Цэс Close

АБГББХ: ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг дэмжлээ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2022.11.01) хуралдаан 11 цаг 25 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж,  нэг асуудал хэлэлцэн шийдвэрлэв.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хэлэлцэх асуудлыг танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр өргөн мэдүүлсэн, Зэвсэгт хүчний жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцлээ.

Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар танилцуулсан. Тэрбээр танилцуулгадаа, Довчинсүрэнгийн Ганзориг өөр ажилд томилогдож байгаатай холбогдуулан албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 8 дахь хэсэг, Зэвсэгт хүчний тухай хуулийн 11.1.10 дахь заалтыг үндэслэн Сүнрэвийн Ганбямбыг Зэвсэгт хүчний Жанжин штабын даргаар УИХ-тай зөвшилцөн томилох тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг танилцуулж байгааг дурдав.

С.Ганбямба нь 1975 онд Улаанбаатар хотод төрсөн, 1983-1993 онд Нийслэлийн 33 дугаар дунд сургууль, 1993-1997 онд Цэргийн их сургуульд “Артиллерийн команд-тактик”-ийн мэргэжил эзэмшин цэргийн ухааны бакалаврын зэрэг, 2007-2009 онд Батлан хамгаалахын удирдлагын академид “Стратеги-тактик, команд штаб”-ын мэргэжил эзэмшиж, цэргийн ухааны магистрын зэрэгтэй, “Онцгойлох үнэлгээтэй” тус тус төгссөн.

2017-2019 онд Оросын Холбооны Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын академийг “Төрийн цэргийн аюулгүй байдал” мэргэжлээр суралцаж төгссөн бөгөөд одоо Үндэсний батлан хамгаалах их сургуулийн докторантурт суралцаж байна.

Бригадын генерал С.Ганбямба нь Бүгд Найрамдах Турк Улсад 2003 онд “Энхийг сахиулах ажиллагааны анхан шатны дамжаа”, 2006 онд “Батальоны захирагчийн дамжаа”,  2014 онд Канад Улсад “Англи хэлний анхан шатны дамжаа”-г тус тус дүүргэжээ.

Тэрбээр, 1997-2000 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид салааны захирагч, 2000-2001 онд Зэвсэгт хүчний 120 дугаар ангид батарейны захирагч, 2001-2006 онд Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуульд ротын захирагч, 2006-2007 онд Зэвсэгт хүчний 327 дугаар ангид артиллерийн дарга, 2009-2012 онд Батлан хамгаалахын удирдлагын академийн Цэргийн стратегийн тэнхимд багш, ахлах багш, 2012-2013 онд  Батлан хамгаалах яаманд тасгийн дарга, ахлах мэргэжилтэн, 2013-2017, 2019-2020 онуудад Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газарт Орон нутгийн хамгаалалт, улсын дайчилгааны хэлтсийн дарга, 2020-2021 оны 9 дүгээр сар хүртэл Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга, 2021 оны 9 дүгээр сараас Зэвсэгт хүчний Жанжин штабын 1 дүгээр орлогч даргаар томилогдон ажиллаж байна.

Мөн 2010-2011 онд Афганистан улсад Артиллерийн сургалтын хөдөлгөөнт багийн 11 дүгээр ээлжийн багийн захирагчаар үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Цэргийн их сургууль, Батлан хамгаалах удирдлагын академи, ОХУ-ын Жанжин штабын академийг төгсөж, цэргийн боловсролын хувьд оператив-стратегийн түвшинд ажиллах шаардлагыг бүрэн хангаж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний анги байгууллага, Цэргийн сургууль, Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв болон Цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, энхийг дэмжих ажиллагаанд цэргийн багийг удирдан оролцсон, Зэвсэгт хүчинд тасралтгүй 29 жил албаа нэр төртэй хааж буй тэргүүний дээд офицер гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга танилцуулгадаа дурдсан.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Адьшаа, Б.Баттөмөр, Д.Ганбат, Н.Энхболд, Ц.Сэргэлэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Доржханд, Б.Энх-Амгалан нар асуулт асууж, санал хэлсэн.

Гишүүдийн зүгээс Зэвсэгт хүчний жанжин штабын даргаар батлан хамгаалах салбарт болон цэргийн мэргэжлийн дээд удирдлагын байгууллагад шат дараалан ажилласан дадлага, туршлагатай, шалгуур хангасан хүнийг томилох санал оруулж ирж буйг дэмжиж байгаагаа илэрхийлэхийн зэрэгцээ цэргийн дүрэмт хувцасны хавтгайрсан хэрэглээг цэгцлэх, орон нутагт байгаа цэргийн ангиудын барилга байгууламжийг шинэчилж сайжруулах, зэвсэгт хүчний техникийн хангалт, шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлыг зохих хүрээнд шат шатны удирдлагууддаа сайн ойлгуулж, ажиллахыг захиж байлаа.

Мөн хугацаат цэргийн алба хаагчдын сургалт үйл ажиллагааны талаар ар гэрт нь тогтмол нээлттэй мэдээлэл өгдөг болох арга хэмжээг зохион байгуулах,  цэргийн алба хаах хугацаанд нь давхар мэргэжил олгох сургалтуудыг холбогдох аймаг орон нутгийн байгууллага, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй хамтарч зохион байгуулахад анхаарч ажиллахыг хүсэв.

Түүнчлэн хугацаат цэргийн алба хаагчид эрүүл мэндээрээ хохирох, амь нас нь эрсдэж буй асуудлыг судалж үзэхээр дүрмийн бус харилцаанаас эхтэй байдаг. Иймд алба хааж буй залуучуудын эрүүл мэнд, амь насны асуудлыг цэргийн байгууллага бүрэн хариуцдаг учраас дунд, доод шатандаа дүрмийн бус харилцаа байх ёсгүй гэдгийг хатуу анхааруулж, ажиллах шаардлагатай гэж байлаа.

Ингээд ЗХЖШ-ын даргаар С.Ганбямбыг томилох саналыг байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 85,7 хувь нь дэмжлээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл нийтэд харагдахгүй.

Хуваалцах

Линк Хуулах

Хуулах