Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг гүйцэтгэлийн санхүүжилтийн 340 сая төгрөгөөр УРОЛОГИ-АНДРОЛОГИЙН тасгийн их засварыг хийж, ашиглалтад оруулжээ
Улсын хэмжээнд бөөр, шээсний замын тусламж, үйлчилгээг үзүүлдэг Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг Урологи-Андрологийн тасагтаа их засвар хийж, ашиглалтад орууллаа. УНТЭ-ийн хувьд анх удаа гүйцэтгэлийн санхүүжилтийн орлогоос 340 сая төгрөгийг эмнэлгийнхээ ая тухтай орчинг бүрдүүлэхэд хөрөнгө оруулж, ийнхүү Урологи-Андрологийн тасагт иж бүрэн засварыг хийж гүйцэтгэжээ. Тус тасгаар жилдээ 3000 орчим иргэн үйлчлүүлэхээс гадна 2800 орчим иргэн дурангийн болон нээлттэй мэс засалд ордог аж.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар урологийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд 3.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэн 15 аймагт бөөрний дуран, 8 төрлийн мэс засал, 4 төрлийн оношилгоог хийх бүрэн боломжийг бүрдүүлжээ. Үүний үр дүнд УНТЭ-ээр энэ төрлийн тусламж үйлчилгээ авах иргэдийн очер дараалал, ачаалал эрс буурсан үзүүлэлт гарчээ.
УНТЭ-ийн Урологи-Андрологийн төв нь 9 эмч, 14 сувилагч, 5 туслах сувилагчийн хамт ард иргэддээ тусламж, үйлчилгээгээ үзүүлж, бөөр шилжүүлэн суулгах 25-30 мэс заслыг хийж гүйцэтгэж байна.
Ташрамд дурдахад Улсын Нэгдүгээр Төв эмнэлэг нь гүйцэтгэлийн санхүүжилтээр олон ажлыг хийж, хэрэгжүүлсэн. Тухайлбал, иргэдэд чанартай тусламж, үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ерөнхий мэс заслын хоёр тасгийг засварлах ажлыг эхлүүлсэн бол ажилчдын оффисийг шинээр тохижуулах ажлыг энэ ондоо багтаан дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж. Түүнчлэн нийт ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд үндсэн цалингаа 50 хувиар нэмэгдүүлэхээс гадна, 33 ажилтанд орон сууцны урьдчилгаа болох тус бүр 30 сая төгрөгийг олгоод байгаа юм.
Сэтгэгдэл үлдээх