Гадаадын төрийн өмчит банк тусгай зөвшөөрөл хүсвэл Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авна
УИХ-ын чуулганы ээлжит хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцүүлгийг хийж байна.
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Гадаадын том хөрөнгө оруулалтыг дагаж гадаадын банкууд орж ирдэг. Оюутолгой-Рио Тинтог дагаж хоёр гадаадын банк орж ирэх гэж байсан. Гэтэл Рио Тинтогийн мөнгийг гадаадын банкинд байршуулж болно гэчихээр Монголд тэр банкууд орж ирэхгүй болчихож байгаа юм. Үнэт цаас гаргана гээд байгаа. Гадаадын зах зээл дээр үнэт цаас гаргаж босгоод өр нэмэхээр Монгол Улсын өр л нэмэгдэнэ. Хөгжлийн банк шиг асуудал үүсвэл энэ аюултай зүйл шүү.
Хууль гарсны дараа Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк зэрэг газрууд хяналт тавьж ажиллах ёстой шүү. Монголбанк хяналтаа сайн тавиагүйгээс Хөгжлийн банкны асуудал үүссэн шүү.
УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Гадаадын төрийн өмчит банк Монголд хөрөнгө оруулалт хийвэл аливаа нэг улсын хөрөнгө оруулалт 1/3-нээс илүүгүй байх ёстой гэсэн заалтын дагуу Гадаадын хөрөнгө оруулалтын хуулиар явна. Хэрвээ зөвшөөрөл хүсч, лимит хэтэрсэн байвал Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс санал авч байж Монголбанк шийднэ.
Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хуульд зааснаар гадаадын төрийн өмчит банк тусгай зөвшөөрөл хүсвэл Монгол Улсын Засгийн газраас буюу Эдийн засгийн хөгжлийн яамнаас урьдчилан зөвшөөрөл авна. Үнэт цаас гаргаж гадаад эх үүсвэрээс хөрөнгө татаж байгаа нь Монгол Улсын өрийг нэмнэ. Гэхдээ бид үүнд хязгаар тавиагүй. Гэхдээ энэ нь хөрөнгө оруулалт гэж бүртгэгдэг тул Хөрөнгө оруулалтын сангаас хяналтаа тавиад явна.
Сэтгэгдэл үлдээх