Алтан-Овооны их тахилгын үеэр юу юу болох вэ?
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилга наймдугаар сарын 4-6-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд болох гэж байна.
"Төрийн их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана" хэмээн зохион байгуулагчид хэлэв.
Тахилга наадмын үеэр 30 гаруй мянган хүн Дарьганга суманд ирнэ гэж тооцоолсон байна. Зочид төлөөлөгчдөд зориулан 100 гэр барьж, 50 ширхэг био 00 байршуулахаар болжээ.
ТАХИЛГА НААДМЫН НЭЭЛТ 8 ДУГААР САРЫН 4-НИЙ ОРОЙ БОЛНО
Алтан овооны энэ удаагийн тахилгаар Дарьганга өв, соёлыг олонд таниулах, сурталчлах, Дарьганга ястнуудын онцлогийг харуулах шийдлийг илүүтэй эрэлхийлж байгаа гэлээ. Энэ хүрээнд их тахилга наадмын үеэр нутгийн урчуудын үзэсгэлэн олон нийтэд дэлгэгдэх бөгөөд, үүнд “Тал нутгийн чулуун цадиг” нэртэй мөнгөн урлалын өв, уран зураг, гэрэл зураг зэрэг үзэсгэлэн дэглэгдэнэ. Эдгээр үзэсгэлэнгүүд соёлын нэг цогц болон нэг асарт гарах юм. Тахилгын нээлт 8 дугаар сарын 4-ний 20.30 цагт болох бөгөөд энэ өдрийн 22.30 цагт Эрдэнэмандал хийдийн лам хуврагууд 7 бурхан одны тахилгын зан үйлийг хийх ажээ.
ТАХИЛГЫН ХӨТӨЛБӨР ИРЭХ БААСАН ГАРАГТ ЭЦЭСЛЭН БАТЛАГДАНА
Алтан овооны тэнгэрийг тайх төрийн тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүд, бусад албаны хүмүүс ирж оролцоно.
Баяр наадмын хөтөлбөр урьдчилсан байдлаар гараад байгаа ч ирэх баасан гарагт эцэслэн батлагдаж нийтэд хүрэх юм.
АЛТАН-ОВООНЫ ТАХИЛГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД НЭГ ТЭРБУМ ГАРУЙ ТӨГРӨГ ЗАРЦУУЛАГДАНА
Алтан-Овооны их тахилгын үйл ажиллагаанд төсвөөс 485 гаруй сая, хандивлагчдын нийлсэн нэг тэрбум орчим төгрөг зарцуулагдана хэмээн зохион байгуулагчид хэллээ. Өнөөдрийн байдлаар 4 насны хурдан морины бай шагналын хандив төвлөрөөд байгаа бол хоёр насны морьдын бай шагналын асуудал яриа хэлэлцээрийн түвшинд байгаа ажээ.
200 ГАРУЙ ЗОЧИН УРИЛГААР ОРОЛЦОНО
Их тахилгын баяр наадамд урилгаар оролцох зочдод цахимаар урилга илгээжээ. Ингэхдээ Сүхбаатар аймаг байгуулагдсаны 80 жилийн ойн баярт оролцсон Хүндэт зочдын нэрсийн баазад үндэслэн тоог гаргасан байна.
Дарьганга суманд шинээр барьж байгаа наадмын талбайг тойруулан 18 асар байршуулах бөгөөд сум сумаараа асартаа сууж, тахилга наадмаа үзэх боломжийг бүрдүүлэхийг зорьжээ. Мөн наадмын талбайг тойруулан сум бүр өөрийн гэрээ барьж сумдынхаа иргэдэд үйлчилнэ.
ХАНДИВЛАГЧ, ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧДӨД ЗОРИУЛАН 100 ГЭР БЭЛДЖЭЭ
Алтан-Овооны их тахилгад хандив өргөсөн болон зочид төлөөлөгчдөд зориулан 100 гэр барихаар төлөвлөжээ. Эдгээр гэрт дээр дурдсан их тахилгад хандив өргөсөн болон Сүхбаатар нутгаас төрж гарсан Гавьяатууд болон төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлынхон байрлах ажээ.
50 ШИРХЭГ БИО АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖ БАЙРШУУЛНА
Тахилгын үеэр Дарьганга сумын тодорхой байршлуудад 50 ширхэг Био 00 байршуулахаар болжээ. 25 эм, 25 эр суултуур бүхий энэхүү био 00 үйлчилгээний хамт ирнэ. Уг тендерт шалгарсан компани цэвэрлэгээ үйлчилгээг хариуцах юм. Түүнчлэн Ерөнхийлөгч болон албаны хүмүүст зориулсан 10 ширхэг устай 00 бэлдэх ажээ.
ТАХИЛГА НААДАМД УРАЛДАХ МОРЬДЫН СЭРВЭЭНИЙ ӨНДРИЙГ ХЭМЖИНЭ
Тахилга наадамд зургаан насны морьд уралдана. Сонгомол нас уралдахгүй.
Уралдах морьдын сэрвээний өндрийг хэмжинэ хэмээн Хурдан морины салбар комиссын дарга хэллээ. Хуульд заасан хэмжээгээр уралдах зайг тогтооно.
8 дугаар сарын 5-ны өдөр азарга, соёолон, даага уралдана.
8 дугаар сарын 6-ны өдөр их нас, хязаалан, шүдлэн насны морьд уралдана.
Уралдах морьдыг 8 дугаар сарын 3-ны үдийн хойно бүртгэж эхлэх бөгөөд бүртгэл Дарьганга сумын ЕБС-ийн Спорт заланд явагдана. Энэ үеэр Алтан-Овооны наадамд зориулан хийсэн номерыг уралдаанч хүүхдүүд үнэгүй тараах ажээ.
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГЭРҮҮДИЙН ЭГНЭЭ БАЙРШЛЫГ СУГАЛААГААР ОЛГОНО
Тахилга наадмын үеэр 60-70 орчим хоолны гэр иргэдэд үйлчилнэ. Эдгээр гэрүүдийн эгнээ байршлыг сугалаагаар олгох ажээ. Энэхүү үйлчилгээ явуулах хүсэлтийг 7-р сарын 26-наас 8 дугаар сарын 2 хүртэл аймгийн Стандарчлал хэмжил зүйн хэлтэст авч байна.
АВТОМАШИНААС ХУРААМЖ АВАХГҮЙ
Зочдын гэрийн арын эгнээнд “З” зөвшөөрөл олгох бол наадам зохион байгуулах комиссуудын машинд “Ү” зөвшөөрөл олгоно. Бусад тээврийн хэрэгслүүд зөвшөөрөл авах шаардлагагүй, татвар хураамж ч авахгүй байхаар шийдвэрлэжээ.
ГАР УТАСНЫ СҮЛЖЭЭГ САЙЖРУУЛНА
Тахилга наадмын үеэр 30 гаруй мянган хүн Дарьганга суманд цуглана гэдэг урьдчилсан тооцоо гараад байна. Олон мянган хүний төвлөрлөөс үүдэж гар утасны сүлжээ унах, гацах асуудлаас сэргийлж, үүрэн холбооны оператор компаниудтай сүлжээгээ сайжруулах асуудлаар ярилцаж байгаа хэмээн Алтан-Овооны их тахилга наадмыг зохион байгуулагчид мэдээллээ.
Сэтгэгдэл үлдээх