"Улаанбаатар смарт карт" ХХК-иас үйлчилгээ эрхлэгчидтэй дур мэдэн гэрээ байгуулсныг АТГ-т шалгуулахаар болжээ
"Улаанбаатар смарт карт" ХХК-иас иргэдтэй гурвалсан гэрээ байгуулж, автобусны буудал дээр ТҮЦ байршуулсан асуудлаар Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ТҮЦ эрхлэгчдийн холбооны төлөөлөлтэй уулзлаа.
Тодруулбал, нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрүүлэх зорилгоор Нийслэлийн Засаг даргын 2017 оны 26 дугаар хурлын тэмдэглэлийг үндэслэн Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2018 оны “U money” үйлчилгээний цэгийн байршлыг шинэчлэх тогтоох тухай тушаалаар нийслэлийн хэмжээнд нийт 124 байршлыг баталжээ. Улмаар төсөл хэрэгжүүлэгч “Улаанбаатар смарт карт” ХХК нь УБЗАА-тай гэрээ байгуулалгүйгээр зөөврийн байгууламжийн угсралтыг захиалан хийлгэж, үйлчилгээ эрхлэгчтэй дур мэдэн гэрээ байгуулсан байна. Мөн тухайн байгууламжууд нь Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулсан хэмжээ, загвараас зөрүүтэй, явган зам хааж байршуулсан, хориглосон бараа бүтээгдэхүүн /хүнсний болон түргэн гэмтэх бүтээгдэхүүн, тамхи/ худалдах зэрэг зөрчил дутагдал гаргажээ. Иймд илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгах, “U money” үйлчилгээний цэгийн үйл ажиллагааг зогсоох чиглэлээр 2019 онд Нийслэлийн Засаг дарга үүрэг өгч, “U money” үйлчилгээний цэгийн байршлыг хүчингүй болгох тушаалыг “Улаанбаатар смарт карт” ХХК-д хүргүүлсэн байна.
Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг “ТҮЦ-үүдийн байршлыг тогтоох нь дүүргийн Засаг даргын бүрэн эрх байх зохицуулалттай. Нийслэлийн зүгээс Улаанбаатар хотод стандартын шаардлага хангахгүй, гар дээрээс худалдаа үйлчилгээ эрхлэгийг хориглож байгаа. Үүнд холбогдох зөрчил, иргэдээс ирж буй санал гомдол маш их байгаа. Шөнийн цагаар согтууруулах ундаа борлуулах, эрүүл ахуйг хангахгүй хүнс худалдаалах, явган хүний зам талбайг хаах, нийтийн эзэмшлийн гудамж талбайг бохирдуулах гэх мэт. Тиймээс нийтийн эзэмшлийн зам талбай дахь стандартын шаардлага хангахгүй үйл ажиллагаа, худалдаа үйлчилгээг зогсооно” хэмээлээ. Мөн иргэдтэй гурвалсан гэрээ байгуулсан асуудлыг судалж, гэрээнд оролцогч талуудын мэдээллийг нэгтгэн Авлигатай тэмцэх газарт шалгуулна гэдгийг тэрбээр хэлсэн юм.
Сэтгэгдэл үлдээх