Ши Жиньпин ирэх хавар ОХУ-д айлчилна
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин БНХАУ-ын дарга Ши Жиньпинийг Москвад 2023 оны хавар төрийн айлчлал хийнэ гэдэгт найдаж байгаагаа өнгөрөгч баасан гарагт түүнтэй цахимаар уулзах үеэрээ илэрхийлжээ.
Ойролцоогоор найман минут үргэлжилсэн уг цахим уулзалтын үеэр В.Путин энэхүү айлчлал нь “Орос-Хятадын харилцааны ойр дотно, нягт байдлыг дэлхий дахинд илтгэн харуулна” хэмээн онцлон тэмдэглэсэн бөгөөд хоёр орны цэргийн хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлсэн байна.
Үүний хариуд Ши Жиньпин, Хятад Улс дэлхийн хэмжээнд “Хүнд хэцүү” нөхцөл байдал үүсээд байгаатай холбогдуулан Оросын талтай стратегийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байна гэжээ. Мөн тэрбээр барууны орнууд ОХУ-ын эсрэг урьд өмнө байгаагүй хориг арга хэмжээнүүдийг тогтоогоод байгаа бол Хятад Улс Москвагийн цэргийн ажиллагааг зэмлэн буруушаахаас зайлсхийж, харин энх тайвныг тогтоох хэрэгтэй хэмээн цохон тэмдэглэсэн байна.
эх сурвалж: Reuters
Сэтгэгдэл үлдээх