төсвийн жилээс эхлэн  зохион байгуулна.
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн хүрээнд дулаан, цахилгаан үйлдвэрлэх шинэ төслийг орлого олж эхэлсний дараачийн жилээс эхлэн гурван жил 90 хувиар, дараагийн гурван жил 50 хувиар татварын хөнгөлөлт үзүүлнэ. Нийслэл Улаанбаатар хотоос орон нутагт үйлдвэр, агуулахаа нүүлгэсэн, орон нутагт шинээр үл хөдлөх хөрөнгө бий болгосон, ажлын байр нэмэгдүүлсэн аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлнэ.
  • Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 21 аймгаас Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өмнөговь, Сэлэнгэ, Орхон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлж, бусад нь улсын төсвөөс татаас авч байна. Цаашид аймаг бүр төсвийн орлогоо бие даан бүрдүүлэхэд чиглэгдсэн хөрөнгө оруулалтыг Засгийн газар бодлогоор дэмжих болно.

Монгол Улс анх удаа 2023 оны төсөвт шинэ хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, зөвхөн өмнө нь эхлүүлсэн нийт төслүүдийг үр ашигтай дуусгах томоохон зорилтыг дэвшүүллээ. 2023 оны төсөв хэрэгжсэнээр өмнө нь эхлүүлсэн нийт төслийн 86 хувийг бүрэн дуусгаж, ашиглалтад оруулна.

  • 2022 оны төсөв Дотоодын нийт бүтээгдэхүүний 5.1 хувь буюу 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай байсан бол 2023 оны төсвийн алдагдал Дотоодын нийт бүтээгдэхүүний 2.8 хувь буюу 1.5 их наяд төгрөгтэй тэнцүү байхаар тооцож, 833.5 тэрбум төгрөгөөр алдагдлыг бууруулж, өргөн барьж байна.
  • Төсвийн алдагдал гэдэг бол Засгийн газрын өр юм. Тиймээс цаашид төсвийн алдагдалгүй улс болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн төсвийн сахилга баттай төр засаг болохын төлөө хариуцлагаа ухамсарлаж, хамтдаа хичээцгээе.
  • Сүүлийн хагас жилийн хугацаанд Хөгжлийн банкинд үүссэн эргэн төлөгдөөгүй зээлээс 766.5 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байна. Цаашид оны эцэс гэхэд нийт нэг их наяд төгрөгийг эргэн төлүүлэх болно.
  • Ингэснээр улсын төсөвт өрийн дарамт учрах эрсдэл үүсгээд байсан 2013 онд гаргасан “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 орчим сая ам.долларын өрийг Хөгжлийн банк бие даан төлөх боломж бүрдэж байна" гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах