Н.Учрал: Далд эдийн засгийг ил болгох Засгийн газрыг бодлогыг АМИЛУУЛНА
Засгийн газрын хуралдаанаар өнөөдөр 20 орчим асуудлыг хэлэлцсэн бөгөөд хуралдааны үеэр "Их өгөгдлийн сан байгуулах" асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна. Энэ талаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Засгийн газрын хуралдаанаар их өгөгдлийн сан байгуулах асуудлыг шийдвэрлэж, холбогдох албан тушаалтнуудад үүрэг өглөө. Их өгөгдөл гэдэг бол их дата гэсэн үг. Хиймэл оюун ухааны үсрэнгүй хөгжлийн үед датагаа цуглуулах маш чухал болж байна. Их датад суурилсан шийдвэр амьдралд биеллээ олдог. Үүнийг ил тод болгосноор бизнес эрхлэгчдэд үйл ажиллагаагаа явуулахад тус, дөхөмтэй. Хиймэл оюун ухаан өөрийгөө хөгжүүлдэг. Гэхдээ их датад суурилдаг учраас үүнийг шийдвэр гаргахад ашиглахаар ҮСХ, Цахим хөгжил харилцаа холбооны яам их өгөгдлийг бүрдүүлэх чиглэл авсан.
Их дата бол боловсруулаагүй мэдээлэл. Жишээ нь түгжрэлийг шийдэхийн тулд бүс тогтоох нь зөв үү гэдгийг их өгөгдөлд суурилж шийдвэрлэх ёстой. Цаашид эрүүл мэнд, боловсролын салбарт ч тэр шийдвэр гаргахад энэ дата өндөр ач холбогдолтой. Мөн иргэд болон хувийн хэвшлүүд ашиглах нөхцөлийг бүрдүүлэх ёстой.
Түүнчлэн төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан цахим төлбөр тооцооны шийдлийг нэвтрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байгаа талаар танилцуулга хийж, Ерөнхий сайд тодорхой чиглэлүүд өглөө. Цахим төлбөр тооцооны нэгдсэн шийдлийг төр, хувийн хэвшил хамтран нэвтрүүлэхээр ажиллаж байгаа.
Энэ хүрээнд иргэд гар утасныхаа камерыг нээгээд л хувийн хэвшлийн ч, төрийн ч ер нь аль ч байгууллагаар үйлчлүүлсэн QR уншуулаад л төлбөр, тооцоо хийх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Иргэд 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хаана ч энэ хэлбэрээр тооцоо хийх боломжтой болох юм.
Ингэснээр далд эдийн засгийг ил болгох Засгийн газрыг бодлогыг амилуулна. Мөн төрийн үйлчилгээтэй холбоотой орлого, зарлагын бүртгэл ил тод болж, иргэд олон нийт хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ гэлээ.
Сэтгэгдэл үлдээх